Станцуудаа өргөтгөсөн ч тав дахь нь зайлшгүй хэрэгтэй

Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Шинэчлэлийн Засгийн газрын үед бондын санхүүжилтээр 100 орчим сая ам.доллараар хийсэн энэхүү өргөтгөлүүд нь Дарханы дайтай гурван хотыг цахилгаан, дулаанаар хангах хэмжээний хүчин чадал гэсэн үг хэмээн тууз хайчлах ёслолд оролцогчид тайлбарлаж байв.

“Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг нэг салбар манайд бий. Өнөөдөр бид цахилгаан дулаангүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхөд бэрх. Наад зах нь ус тасарна, өвөл бол дулааны шугам хөлдөнө, үгүй ядаж л гар утас цэнэггүй болж, интернэтийн сүлжээ тасрахад бүх ажил хүссэн ч, эс хүссэн ч түр зогсолт хийхээс өөр арга үгүй. Гэтэл манай улсын Цахилгаан дулааны станцуудын шугам сүлжээ, дамжуулах, түгээх гээд бүхий л хэсэг техник технологийн хувьд насжилт нь гүйцжээ. Хүнээр  бол хөгширч, бүр зөнөжээ гэсэн үг. Хөгширч ядарсан эхийнхээ зовлонг ойлгохгүй “Та юу хийж байна вэ, хүүхэд цэцэрлэгээс нь аваарай. Хувцас угаагаад хоол хийчихээрэй” хэмээн овилгогүйтдэг эрх хүүхэд шиг аашилж загнадаг хэрэглэгчид бий хэмээн тус салбарынхан гомдоллодог. Харин хэрэглэгчид болохоор “Амьдрал хүнд байна. Гэтэл заавал эдийн засгийн хямралын үеэр цахилгаан дулааны үнийг нэмлээ шүү дээ. Энэ төрд эзэн байна уу” гээд л шүүмжилнэ. Арга ч үгүй биз, арай гэж олсон арав таван төгрөгөө хүргэж ядан байхад нь ийм дарамт ачаа ирэхэд хэн ч таатай хүлээж авахгүй. Хариуд нь албаны хүмүүс “Өнөөдөр хэрэглэгчдэд хүрч байгаа нэг кВт цахилгааны үнэ дунджаар 122 төгрөг байгаа. Үнэндээ цахилгааныг үйлдвэрлээд хэрэглэгчдэд хүргэж байгаа бодит өртөг нь 144 төгрөг. Үүний зөрүүнээс  жилд 60-70 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг” гээд л зовлон тоочиж байна. Дулааны эрчим хүч ч ялгаагүй хоёр дахин хямд үнээр хэрэглэгчдэд хүрдэг аж. Үйлдвэрлэлийн өртөг зардлаас гадна цахилгаан дулааны үнэд импортын эрчим хүч, валютын ханшийн өөрчлөлт гээд олон хүчин зүйл нөлөөлдөг.

Эрчим хүчний салбар өөрөө найдвартай, хэвийн ажиллагаатай байж улс орны аюулгүй байдал хангагдана. Тиймээс “Бид одоо эрчим хүчний хомсдолд орсон” гээд зөнд нь орхиж, урсгал засвар төдийхнөөр амиа аргацаах биш чадлынхаа хэрээр шинээр бүтээн байгуулалт хийхийг чармайж байна. Өнгөрсөн онд III ДЦС-д 50 МВт, энэ жил IV ДЦС-д 123 МВт-ын турбин суурилуулж, хүчин чадлыг өргөтгөлөө. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Шинэчлэлийн Засгийн газрын үед бондын санхүүжилтээр 100 орчим сая ам.доллараар хийсэн энэхүү өргөтгөлүүд нь Дарханы дайтай гурван хотыг цахилгаан, дулаанаар хангах хэмжээний хүчин чадал гэсэн үг хэмээн тууз хайчлах ёслолд оролцогчид тайлбарлаж байв. Тухайлбал, III ДЦС-д 35 сая ам.долларын санхүүжүүлэлттэй бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлснээр нэг  кВтц цахилгаан үйлдвэрлэх өртөг буурч, цахилгаан эрчим хүчний импортын хэмжээ буурна гэж тооцоолж байсан юм, тухайн үед. Төслийн хүрээнд турбин генератор суурилуулж, хөргөх цамхаг барьж, цахилгаан холболтуудыг хийж, ус шахах насос болон дамжуулах шугамуудыг солих ажлуудыг хийжээ. Төсөл өнгөрсөн оны эхний хагас жилд амжилттай хэрэгжиж дууссан ба долдугаар сараас эхлэн өсөн нэмэгдсээр байгаа нийслэлийнхний хэрэгцээг хангаж ирлээ.

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 6-8 хувиар өсч буй юм байна. Гэтэл шинээр барихаар төлөвлөсөн цахилгаан станцуудын эхний ээлж 2016 оноос ашиглалтад орох төлөвтэй. Тэгвэл 2016 он хүртэл эрчим хүч хүчин чадлын дутагдалд орох нь гэдгийг тооцоолж үзсэний үндсэн дээр IV ДЦС-ын өргөтгөлийг барьсан юм. Ингэснээр цахилгаан үйлдвэрлэлийг 100 МВт, дулааны эрчим хүчийг 400 мянган Гкал/ц-аар нэмэгдүүлж, станцын хүчин чадлыг 680 МВт болгож богино хугацаанд хэрэглээний өсөлтийг хангах боломжийг бүрдүүлжээ. Тус төслийг мөн л Хөгжлийн банкны 59.7 сая ам.доллараар санхүүжүүлсэн байна. Төсөл хэрэгжсэнээр тус станцын эдийн засгийн үр ашиг нэмэгдэж, найдвартай ажиллагаа дээшилжээ. Мөн цахилгаан эрчим хүчний импортын хэмжээ буурч буй аж. III, IV ДЦС-уудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөл хийсэн хэдий ч өсөн нэмэгдсээр байгаа хэрэгцээг хангахын тулд V цахилгаан станцаа барих хэрэгтэй байгаа юм. Нэлээд хэдэн жил ярьж буй энэ бүтээн байгуулалт нийгэмд хүлээлт үүсгэсэн хэвээр.


Зууны мэдээ
Г.Ганчимэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochim 2015-06-23 07:26:46
    Dornodiin tsahilgaan stants yah ve..bas l hetsuu bga shuu
    112.72.11.116
    Мэдэгдсэн Хариулах