Ахмадууд 100 мянган төгрөгөөр сувилалд амрах боломжтой
Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу ахмадын зориулалттай амралт сувилалын газрыг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар жил болгон сонгон шалгаруулдаг билээ. Энэ жилийн сонгон шалгаруулалт болон ахмадуудын амралт сувилал, хөнгөлөлтийн талаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Хүн амын хөгжил, нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга М. Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Сонгон шалгаруулалт явагдаж дууссан уу. Хэзээнээс эхэлсэн бэ?

-2015 оны сонгон шалгаруулалт нэгдүгээр сард эхлээд дөрөвдүгээр сарын 8 гэхэд бүх байгууллагуудаа үнэлээд, сонгон шалгаруулалтаа хийсэн. Өнөөдрийн байдлаар 39 байгууллагатай гэрээ байгуулчихсан, үйл ажиллагаагаа явуулж байна.

 -Тухайлбал ямар ямар газрууд байгаа вэ?

-Бага баян Энхийн төлөө цогцолбор төв ТӨҮГ, ҮЭХ-ны Сонгино амралт, Элма Баян-Уул амралт, Самбарай ХХК-ний Төгөл амралт, Сайхан газар ХХК Сүүн сувилал, Молор трейд ХХК-ний Их тамир амралт зэрэг нийтдээ 39 амралтын газартай гэрээ байгуулаад хамтарч ажиллаж байна.

-Сувилалд амрахын тулд ахмадууд маань ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой юм бол?

-Ахмадууд маань амралтад амрахыг хүсвэл өөрийнхөө харьяа Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон сум, хорооныхоо нийгмийн ажилтнуудаас мэдээлэл авах бүрэн боломжтой. Мөн Нийгмийн халамжийн ерөнхий газрын болон хэлтсүүдийн веб сайтуудад яаж хамрагдах хийгээд амралт сувилалын газруудын мэдээлэл бүрэн тавигдсан байгаа.

Ахмадын амралтад зориулсан гурван төрлийн Засгийн газрын тогтоол хэрэгждэг. Тухайлбал, ахмадууд 10 хоног амрахад халамжийн сангийн хөнгөлөлт нь өдрийн 15000 төгрөг байхаар төсөвлөж өгдөг. Ахмадуудынхаа ачааллыг бодоод, мөн өнөөдрийн авч байгаа тэтгэвэр, тэтгэмжтэй нь уялдуулж ахмадууд нэг хоногт 25000 төгрөгөөр үйлчилгээ авахаар сонгон шалгаруулалтыг хийж амралтын газраа сонгосон. Тэгэхээр 10 хоногийн хугацаанд нийтдээ 250000 төгрөг төлөөд амарч болно. Амарч ирчихээд өөрсдийнхөө харьяа халамжийн хэлтсээс хөнгөлөлтөө авах боломжтой.

 Эсвэл өөрсдийнхөө төлөх ёстой 100 мянган төгрөгөө бэлнээр  нь авч очоод амрах боломжтой. Харин тухайн амралтын газар маань манай аймаг, дүүргийн нийгмийн халамжийн хэлтэстэй тооцоогоо хийгээд халамжийн сангийн хөнгөлөлтөө авах юм. Ингэхийн тулд заавал хэлтэс дээрээ ирээд илгээх бичиг буюу амрах эрхийн бичгээ авч очно. Бас нэг тогтоол нь, эмзэг давхаргын буюу хүнд хэцүү амьдралтай ахмадууд маань амрах өргөдлөө харьяа дүүргийнхээ халамжийн хэлтэст гаргах тухай юм. Шат шатны  Засаг дарга буюу сум, хороо багийн Засаг дарга нь тодорхойлолт гаргаж өгснөөр тодорхойлолтоо аваад хэлтэс дээр ирж хэлтсээсээ амрах эрхийн бичгээ аваад амрах боломжтой.

-Хичнээн ахмад энэхүү халамжинд хамрагдах боломжтой байдаг вэ?

-Жил болгоны улсын төсөвт яг энэ үнийн хөнгөлөлтөөр 20 орчим мянган ахмад амрах боломжтой гэж төсөвлөдөг. Ер нь 2014 оны жилийн эцсийн байдлаар 18 мянга орчим ахмадууд амарсан байгаа юм. Бид Засгийн газрын тогтоолоор маш олон сонголтуудыг ахмадууддаа гаргаж өгсөн. Тиймээс ахмадууд өөрсдийнхөө хүссэн амралтандаа амрах эрх нь нээлттэй. Мөн ахмадуудын амралтад хамрагдах тоо нь эрх зүйн орчин сайжирсантай холбоотойгоор нэмэгдэж байгаа.

-Өнөөдрийн байдлаар хичнээн ахмадууд амрахаар бүртгүүлсэн байгааг мэдэх боломжтой юу?

-Мэдэх боломжгүй байдаг. Учир нь 30 нэгж, есөн дүүрэг, 21 аймагт явагдаж байгаатай холбоотой. Бид жилийн эцэст гүйцэтгэлээ авдаг. Тэгэхээр оны эцэст үнэн зөв тоон мэдээллүүд гардаг.

-Хэзээнээс амралт сувилалдаа амрах боломжтой байдаг вэ?

-Зарим амралт сувилалууд  маань жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулдаг. Зуны гурав сард ажилладаг амралтууд маш цөөхөн байдаг. Ер нь бол одоогийн байдлаар бүх амралтууд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн, ажил нь жигдэрчихсэн ахмадууд маань амраад явж байгаа.

-Насны хязгаарыг хэдээс хэд гэж заах бол?

-Ахмадын нийгмийн хамгааллын тухай хуулиараа  55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэйг бид ахмад нас гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ насны хязгаараас дээш гарсан хүмүүс л амрах боломжтой. Түүнээс доош хүмүүст ямар нэгэн халамжийн амралт, сувилал байхгүй.
 
Монголын мэдээ
Э.Хөгжилсайхан
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine