Жагсагчид эцсээ хүртэл тэмцэнэ

Армены нийслэл Ереван хотод болж буй олон нийтийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Гадаадын зарим шинжээч Ереванд өрнөсөн үйл явдлыг дараагийн “Майдан” болж хувирч магадгүй гэж санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Ереван хотод зургадугаар сарын 19-нд цахилгааны үнийг нэмснийг эсэргүүцэж олон нийт гудамжинд гарч жагссан билээ. Тэгвэл энэ сарын 23-нд жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, байдал улам хурцдаж байна. Жагсагчид шөнө дөл хүртэл гэртээ харихгүй, жагсаалаа үргэлжлүүлэв.

Армен улсын нөлөө бүхий хүмүүс болох пар­ла­ментын ги­шүүд, улс­төрчид, шоу бизнесийн одууд, сэхээтнүүд Ереван хотын Баг­рамяны өргөн чөлөөнд очиж, мөргөлдөөнийг тас­лан зогсоохыг оролд­сон байна. “Чөлөөт ардчилагчид” намын төлөөлөгч Хачатур Кокобелян сэтгүүлчдэд хандахдаа “Бид жагсагчдын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, бид зүгээр жагсаалыг мөргөлдөөнд хүргэхгүйн төлөө энд ирсэн” гэжээ. Мөн парламентын гишүүн, сөрөг хүчний төлөөлөгч Никол Пашинян цахим хуудаснаа бүх нийтэд уриалга гаргаж, жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөхгүй байхыг хүссэн байна.

Эсэргүүцлийн жагсаал болж буй талбайд Армены Ерөнхийлөгчийн даргалдаг Бүгд Найрамдах намаас сонгогдсон парламентын гишүүн Самвел Фарманян, намын дэд дарга, Боловсролын сайд Армен Ашотян нар мөн хүрэлцэн иржээ. Тэднийг ирэхэд жагсагчдын эсэргүүцэл улам хүчтэй болсон байна. Өнгөрсөн мягмар гаригийн өглөө эрт цагдаа нар Баграмяны талбайд сууж байсан жагсагчдыг усаар шүршиж хүчээр тараажээ. Мөн 200-гаад хүнийг баривчилсан байна. Тэднийг прокурорын газраас “Олон нийтийн газарт танхайрсан” хэмээн буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Ирэх сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний үнийг 15 хувиар нэмэх шийдвэр гаргаснаар эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм. Армен улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд цахилгааны үнэ гурав дахь удаагаа 15 хувиар нэмэгдсэн байна. Жагсагчид Ерөнхийлөгч Серж Саргсянаас цахилгаан, эрчим хүчний үнийг нэмэхгүй байхыг шаардаж буй. Түүнчлэн Ерөнхий сайд, парламентын спикерээс шаардлагад хариу авахыг хүлээж байна. Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн хүмүүс эцсээ хүртэл тэмцэхээр шийджээ. Цахилгааны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал Ереванаас гадна Гюмри, Ванадкор хотод ч болжээ.


Зууны мэдээ
М.Хүслэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.