Г.Пүрэвдагва: Урлаг бол хамгийн ардчилсан зүйл, түүнийг хэн ч хориглох эрхгүй
Энэ удаагийн “Чухал хүн” буландаа “Увертура” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагвыг урьж ярилцлаа. Тэрбээр “Яагаад намайг сонгосон юм бэ, би чинь энгийн л нэг дуучин шүү дээ” гэсээр биднийг угтсан юм. Харин  “Увертура” хамтлагийн залуус бол энэ цагийн Монголын урлагийн нэгэн “дүр” яах аргагүй мөн билээ. Тиймээс ч их ажлынх нь хажуугаар уран бүтээлийн яриа өрнүүлсэн минь энэ.

-“Увертура” хамтлагийн залуус сайхан зусч байна уу. Утсаар ярихад бичлэгтэй байна гэж байсан. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Юуны өмнө танай сонины уншигчдад зуны сайхан өдрийн мэнд хүргэе. Бид Лувсанвандан гуайн мэндэлсний 80 насны ойгоор өнгөрсөн жил Баянхонгор аймагт тоглож байсан. Тухайн үед нэлээд том баг, бүрэлдэхүүнтэй явж байсан юм. Буцаж ирснийхээ дараа Баянхонгор аймгаас гаралтай хөгжмийн зохиолч, яруу найрагчдын уран бүтээлээс бүрдсэн цомог гаргахаар төлөвлөсөн.

Үүнээс гадна Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам ах Лувсанвандан гуайн шүлгүүдэд ая хийгээд нэг цомог гаргана  гэж ярьсан байсан юм. Тэр нь энэ жил бэлэн болчихоод эх бэлтгэл нь дуусч байна. Хоёрдугаарт, наадмын бэлтгэлээ базааж байна. Энэ жил СТӨ-нд зохиогдох концертод дуулна. Мөн наадмын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө.

-Танай хамтлагийг шинэ цомгийн ажилдаа орчихсон байгаа гэсэн мэдээлэл цахим хуудаснаас олж үзлээ?

-Шинэ цомог болоогүй ш дээ. Намраас шинэ цомог гарна. Гэхдээ дуунууд нь бүрдчихсэн байгаа. Өмнө нь гаргаж байсан удиртгал цомог есөн дуутай байсан юм чинь энэ удаад 11 дуунаас бүрдэх болов уу гэж таамаглаж байна. Эсвэл дахиад есөн дуутай цомог байх уу гэдгийг хараахан шийдэж амжаагүй байгаа. Зарим дуунууд гараад эхэлчихсэн. Энэ зуны турш цомгийнхоо ажлыг хийнэ. Үүний дараа ирэх есдүгээр сард манай хамтлагийн таван жилийн ой болно. Таван жилийнхээ ойн баяраар шинэ цомгоороо сонсогч, фэнүүддээ бэлэг барина даа.

-Уламжлал ёсоор ойгоо угтаж тоглолт зохион байгуулах уу?

-Мэдээж. VIP тоглолтоо хийнэ. Шинэ цомгоо гаргана. Чадвал мюзикл тавих санаатай байна. Сая бид таван жилийн ойдоо зориулаад оны өмнө хийсэн “Төгсгөлгүй эхлэл” тоглолтоо хөдөө, орон нутгаар тоглолоо. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн бүх уран бүтээлүүдээ, клипүүдээ нөгөө тоглолтынхоо бичлэгт суурилсан DVD гаргана. Энэ маань бэлэн болчихсон, тун удахгүй урагшаа хэвлэлтэд явуулна.

-Худалдаанд хэзээ гарах вэ?

-DVD-гээ худалдаанд мөд гаргахгүй. Яагаад гэвэл хамтлагийнхаа таван жилийн ойн хүрээнд хийж байгаа ажил болохоор ирэх есдүгээр сард худалдаанд гаргах болов уу. Одоогийн байдлаар ингэж төлөвлөж байна.

-Уран бүтээлчид сүүлийн үед VIP тоглолт их хийдэг болж. Тэр хэрээрээ тасалбар нь ч үнэтэй байх юм. Ер нь түмэн олондоо зориулаад тоглолт хийчихэж болдоггүй юм уу?

-Олныг хамарсан тоглолт хийсэн шүү дээ. Оны өмнө “Төгсгөлгүй эхлэл” гэдэг тоглолтоо хийсэн. Ер нь яагаад VIP тоглолт гэж байгаа юм бэ гэж үү. Биднийг сонсдог тодорхой хүрээлэл гэж бий. Манай хамтлаг поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Поп опера чиглэл рүү уран бүтээл маань чиглэдэг болохоор хүмүүсийн ярьдгаар элит хүрээнийхэн биднийг сонсдог.

Тэр ч утгаараа магадгүй биднээс VIP тоглолт хүсдэг байж болох юм. Бид олон нийтэд зориулж тоглолт хийнэ. Хийхгүй гэж хэлээгүй. Харин олон нийт рүү чиглэсэн нь мюзикл байх юм. Одоогийн байдлаар төлөвлөж байгаагаар долоо хоног үргэлжлэх болов уу гэж бодож байна. Магадгүй 14 хоног үргэлжлэх мюзиклийг дотроо төсөөлж бодоод явж байгаа. Ер нь энэ ондоо багтаагаад заавал мюзикл хийнэ гэсэн төлөвлөгөө бий.

-Нууц биш бол мюзиклийн сэдэв юу байх вэ?

-Тэр хараахан тодорхой болоогүй байна. Одоогийн байдлаар зөвхөн төслийн хэмжээнд яригдаж байгаа. Хамаагүй эрт дэлгэчихээр сонирхолгүй шүү дээ. Одоохондоо нууц хэвээрээ үлдэг. Ямартай ч наадмын дараачаас бид мюзиклийнхээ бэлтгэл ажилд орно. Ажлынхаа графикийг гаргачихсан.

-Наадмын нээлтэд оролцоно гэж байна. Хөдөө, орон нутгийн үзэгчиддээ зориулж тоглоно гэсэн. Ер нь энэ зун танай хамтлагийн залууст амрах зав олдох нь уу?

-Бид ажлаа хийнгээ л амар­даг юм. Манай хамтлагийн Рен­чин­ням Хөвсгөл аймгийн Рен­чин­лхүмбэ суманд төрсөн. Тэгээд бид Хөвсгөлийн хэд, хэ­дэн сумдад тоглолт зохион байгуулангаа амарч байсан юм. Яг далайн эрэг, Сүхбаатар онгоц, Хатгал, Жанхай, Ренчин­лхүмбэд тоглолт хийсэн.

Тэгэхэд өөрсдийнхөө унаатай, майхнаа аваад, хувийн бэлтгэлээ хангаад, ажиллангаа амрах чинь их зүгээр юм билээ. Магадгүй амрангаа ажиллах ч юм уу /инээв/. Энэ зун бид арай өөрөөр амрах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь энэ зун нэлээд олон аймаг, сумдын ой тохиож байгаа юм билээ. Бид аймаг, сумын ойд очиж, дуулна. Энэ зуны амралт маань тэр л байх болов уу.

-Яг өөртөө зориулж амралт, чөлөөт цаг гаргаж байна уу?

-Ер нь сүүлийн таван жилийн турш яг л нэг хэмнэлээр амьдарч байна. Ажил, гэр, уран бүтээл, тоглолт гээд л. Өдрийг маш их ажилтай, ачаалалтай өнгөрүүлдэг. Тэгэхээр надад чөлөөт цаг гэж бараг гардаггүй. Ер нь чөлөөт цагтай байх ч дургүй. Хааяа нэг чөлөөт цаг гаргаад амрах гэхээр хийх ажилгүй болчихсон юм шиг, завтай, зүгээр суугаад байгаа юм шиг санагддаг юм.

Тиймээс энэ завгүй амьдралын хэмнэлдээ дасчихсан байна гэж хэлье дээ. Шөнө 01.00 цаг гээд гэртээ орно. Өглөө 08.00-09.00 цагт ажилдаа ирнэ. Яг л энэ байдлаар сүүлийн 4-5 жилийн турш ажиллаж, амьдарч байна. Ер нь өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээдэг. Би чинь ид ажиллаж, хөдөлмөрлөж, хийж, бүтээх насандаа яваа залуу хүн шүү дээ.

-Танай хамтлаг байгуулаг­даад хэдийнэ таван жилийн хугацаа өнгөрчихөж. Анх хамтлаг байгуулах санааг хэн гаргаж байсан юм бэ?

-Бид 2010 онд ХБК-ийг бакалаврын зэрэгтэй төгссөн. 2005-2010 онд нэг ангид хамт суралцаж, төгссөн найзууд. Анх хамтлаг байгуулах саналыг хэн гаргаж байсан бэ гэхээр 2009 онд манай Ганбаатарын төрсөн өдрөөр энэ тухай ярьж байсан. Ингэж 2009 оны есдүгээр сарын 21-нд “Увертура” хамтлаг байгуулагдаж байсан түүхтэй.

-Хамтлагийн нэр ямар учиртай юм бэ?

-Удиртгал хөгжим, эхлэл хөгжим гэсэн үг л дээ.

-Төрсөн өдрийн баярын ширээний цаана өрнөсөн яриа, дэврүүн хүсэл мөрөөдлийг ажил хэрэг болгох амаргүй байсан нь мэдээж. Хамтлаг байгуулсан хойно бодит байдал, төсөөлөл хоёр хэр зөрж байв?

-Мэдээж болох болохгүй зүйлтэй зөндөө л нүүр тулсан байж таарна. Хэдийгээр таван жил гээд сонсохоор бага юм шиг санагдаж байгаа ч их хугацаа. Анх хамтлаг байгуулагдаад төд удалгүй “Анир” студийн н.Алтанхуяг ах дээрээ очихоор тохиролцсон юм. Би чинь тухайн үед “Анир” студид дууны инженерээр давхар ажилладаг байсан юм. Тэгээд н.Алтанхуяг ах дээрээ очиж, санаагаа хэлье, биднийг яаж хүлээж авах нь вэ гэж ярилцсан л даа.

Хуягаа ахын хувьд өмнө нь олон уран бүтээлчтэй ажиллаад үзчихсэн, туршлагатай хүн. “Нюанс”, “Классик жем”, “Voice” зэрэг олон чадварлаг уран бүтээлчтэй хамтарч, ажилласан хүн байхгүй юу. Үүнээс гадна ХБК-ийн багш Сүхээ гэж хүн бий. Энэ хүн манай хамтлагт нэр өгч, гишүүдийн үүргийг тодорхойлж, эхний суурийг нэлээд сайн тавьж өгсөн. Дараа нь хэд, хэдэн зорилт тавьсан л даа. Тухайлбал, “Монгол поп-опера” цомог гаргана, мэдээж сайхан тоглолт, мюзикл хийнэ гэж төлөвлөж байсан.

Эхнээсээ бидний мөрөөдөл биелээд, цаасан дээрх хүсэл маань бодитой ажил хэрэг болчихоод явж байгаад маш их баяртай байна. Өнгөрсөн онд бид “Монгол поп-опера” цомгийг гаргалаа, оны өмнө 100 хувь оркестртой амьд тоглолтыг хийж чадсан. Анх хамтлаг байгуулагдахад бид уран бүтээлийнхээ чигийг тодорхойлж, “Увертура” хэнд, хаана зориулж дуулах юм, нээлт дээр байх уу, хаалт дээр дуулах юм уу, тэр бүр хуриман дээр дуулах уу зэрэг олон асуудлыг нэлээд тодорхой ярилцсан. Маш чадварлаг продюссерийн хүчинд бид өдий зэрэгтэй яваа гэж боддог.

-“Монгол поп-опера” гэсэн чинь нөгөө Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Монгол поп” шиг сонсогдож байна. Монгол поп-опера юугаараа онцлогтой юм бэ?

-Монгол поптой адилхан шүү дээ. Поп-опера урсгал сүүлийн 20 жил хурдацтай хөгжсөн юм билээ.

-Дэлхийд биз дээ?

-Тийм ээ. Энэ урсгал харьцангуй шинэ залуу эд л дээ. Тиймээс ч дэлхий дахинд сүүлийн 20 жилд эрчимтэй хөгжиж байгаа юм билээ. Харин Монголд сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж байна. Анх “Нюанс” хамтлаг энэ урсгалыг Монголд оруулж ирсэн шүү дээ. Сүүлд гадаадын гоё, гоё дуунуудыг монгол хувилбараар дуулсан. Эндээсээ салбарлаж, олон хамтлаг төрсний нэг нь манайх.

Ер нь Монголд энэ урсгалыг хөгжүүлж, цааш нь хөл дээр нь босгож болох юм байна гэсэн итгэл төрсөн болохоор бид зориглосон хэрэг. Манай хамтлагийг анх байгуулагдаж байхад “Нюанс”-ын гоё, гоё дуунууд хит болж, мандаж байсан шүү дээ. Тухайлбал, “Изабел” гээд л, тийм ээ. Тэгээд энэ гоё, гоё дуунуудыг сонсоод бид ч гэсэн дуулж чадах юм байна гэж бодсон хэрэг. Нэгдүгээрт, бид мэргэжлийн дуурийн дуулаачид. Тэгээд мэргэжлийн урлагийн байгууллагад харьяалагдаагүй, хамтлаг байгуулчихсан байдаг. Хамгийн гол нь бид залуу хүмүүс. Залуу хүмүүс учраас орчин үеийн урсгалаар уран бүтээл туурвимаар байдаг.

Тэгсэн хэрнээ мэргэжлийнхээ  чиг баримжааг алдмааргүй. Ингэж л поп-опера урсгалаар дуулж эхэлсэн юм. Хамгийн гол нь уран бүтээлээ Монгол гэж яагаад тодотгосон юм, тийм үү. Тухайлбал, “Нюанс” хамтлаг гэхэд гадны уран бүтээлийг шууд дуулсан. Өөрөөр хэлбэл, гадны урсгалыг шууд Монголдоо нутагшуулсан байхгүй юу. Тэд поп-операг оруулж ирсэн нь үнэн.

Гэхдээ Монгол гэх онцлог, тодорхойлолт гэхээр зүйл байгаагүй. Тиймээс ч бид хуучны хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дуунуудаар уран бүтээл хийж үзсэн. “Халуун элгэн нутаг” гэх мэтчилэн энэ урсгал руу нэлээд дөхсөн уран бүтээлүүд дээр ажиллаж үзсэн юм. Манай хамтлагийн бусдаасаа ялгарах өнцөг нь энэ байсан. Ер нь хуучны сайхан дуунуудаа шинэчилж, найруулаад мэргэж­лийн төвшинд дуулъя гэж зорьсон.



-Чадварлаг продюс­се­рийн тухай нэлээд дурь­дагд­лаа. Мэдээж сайн про­дюс­сер­гүй­гээр аливаа хамтлагийг тө­сөө­лөхийн аргагүй. Гэхдээ хамтлаг продюссергүйгээр цааш алхах боломжтой юу?

-Яах вэ, би зүгээр ингэж ойлгодог юм. Монголд тө­рөл бүрийн урсгалаар маш олон хамтлаг уран бүтээл туур­виж байна. Тэдний дотор про­дюс­сертэй нь ч байна, продюссер­гүй нь ч байна. Гэхдээ продюссер хүн тухайн хамтлагийн уран бүтээлийн чигийг тодорхойлдог. Таван жилийн дараа, 10 жилийн дараах хамтлагийн гарцыг харчихсан байдаг, хөрвөх чадвартай, удирдан зохион байгуулах чадвартай тийм хүн байх ёстой л доо.

Мэргэжлийн төвшинд бүрэн боловсорсон байх ёстой юм болов уу гэж би боддог байхгүй юу. Өөрөөр хэлбэл, продюссер тухайн хамтлагийн хувь заяаг шийднэ гэсэн үг. Хамтлаг сайн, сайхан амьдрах, эсвэл унах нь тэр хүний гарт байдаг гэдгээрээ маш чухал, хариуцлагатай ажил. Яагаад би продюссер чухал гэж яриад байна гэхээр 10 жилийн өмнө “Анир” студи байгуулагдсан. 10 жилийн өмнө “Нюанс”, “Voice” зэрэг хамтлагууд байсан.

Нийтийн дуучдын 80-90 хувьтай нь, эстрад урлагаас гэвэл Сараа, Ариунаа, Дэлгэрмөрөн гээд маш олон хүнтэй хамтарч ажилласан, гар нийлээд сурчихсан хүн бол  манай Хуягаа ах. Өөрөө хөгжмийн маш өндөр боловсролтой. Польшид хөгжмийн зохиолч, найруулагч мэргэжил эзэмшсэн. Монголд байхгүй мэргэжлийн хөгжмийн зохиолч, найруулагч хүн байхгүй юу. Би зөвхөн мэргэжлийн талаас нь ярьж байна шүү.

Польш явахаасаа өмнө УДБЭТ, Улсын филармонид ажиллаж үзсэн, ХБК-д багаасаа суралцаж төгссөн. Багаасаа урлагийг мэдэрч, түүгээрээ амьсгалж өссөн хүний мэдрэмж шал өөр. Тиймээс ч сайн продюссер маш чухал гэж яриад байгаа юм. Яах вэ, продюссергүйгээр хамтлаг оршин тогтнож болно л доо. Продюссергүй хамтлагууд байдаг уу гэвэл байдаг. Гэхдээ тус тусдаа толгойтой болчихсон байдаг юм.

Жаахан хүнд танигдаад, уран бүтээл хийгээд ирэхээрээ хувь хүн, бие хүн талаасаа маргаан үүсдэг. Цаашилбал, санхүүгийн асуудал дээр маргаан үүсдэг байхгүй юу. Харин тэр бүхнийг зохицуулдаг хүн чинь продюссер. Хамтлаг урт наслах, эсэхийг нь продюссер шийднэ гэсэн үг. Хамгийн гол нь бидний уран бүтээлийн чигийг маш зөв тодорхойлж өгсөн л гэж боддог. Яавал хүнд хүрэх вэ гэдгийг тэр хүн мэдэрдэг.

-“Увертура”-гийн залуус мундаг юм аа гэх магтаалыг би олон хүнээс сонссон. Амжилтын үндэс юундаа байсан бэ?

-Хамтлаг байгуулагдаад таван жилийн хугацаанд багагүй хүнд танигдаж, амжилт үзүүлсэн гэж боддог. Харин энэ бүх амжилтын үндэс нь сайхан нөхөрлөл байсан гэж хэлэх байна. Бид дөрөв үерхэж, нөхөрлөөд бараг 10 жил өнгөрчээ. Найзлаад 10 жил болсон хүмүүс нэг нэгийнхээ дотор нь орсон юм шиг мэддэг болчихсон. Эхнээсээ гэр бүлтэй болоод ирэхээр өшөө илүү халуун дулаан уур амьсгал бидний дунд үүсч байна л даа.

Найз нөхөрлөлийн үндэс дээр хамтлаг бүрэлдэн, тогтсон болохоор өнөөдрийн амжилтад хүрэх шалтгаан нь тэр байсан. Одоохондоо бид тус тусдаа бизнес эрхэлж, ажил хийгээгүй байна. Уран бүтээл, хамтлагаа бүгд нэгдүгээрт тавиад явж байгаа учраас бидний зорилго нэгэн зүг, хүсэл, мөрөөдөл нэг.

Бид анх хамтлагаа байгуулахдаа “Харанга”, “Хурд” шиг 20-30 жил оршин тогтноно гэж ярилцсан юм. Хамтлаг, уран бүтээл нэгдүгээрт, мэдээж хувийн амьдралаа ч орхигдуулахгүй гэж ярилцаж, тохиролцсон. Хамгийн гол нь нэг хүсэл, мөрөөдөлтэй, зорилготой, хийж байгаа ажилдаа дурлаж, чин сэтгэлээсээ ханддагт бүх зүйл оршдог гэж боддог. Уран бүтээл хийхдээ нэр шигээ бусдаас арай өвөрмөц байгаасай гэж хүсдэг.

Тийм байлгахыг ч зорьдог. Өнгөрсөн таван жилийн хугацаанд чамгүй амжилт үзүүлсэн гэж та бүхэн дүгнэж байгаа бол үүнтэй л холбоотой гэж хэлмээр байна даа. Одоогоос дөрвөн жилийн өмнө хөдөө, орон нутгаар аялан, тоглолт зохион байгуулаад явж байхад сонсогчид “Өнө мөнх орон” дууг сонсдоггүй, хүлээж авдаггүй, алга ташихгүй, дундаас нь орхиод гараад явчихдаг байсан юм.

Харин сая бид хөдөө, орон нутгаар тойроод ирэхэд хүмүүсийн хандлага шал өөр болсон байна. Бид тодорхой хэмжээний сонсогч, фэнтэй болсон юм байна гэдгээ мэдэрсэн. Тайзны ард хувцсаа солиод зогсч байхад үзэгчид ирээд баяр хүргээд, урам хайрлаж байсан нь үнэхээр сайхан санагдсан. Бидний дуунууд чинь харьцангуй хүнд шүү дээ. Тоглолт маань бусдын адил хөтлөгчгүй, дараалалгүй, арай өөр тавилттай.

Энэ бүхнээс бид залхах болов уу гэж эмээж байсан. Бид аль болохоор залхаахгүй байхыг хичээсэн. Харин ч хөдөө, орон нутгийн иргэд маань бидний уран бүтээлийг маш сайхан хүлээж авч, алга ташиж байсан нь урам хайрласан юм. Тиймээс ч одоогоос 10 жилийн дараах “Увертура”-г сайн төсөөлж чадахгүй байна.

Мэдээж уран бүтээлийнхээ хувьд ахиц гарчихсан, хүмүүст хүрчихсэн, бас хувийн амьдралдаа өөрчлөлт хийчихсэн байх болов уу гэж бодож байна. Үр хүүхэдтэй, эхнэртэй болцгоогоод улам өнөр бүл болчихсон байх болов уу гэж бодож байгаа. Гэхдээ бид салахгүй. 20-30 жил хамтдаа уран бүтээлээ туурвисаар, шинийг эрэлхийлж, санаачилсаар л байх болно.


-Хамтлагуудын түүхийг сонсоход ихэнх нь маш сайхан найзууд байсан гэж ярих юм. Хамтлаг байгуулахад найз, нөхөрлөлийн холбоо тийм чухал уу?

-Маш чухал. Хамгийн чухал зүйл гэж би боддог. Дөрвөн өөр газраас хүмүүс нэгдээд хамтлаг байгуулах тохиолдол байна л даа. Гэвч дөрвөн өөр ертөнц чинь нэг нэгийгээ таньж мэдэх гэсээр байтал цаг хугацаа алддаг байхгүй юу. Харин анхнаасаа найзалж, нөхөрлөж байсан хүмүүс чинь нэгдээд, хамтлаг байгуулахаар цаг алдалгүй шууд уран бүтээлдээ ордог давуу талтай.

-Хамтлагууд жаахан таниг­даад ирэхээрээ гишүүд нь соло уран бүтээл гаргадаг. Магад­гүй өөрсдийгөө таниу­лах гэж тэр юм болов уу. Та дөрөвт ийм төлөвлөгөө байгаа юу?

-Бид дөрөв соло уран бүтээл хийсэн. “Төгсгөлгүй эхлэл” тог­лол­тын үеэр бид дөрөв яг өөрс­дий­гөө илэрхийлсэн солист уран бүтээл хийсэн. Манай хамт­ла­гийн хувьд энэ асуудал чөлөөтэй. Харин ирэх жилээс гадаад харилцаагаа нэлээд өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Өөрөөр хэлбэл, 2015 оноос гадаадад зохион байгуулагдах хэд, хэдэн мэргэжлийн тэмцээн, уралдаанд хамтлагаараа оролцохоор тө­лөвлөсөн. Түүнчлэн баруун Ев­ропын орнууд, АНУ-аар аялангаа, монголчууддаа зориулж, тоглолт зохион байгуулж, туршлага судлахаар одоо ярилцаж байна.

-“Өнө мөнх орон” бол яах аргагүй  танай хамтлагийн нэрийн хуудас болсон дуу. Клипээсээ эхлээд тухайн үедээ нэлээд шинэ үзэгдэл болсон гэж боддог юм?

-Манай хамтлагийн хамгийн анхны уран бүтээл. 2009 оны есдүгээр сард гарсан дуу. Дараа оныхоо хавар нь клипээ цацсан. Яах аргагүй бидний овоглодог, нэрийн хуудас болсон бүтээл. Бид дууныхаа клипийг хийхдээ Монголынхоо хамаг л гоё, сайхныг багтаая гэж анх ярилцаж байсан юм. Байгалийн үзэсгэлэнт газруудаар явж, өнгөлөг маш сайхан клип хийнэ гэж бодож байсан. Гэтэл клипний шийдэл тэс өөр байсан л даа.

Энэ санааг Сүхээ багш болон “Милл” кино компанийн найруулагч гаргасан юм. Ерөөсөө тухайн үед чинь Оюутолгойн гэрээ байгуулагдчихсан, Улаанбаатар хог, новшиндоо дарагдчихсан... Үнэн бодит, байдал ийм л байсан. Одоо ч нэг их дээрдсэн зүйлгүй. Тэгээд бид студидээ цуглаад эх орноо юугаар төсөөлж байна гэж ярилцсан л даа. Гоё сайхан зүлэг, ногоо, цэцэг, навч гээд л...

Гэтэл найруулагч маань зохиолоо танилцуулахад шал өөр байсан л даа. Эх орон чинь ийм байна, урлаг болон бүх баялгаа гадагшаа алдаад дууслаа гэх үнэн бодит байдлыг бид дуугаараа илэрхийлэхийг хүссэн. Өөрөөр хэлбэл, хэлж чадаагүй санаагаа уран бүтээлээрээ дамжуулахыг хүссэн юм. Ард түмний амьдрал, ядуурал, доройтол гээд л тийм ээ...

-С.Баярцогт, Д.Зоригт нарын дүрсийг яагаад клипэндээ ашигласан юм бэ. Түүнээсээ болж улс төрийн зорилготой гэж хардуулсан. Тэр ч бүү хэл танай клипийг хаасан шүү дээ?

-Магадгүй өөр дүрс ашиглаж болох л байсан. /инээв/. Тухайн үед л тэгж таарсан юм. Түүнээс биш ямар нэгэн улс төрийн зорилго байхгүй. Угаасаа тэд чинь хоёр намын төлөөлөл шүү дээ. Оюутолгойн гэрээг үзэглээд бие бие рүүгээ хараад инээдэг шүү дээ. Тэр хэсэг нь таарчихсан юм чинь.

Үүнээсээ болж нэлээд шүүмжлэл хүртсэн, клипийг маань хаасан нь үнэн. Гэхдээ нэгэнт youtube-ээр тарчихсан юм чинь яах вэ дээ. Хүмүүс урлагаар дамжуулж сайн сайхныг илэрхийлэх ёстой энэ тэр гэж л байсан. Гэхдээ урлагийг хэн ч хориглох эрхгүй. Урлаг бол хамгийн ардчилсан зүйл шүү дээ. Бид энэ клипээрээ Монгол Монголоо алдаж, ёс заншил, өв соёлоо гээж байгааг л хэлэх гэсэн юм.

-Танай хамтлаг өнгөрсөн хугацаанд хэчнээн уран бүтээл хийсэн бэ?

-Өө цөөхөн шүү дээ. Саяхан бид уран бүтээлээ тоолж үзье гээд тоолсон чинь дөч гаруй л юм байна.

-Монголд уран бүтээл туурвиад хангалттай, чинээлэг амьдрах боломж байх юм уу. Саяхан мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид ажил хаялт зарлаж, жагсаал зохион байгуулж байгаа харагдсан. Шалтгаан нь мэдээж цалин, хангамжийн асуудал?

-Магадгүй би мэргэжлийн урлагийн байгууллагад харьяа­лагддаг байсан бол тэр цуглаанд очих л байсан. Ялангуяа дуурийн урлаг чинь маш хүнд хөдөлмөр байхгүй юу. Түүнээсээ болж эрт тэтгэвэрт гаргадаг. 2-3 цаг хоорт зогсоно, ари дуулна, манай театрын орчин, нөхцөл ямар билээ. Дээрээс нь амралт, чөлөөт цаг гэж бараг байхгүй, хамгийн гол нь цалин, хангамж үнэхээр муу. Нэмэлт цалин, хөлс байхгүй. Үндсэн цалингаас нь бөөн шимтгэл авна.

Найзуудыгаа харж байхад гар дээрээ авч байгаа нь ердөө 200-300-хан мянган төгрөг. Гэтэл өнөөдөр эдийн засаг ямар байдалтай байгаа билээ. Валютын ханш, үнийн өсөлт. Хүн бүхэн л ярьж байна шүү дээ. Талх хэдэн төгрөг билээ, нэг зогсоол дээр машинаа тавихад өөдөөс цагийн 1500 төгрөг нэхэх жишээтэй.

За тэгээд хүн л болсон  хойно хоол идэхээс эхлээд бусад хэрэгцээ байна. Өдөрт л 10 мянган төгрөгөөр хоол иддэг гэж бодоод авдаг цалинтай нь харьцуулаад хар даа. Зөвхөн хоолныхоо мөнгөнд л цалин нь явчихаж байна шүү дээ. Гэтэл тэр хүн чинь ардаа амьдралтай, эхнэр, хүүхэдтэй. Үнэхээр байдал ийм л байгаа. Хэцүүгийн хувьд хэцүү.

-Харин хувиараа уран бүтээл хийж байгаа та нарын хувьд байдал ямар байна?

-Хувиараа уран бүтээл хийж байгаа хүмүүсийн хувьд харилцан адилгүй. Олохдоо олно, олохгүйдээ олохгүй. Бүтэн сарын турш хоосон байх үе зөндөө л байдаг. Ялангуяа он гарснаас хойш эдийн засгийн хямрал салбар бүрт хүчтэй нөлөөлж байна л даа. Бидэнд ч гэсэн хямрал нөлөөлж байна. Олсон мөнгөнөөсөө уран бүтээлдээ зарцуулна, хажуугаар нь бас амьдарна.

-Тэгвэл шинэ жилээр хэр халтуур хийдэг вэ. Манайхан чинь өөрсөддөө тариф тогтоо­чихсон байдаг юм билээ?

-Мэдээж халтуур хийнэ. Ний нуугүй ярихад ганц мөнгө олдог үе чинь шинэ жил шүү дээ. Нэгдүгээр сар тэр чигээрээ хоосон. Цагаан сараар нэг их дуулж, хуурдаад явах нь ховор. Ер нь ингээд сар бүрийг хуваагаад үзэхээр баяр, ёслол чинь харьцангуй цөөхөн шүү дээ.

-Ярианаас чинь “Увертура” хурим, найр хэсч, дуулдаггүй юм байна гэж ойлголоо зөв үү?

-Яг ч тэгж хэлж болохгүй л дээ. Мэдээж найз, нөхдийн гуйлт зөндөө ирнэ. Тэр бүхнийг зохицуулаад л явна даа. Өмнө нь хэн байснаа мартаж болохгүй. Хуучин бид ямар байснаа үргэлж санадаг байх ёстой. Түүнээс биш би одоо ийм болчихсон танай хуриманд очихгүй гэх нь утгагүй шүү дээ. Маш олон хүн бидэнд зааж, зөвлөж байдаг болохоор алхам, бүрээ бодож, цэгнэдэг.

-Гадаад зах зээлд өрсөлдөх боломж байна уу?

-Мэдэхгүй, би хувьдаа гадагшаа явах тухай боддоггүй. Магадгүй гадаадад очвол хэн ч биш боол болж хувирах байх даа. Бид ХБНГУ-аар 20 гаруй хоног явж байсан  юм. Гэтэл сүүлдээ ээжийгээ санаад, монгол гурилтай шөлөө үгүйлдэг юм билээ. Яг үнэнийг хэлэхэд гэрээ их санадаг юм билээ.

-Урлагийн хүнтэй уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй нь. Тоглолт зохион байгуулчих том ордонтой болох юмсан гэж ярих болж?

-Би нэг их тэгж гомдоллоод байдаггүй. Гомдоллоо гээд яах юм бэ, том ордныг хэн, хэзээ барьж өгөх юм. Байгаа зүйлдээ дасан зохицоод болгохоос өөр аргагүй. Бид Улаанбаатарт байгаа танхимуудыг голох шаардлагагүй шүү дээ. Тухайлбал, СТӨ-нд оччихоод бидний дуугаралтыг дийлэхгүй гэх юм бол “Та нар гадааддаа очоод тогло” гээд хөөгдөнө. Бид өөрсдөө эвгүй байдалд орох байхгүй юу.

Тиймээс байгаа орчин нөхцөлдөө дасан, зохицоод аль болох сайхан тоглолт зохион байгуулахыг зорих хэрэгтэй. Би хувьдаа СТӨ, ДБЭТ, УДЭТ, UB palace-ийн зрителийг муу гэж хэлж чадахгүй. Бөхийн өргөөнд хүмүүс бараг амьдарч байна шүү дээ. Тэндээ ороод сурчихаж.
Монголынмэдээ
Х.Өнөржаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.