Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл дээшлэв

Олон улсад банкнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог Стандарт энд Пүүрс байгууллагаас Монгол Улсын Хөгжлийн Банкны урт болон богино хугацаат үнэт цаас гаргах зээлжих зэрэглэлийг “В+/B” буюу Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд болгож, өсгөж тогтоолоо.

Стандарт энд Пүүрс байгууллага Хөгжлийн Банкыг ийн өндрөөр үнэлэхэдээ эх орныхоо эдийн засагт ялангуяа дэд бүтцийн салбарт оруулж байгаа бодит хувь нэмрийг чухалчилсан гэдгээ онцолжээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй цорын ганц бодлогын банк гэдэг утгаар нь Хөгжлийн Банкны үүргийг бусад арилжааны банкууд гүйцэтгэх бололцоо дутмаг агаад энэ банк нь цэвэр төрийн өмчид харъяалагдаж байгаа болохоор Засгийн газартайгаа харилцан уялдаатай ажиллах боломж ихтэй гэж дүгнэсэн байна.

Стандарт энд Пүүрсийн энэхүү үнэлгээ нь Монгол Улсын Хөгжлийн банк улсынхаа зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд хүрсэн анхны байгууллага болж байгааг тодотгон басхүү Хөгжлийн банкны нэр хүнд олон улсын түвшинд үнэлэгдэж буйг баталгаажуулсан үйл явдал боллоо. Хөгжлийн банкны зүгээс зээлжих зэрэглэлээ олон улсын үнэлгээний байгууллагаар тогтоолгосноор санхүүгийн чадамждаа тулгуурлан, олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацаатай, хямд эх үүсвэрүүдийг заавал Засгийн газрын баталгаа гэхгүйгээр татан төвлөрүүлэх тааламжтай нөхцөл бүрдэж байгаа юм.

Бусдад түгээх
  • gplus