“Элэгний хорт хавдартай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлэг болж байна
“Эрүүл элэг” үндэсний арга хэмжээний хүрээнд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Эрүүл мэнд, спортын яам болон Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэгтэй хамтран  “Элэгний хорт хавдартай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.06.25/ Төрийн ордонд зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Эрүүл мэнд, спортын яам, Хавдар судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Вируст гепатитын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, Клиник болон дүүргийн эмнэлэг, ХБНГУ-ын “Байер” фарма компанийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурал хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалах, эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэх, сайжруулах талаар онцгой анхаарал хандуулан ажиллаж ирлээ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим хууль тогтоомжийг эргэн харах, боловронгуй болгох үүднээс 2015 оны нэгдүгээр сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасан. Хуулийн төсөл шинэчлэгдэн батлагдсанаар даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас даатгуулагчид үүссэн санхүүгийн эрдслийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурлаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй байдлаар даатгуулагчид үзүүлэхэд чиглэгдсэнээрээ онцлог хууль болсон юм. Статистик үзүүлэлтээс харахад хорт хавдраар өвчлөгсдийн 44 хувийг элэгний хорт хавдар дангаараа эзэлдэг бөгөөд жилд дунджаар 1700-1800 хүн энэ өвчнөөр өвчилдөг гэжээ. Монголчууд бид нарийн нандин зүйлээ элгээрээ төлөөлүүлж элэгтэйгээ холбож ярьдаг ард түмэн билээ. Гэтэл бид элгээ ярьдаг шигээ дээдлэн хайрлаж, гамнаж чадахгүй байгаагийн бодит жишээ энэ тоон үзүүлэлтээс харагдаж байна. Дээрх тоо баримтаас харахад энэ асуудалд төр, засгийн зүгээс онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа нь харагдаж байна. Иймээс өнөөдөр энэ сэдвээр мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцож байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Элэгний хорт хавдрыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашид тавих зорилт” сэдвээр Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, “Элэгний хорт хавдар өвчний өнөөгийн байдал, оношилгоо, эмчилгээний тухай” сэдвээр ХСТ-ийн ерөнхий захирал Д.Төмөрбаатар, “Элэгний хорт хавдрын эрт илрүүлэлтийн үзлэг, шинжилгээг зохион байгуулах, эмчлэх тухай” сэдвээр Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүн Ж.Чинбүрэн нар илтгэл тавьж хэлэлцүүлэн санал солилцов.

Монгол Улсын хүн ам 3 саяд хүрч хүн амын тоо 2.2 хувиар өсөн дундаж наслалт нэмэгдэж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд нийгмийн соёл иргэншил, техник технологийн хөгжил, хувь хүний зан үйл, амьдралын буруу хэвшил зэрэгтэй холбоотой өвчний гаралт нэмэгдэж байна. Хүн амын хавдрын өвчлөлийн бүтцэд хүний зан үйл, амьдралын хэв маягтай холбоотой, урьдчилан сэргийлэх харьцангуй боломжтой элэг, хотоод, умайн хүзүү, улаан хоолой, хөхний хорт хавдрууд зонхилж байна.

Элэгний хорт хавдрын шалтгаан нь архи, тамхины хэрэглээ, зохисгүй хооллолт буюу жимс, жимсгэнэ, хүнсний ногоо хангалтгүй хэрэглэх, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт, мөн хэт ягаан туяа, цацраг туяа гэх мэт фикикийн хүчин зүйлс, бензопирен, формальдегид, афлатоксин, асбестоз мэт химийн хүчин зүйлс, вирус, бактери, паразит зэрэг биологийн хүчин зүйлс хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан болохыг Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг илтгэлдээ дурдав.

Цаашид элэгний хорт хавдрын эрт илрүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгох, үүний тулд нэг талаас өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийх урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулах, элэгний анхдагч хавдрыг эрт үед нь илрүүлэх сүүлийн үеийн өндөр мэдрэмжтэй багаж тоног төхөөрөмжөөр хангах, нөгөө талаас иргэдийн эрүүл мэндийн боловсрол, өөрийн эрүүл мэндэд тавих анхаарлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс энэхүү өвчинтэй тэмцэхэд энэ чиглэлээр ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, ирэгдийн нэгдсэн зорилго, хүсэл эрмэлзэл, хамтын хүчин чармайлт зайлшгүй чухал болохыг хэлж, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос энэ чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж санал, бодлоо солилцож байгаад талархалтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.