З.Энхболд: Төр үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, зах зээлийг нь хамгаална
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2015.07.04/ европ стандартаар евро блок үйлдвэрлэдэг МАК Хийт бетоны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын дарга З.Энхболд дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар тус үйлдвэрийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцав.

МАК Хийт бетоны үйлдвэр нь хоногт 900 куб метр евро блок үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд  энэ төрлийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний 30 гаруй хувийг хангах боломжтой. Шинж чанарын хувьд  хөнгөн, бат бэх, даац өндөртэй, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, шатдаггүй, дурын хэмжээсээр үйлдвэрлэх боломжтой гэдгээрээ онцлогтой болохыг УИХ-ын даргад танилцуулав.

Блокны найрлагад элс 60 хувь, цемент 20 хувь, шохой 15 хувь гөлтгөнө 5 хувь, хөнгөн цагаан 0.15 хувь ордог байна. Ингэснээр евро стандартыг бүрэн хангаж буйг тус үйлдвэрийнхэн онцлов. Ямар нэг хортой  химийн нэгдэл найрлагад нь ороогүй учраас евро блокыг хувийн орон сууц, үйлдвэр, сургууль, эмнэлэг, зочид буудал зэрэг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж барихад ашиглах боломжтой юм байна.  

МАК Хийт бетоны үйлдвэр одоогоор 90 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр дахин 60 ажлын байрыг бий болгох бололцоотой юм байна.Монгол Улс жилдээ 600 мянган метр куб бетонон блок импортолдог бөгөөд МАК Хийт бетоны үйлдвэр үйл ажиллагаа явуулснаар жилд 270 мянган метр куб бетоны хэрэгцээг хангах бололцоотой ажээ.

Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын дарга үйлдвэрлэлийг төрөөс дэмжих талаар МАК Хийт бетоны үйлдвэрийн удирдлагуудтай ярилцсан юм. Тэрээр хэлэхдээ, зах зээл чөлөөтэй байх ёстой, гэхдээ үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх үүднээс үйлдвэрлэлийг татварын бодлогоороо дэмжих шаардлага байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг олон улсын  жишгийн дагуу бид явах юм. Үйлдвэржилтийг дэмжих зохицуулалт бүхий “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл эцсийн хэлэлцүүлгийн шатандаа явагдаж байна. Энэ бодлогын хүрээнд Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн бүр ямар нэг тендерт давуу эрхтэйгээр оролцох зохицуулалт хийгдэнэ. Мөн татварын асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй. Татвартай холбоотой асуудлыг шийдэх эрхийг Засгийн газарт өгөх учраас үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дэмжих бүрэн боломжтой.

УИХ-ын 2015 оны хаврын чуулганы хугацаанд 888 төслийн хүрээнд үйлдвэржилтийн зээл авсан төслүүдийн явцтай танилцаж байгаа. Зээл авсан үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ гаргаж, амжилттай ажиллаж байна. Үр дүнд нь олон салбарт дэлхийн жишигт нийцсэн чанар, стандарттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж бүхий эдгээр үйлдвэр үүгээрээ Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм.

Засгийн газраас өнгөрсөн жилийн хугацаанд үйлдвэрүүд байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох байдлаар төрөөс дэмжиж ирлээ. Харин одоо амжилттай ажиллаж байгаа тэдгээр компаниудын бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжиж, гадаадын өрсөлдөөнөөс хаах талаар төрөөс анхаарах шаардлагатай юм байна гэлээ. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэл хөгжихийн хэрээр монгол хүн ажлын байртай, цалин авснаараа амьдарлын баталгаатай болж буйгаараа чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Guest 2015-07-05 16:59:11
    socialism ruu butsaj orj chadahgui shuu dee. Huseed huseed chadahgui odoo. Hezee.... haana...ter zah zeeliig hamgaalj chadaj baisan yum be? North Korea?
    68.146.21.250
    Мэдэгдсэн Хариулах