Жонни Депп: Хачин этгээд дүр бүтээх нь сонирхолтой байдаг
Холливудын нэрт жүжигчин Жонни Депп “7D” сайтын сэтгүүлч Х.Моргантай өөрийн амьдрал, уран бүтээл, хайр дурлалынхаа талаар ярилцсаныг хүргэж байна. Өдгөө 50 настай жүжигчин үргэлж эрч хүчтэй байж, этгээд дүр бүтээх хүсэлтэй гэдгээ ярьжээ.

-Жонни таны сүйн бөгжийн талаар яриагаа эхэлье. Та сүйт бүсгүйдээ бөгж захиалсан ч одоо хүртэл түүнд харуулаагүй байгаа гэсэн...

-Энэ их тэнэг түүх л дээ. Өөрийн зурсан зургаар бөгж захиалах үедээ би бриллиантын талаар ямар ч ойл­голтгүй байсан. Одоо бага зэрэг гадар­лах бол­сон. Захиалсан бөгж маань ирээд үзтэл бриллиантан шигтгээ нь хүний нүд шиг том хэмжээтэй болс­ныг ха­раад Эмбер яаж ийм “бул чу­луу”-г өдөр бүр зүүж явах вэ гэж бо­доод үзүү­лээгүй далд хийсэн. /Инээв/. Да­раа нь дахиад өөрийнхөө зургаар арай нарийн хийцтэй бөгж зурж захиалсан. Уран дархны хийсэн тэр бөгж надад таалагдсан учраас Эмберт бэлэглэсэн. Өмнө нь хийлгэсэн хүнд бөгжөө одоо өөрөө зүүж байгаа. /Тэр­бээр гараа өргөж, том шигтгээтэй бөгжөө харуулав/. Одоогоор хэн ч на­майг яагаад эмэгтэй бөгж зүүсэн юм бэ гэж асууж зүрхлээгүй л байна. Хэт их гялалзах нь хүмүүст аятайхан мэдрэмж төрүүлдэггүй байх гэж боддог юм. /Инээв/.

-Таныг одоо гэрлэхээр шийдсэн гэж ойлгож болох уу?

-Сүйн бөгж зүүсэн хүн бүр гэр­­лэдэг­гүй шүү дээ. Гэхдээ би өөр сон­голт хийхгүй гэж бодож байгаа. Эмбер бол гайхалтай бүсгүй. Их ухаа­лаг, олон юм ярихгүй, түрийвчийг минь сонирхоод байхгүй. Ер нь тэр надад их сайнаар нөлөөлж байгаа. Надад хамгийн их хэрэгтэй хүн бол Эмбер гэж бодох болсон.

-Та Ванесса Парадигаас салснаа зарлахаас өмнө түүнээс харилцаагаа тасалсан гэж үнэн үү?

-Үнэнийг хэлэхэд бидний хамтын амьдрал сүү­лийн хэдэн жилд буд­лиантай болоод байсан. Бидний бүх ха­рилцаа салалтын ирмэг дээр бай­сан ч хүүхдүүддээ энэ байдлаа харуу­лахгүйг хичээсэн. Гэхдээ хүүхдүүдэд худлаа ярьж болохгүй шүү дээ. Зөвхөн үнэнийг хэлж, чин сэтгэлээсээ ярилцах нь тэдэнд очих хүнд цохилтыг арай зөөлрүүлнэ гэж бодсон. Ванесса бид хоёр охин Лили-Роуз, хүү Жектэйгээ их илэн далангүй ярилцдаг байсан. Хүүхдүүд маань биднийг ойлгож байгаагаа хэлсэн. Би тэднээрээ их бахархдаг. Ванесса бид хоёрын амьдралд сайхан он жилүүд байсан ч амьдралд бүхий л зүйл тохиолддог юм байна. Бид одоо сайн харилцаатай байдаг.

-Хүүхдүүдийнхээ ээж Ванессад та яагаад гэрлэх санал тавиагүй юм бэ?

-Хүн жил ирэх тутам ухаан суудаг юм шиг байна. Хөндлөнгөөс харахад Эмбер надад тохирох бүсгүй биш. Жүжигчид хамт амьдрах хэцүү. Гэхдээ түүнтэй анх ярилцаад ухаантайг нь биширсэн. Тэр их хүчтэй, гялалзсан бүсгүй. Түүнийг миний нэрийг ашиг­лахыг хүсдэг гэсэн хов жив ярьдаг. Миний нэр түүнд огт хэрэггүй. Би алдаа гаргаагүй гэж найдаж байгаа. Эмбер хүүхдүүдтэй минь сайн найзууд болсон. Бид хамтдаа аялж, гадуур зугаалахдаа их хөгжилтэй байдаг.

-Та дахиад хүүхэдтэй болохыг хүсч байгаа юу?

-Би Эмберийг жирэмсэн болох юм бол гэрлэнэ гэдгээ хэлсэн. Магадгүй бүдүүлэг сонсогдож байж болно. Эм­бер өөрөө шийдвэрээ гаргах биз дээ. Тэр хэрвээ хүүхэдтэй болохыг хүсвэл би баярлана.

-Гол дүрийг нь бүтээсэн “Transcendence” кинонд гардаг шиг та хүндээр өвдвөл тархиа компьютерт суулгая гэж бодох уу?

-Миний тархи компьютерийн бүх системийг дэлбэлнэ гэж айж байна. Муу санаа суусан болохоор хэнд ч хэрэггүй байх. /Инээв/ Өнөө үед тех­нологи их хүчтэй хөгжиж байгаа нь надад аймшигтай санагддаг. Гэхдээ технологийг дагаад анагаах ухаан хөг­­жиж, олон хүний амийг аварч бай­­на. Ээж минь тархины хавдартай болсныг саяхан оношилсон. Анагаахын ачаар ээжийн минь амь аврагдсанд би баяртай байгаа. Харин хөгжимчид 500 жилийн өмнө одоо үеийнхээс хавьгүй сайн тоглодог байсан болов уу. Мөн дээр үеийн арьсан хавтастай хуучин номнууд ямар сайхан үнэртэй байдаг билээ.

-Үзэгчид таны сүүлийн кино­нуу­­дыг сайн үнэлээгүй. Та урам ху­гарсан уу?

-Би аюулгүй дүр бүтээхийг хүс­дэггүй. Менежер маань намайг эрс­дэлтэй дүр бүтээхгүй байхыг хүсдэг ч би үгэнд нь ордоггүй. Хачин этгээд дүр бүтээх нь сонирхолтой байдаг. Жишээ нь, “Аlice in Wonderland” ки­ноны мал­гайчин юм уу, “Transcendence” киноны дүрдээ хайртай. Учир нь би амьдрал дээр этгээд байж чаддаггүй болохоор сонин санагддаг.

-Та залуу төрхөө яаж ийм сайн хадгалж чадаж байна вэ?

-Таргалахгүйн тулд өдөрт хэдэн литр ногоон цай ууна. Хан боргоцой, гүзээлзгэнэ зэрэг жимс их иднэ. Залуу насаа хадгалахын тулд сэтгэл зүрхээрээ хүүхэд шиг байх нь чухал. Хижээл настай хэрнээ хөнгөн шингэн хэдэн хүнийг мэднэ. Тэд хүүхэд шиг ааш зантай байхыг зөвлөдөг бөгөөд их сониуч, хөдөлгөөнтэй байдаг юм.

-Та ном унших дуртай гэсэн. Комьютер хэр сонирхдог вэ?

-Үнэндээ сонирхдоггүй. Комьютер надад огт хэрэггүй. Утас ч гэсэн нэг их хэрэгтэй биш. Би хаа нэгтээ явах бол гитар, пянз тоглуулагч, бичгийн хуучин машинаа авдаг. Их хуучинсаг хүн байгаа биз. /Инээв/ Хүүхдүүд маань ч компьютерийн талаар над­тай яриад хэрэггүйг мэднэ. Харин түүх, хөгжмийн хичээлийн гэрийн даал­гавраа хийхэд нь би тусалж чадна. Гитар тоглох нь миний нэг аз жаргал. Хүнд хэцүү үед намайг авардаг юм. Математик, технологийн талаар надтай яриад нэмэргүй.

-“Transcendence” кинон дээр гардаг нэг сэдэв нь өв хөрөнгө. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Би заримдаа энэ тухай боддог. Амьдралаас хагацах үедээ ямар нэгэн зүйл хийж чадаагүй гэж харамсах уу. Үгүй ээ, би тэгж бодохгүй. Надад хоёр сайхан хүүхэд, хангалуун амьдрал байгаа тул хорвоог орхихдоо юунд ч харамсахгүй. Миний бодлоор хүн үхэхээс айж амьдрах хэрэггүй байх. Яагаад бид өглөөний нар, цэнхэр тэнгэрийг харж, кофений үнэр, баяр баясгаланг мэдрэн амьдарч болохгүй гэж. Амьд байгаа мөч бүрдээ баярлан өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй шүү дээ. Хүн амьдралаа баяр болгон хүлээн авч болно.

-Таныг “Pirates of the Caribbean” киноны Жек Спарроугийн дүрийг дахиад бүтээх гэж байгаа гэсэн...

-Хэрвээ надад санал тавих юм бол би тоглоход бэлэн байна. Би Жекийн дүрд хайртай. Тэр ухаантай, тэнэг, хачирхалтай байж чаддаг нь сонирхолтой шүү дээ.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.