Таэквондочид Хөх хотыг зорилоо
БНХАУ-ын Хөх хотноо энэ сарын 6-14-нд Дэлхийн оюутны аварга шалгаруулах таэквондогийн 13 дугаар тэмцээн зохиогдох гэж байна. Тэмцээнд 40 орчим орны 400 гаруй баг тамирчид оролцоно. Энэ тэмцээн нь оюутнуудын хувьд хамгийн сүүлийн оюутны ДАШТ юм. Учир нь таэквондогийн төрөл БНСУ-ын Гванжу хотноо 2015 онд болох Зуны Универсиад наадмаас эхлэн үндсэн хөтөлбөрт багтан хоёр жилд нэг удаа байнга зохиогдох шийдвэр гарсан юм. ОУОСХ-ны журмаар Универсиадын төрөлд ордог төрлөөр оюутны ДАШТ явагдаггүй уламжлалтай билээ.

Энэ тэмцээнд Монгол улсаа төлөөлөн эрэгтэйчүүдээс Б. Баатархүү, Ө.Амартүвшин, П.Тэмүүжин, М.Түмэнбаяр, Э.Энхтулга, Б.Түвшинжаргал, Б.Сэргэлэнбат нар эмэгтэйчүүдээс С.Янжинлхам, И. Одсүрэн, З.Оюунбилэг нарын зэрэг 10 тамирчны бүрэлдэхүүнтэй баг явж байна. Дасгалжуулагчаар ҮШБагийн Н.Эрдэнэбаатар, зөвлөх дасгалжуулагчаар БНСУлсын мэргэжилтэн багш Хүр Ин Енг, албаны хүнээр Оюутны таэквондогийн холбооны тэргүүн Ж.Алдарбаяр, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар явах ажээ.

Тэмцээнд оролцох оюутнуудыг Монголын оюутны спортын холбооны удирдлага өнөөдөр Спортын төв ордонд хүлээн авч уулзан үүрэг даалгавар өгч, амжилт хүслээ. Дэлхийн оюутны аварга шалгаруулах таэквондогийн 13 дугаар тэмцээнээс Монголын баг тамирчид медаль хүртэх зорилт тавин оролцож байна. Оюутны ДАШТ-д Монголчууд 1996 онд анх оролцсон бол 2004, 2006, 2012 онуудад оролцож байжээ.

Монголын таэквондогийн баг 2013 оны 10 сард БНСУ-д болсон Азийн оюутны аваргын тэмцээнээс 4 алтан медаль хүртэн сайхан амжилт гаргаж байсан юм. Монголын М.Түмэнбаяр /58 кг/, М.Мягмарбаяр /68 кг/, Э.Мөнхбуян /74 кг/ нарын эрэгтэй тамирчид, эрэгтэйчүүдийн баг тулааны төрөлд оролцон БНСУ, Индонези улсын багийг ялж алтан медальд хүртсэн. Монголын оюутнууд энэ тэмцээнээс 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 10 медаль хүртэн багийн нэгдсэн дүнгээр БНСУ-ын багийн дараа 2 дугаар байр эзлэн мөнгөн цомоор шагнагдсан юм. Энэ амжилтаараа тэд Засгийн газрын 2013 оны 183 дүгээр тогтоолоор Олимпийн их наадмын хөтөлбөрт ордог Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний залуучууд /оюутан/ ангилалд багтаж байгаа тул ССАЖЯамнаас мөнгөн шагнал хүртсэн билээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.