Д.Баатаржав: Бид аль нэг улсыг дууриалгүй өөрсдөөрөө л хөгжих ёстой
Нийслэлийн хүндэт иргэн ярьж байна” энэ удаагийн буланд маань Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Д.Баатаржав оролцлоо. Тэрээр нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, соёл хүмүүжил, боловсрол гээд олон асуудлаар үзэл бодлоо хуваалцсан юм.
 
-Та нийслэл Улаанбаатар хотынхоо талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Юуны өмнө Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотдоо ажиллаж, амьдарч байгаадаа туйлын баяртай байна. Яагаад гэвэл аливаа улсын нийслэл бахархал болж байдаг. Тийм учраас би Улаанбаатар хотдоо  хайртай. Сүүлийн үед дэлхийн жишигт нийцсэн өндөр барилгууд баригдаж байна.
 
Ард иргэдийн маань үзэмжтэй хувцаслалт, биеэ авч яваа байдал, мөн дээр нь аль ч улсын нийслэлийн иргэдээс дутахааргүй амьдарч байна. Энэ утгаар нийслэл хотдоо үйл ажиллагаа явуулж байгаа засаг захиргааны хамт олон, тэдэнтэй харьцаж байгаа төр болон ТББ-ууд энэ бүгдийн ач тус гэж би ойлгодог. Монгол Улс зах зээлд шилжиж улаан паспорттой болсноор “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” гэдэг шиг манай бизнесмэнүүд газар газраас чанартай бүтээгдэхүүн авчирч, улс эх орноо болон ард иргэдээ хангаж байдагт нь сэтгэл хангалуун байдаг. Бас олон улсынж ишигт нийцсэн барилга байшингууд баригдаж байна. Гэхдээ манайхны барьсан барилга хоёр гуравхан жил болоод навсайчихдаг. Зарим барилгууд үнэхээр стандартын шаардлага хангахгүй,стандарт зөрчсөн зөвхөн ашиг хонжоо, мөнгө хөөсөн байдлаар баригдаж байгааг нуугаад яахав. Хотын дарга Э.Бат-Үүл бид дотоодын компаниудаа дэмжиж үзлээ, болохгүй байна өрсөлдүүлье гэж хэлж байсныг их зөв гэж бодож суулаа. Гадныхан орж ирээд өөрийнхөө нутгийн ханшаар тооцоод барилга баривал бариг л дээ. Тэгээд барьсан барилгуудаа тухайн улсын гудамжны нэр, эсвэл дэлхийд алдартай хүний нэрээр хотхонуудаа нэрлэчих юм бол сайхан хөгжих боломж бий.
 
-Та нийслэлийн хүндэт иргэн, олимпийн аварга хүн. Энэ утгаар нийслэлдээ ямар оролцоотой байх ёстой гэж боддог вэ?
 
-Нийслэлийнхээ иргэний хувьд иргэнийхээ үүргийг биелүүлдэг. Учир нь гудамжинд хог тарихгүй, аль болох цэвэр цэмцгэр, янз бүрийн буруу үйлдэл хийж байвал ингэж болохгүй, энэ чинь бидний л юм шүү дээ гэж хэлдэг. Тамирчид, шавь нартаа ч Нийслэлийн иргэн хүн гэдэг ухамсартай, соёлтой, боловсролтой аливаа зүйлд сэтгэлээсээ хандах ёстой гэж захидаг. Үнэнийг хэлэхэд Улаанбаатар хотод маань хотын хүн шиг амьдардаг хүн цөөхөн болжээ. Суурь хүмүүжилтэй, хотын унаган иргэн залуучууд маань бүгд гадагшаа гараад, харин сурч боловсрох гэж ирж байгаа орон нутгийн иргэд харьцангүй олон болсон байна. Гэвч тэд нийслэлийн дэг жаяг, хууль дүрмийг сайн мэддэггүйн улмаас гэмт хэрэгт өртөх, хэрэг хийх, гудамжинд хог цаас тарьж бүдүүлэг зохисгүй үйлдэл гаргах нь нэлээд байдаг. Тиймээс аливаа асуудал гаргасан хүмүүсийн ихэнх нь хөдөөнөөс ирсэн байдаг нь сэтгэл эмзэглүүлдэг. Харин бидэн шиг хотдоо яаж амьдардаг вэ гэдгийг ээж ааваасаа суралцаад төлөвшчихсөн хүмүүс хүрээ соёлоо сайн мэднэ. Ийм харьцангүй зүйлүүд байна.
 
-Тэгэхээр Улаанбаатар хотын иргэн болж төлөвших л хамгийн чухал байна шүү дээ?
 
-Тэгэлгүй яахав. Улаан­баатар хотод ирж суурьших гэж ирж байгаа иргэд тухайн хотын дэг жаяг, дүрэм журмыг мэддэг баймаар байна. Тэднээс тодорхой хэмжээний асуулга аваад түүнийгээ баталгаажуулж байвал энэ  хүн ийм түвшингийн хүн байна гэдгийг мэдэх боломжтой. Ингэж Улаанбаатар хотын амьдрал хөдөө тийш тэлснээр за би ийм байж хотын иргэн байх юм байна гэсэн ойлголтыг авч түүнд өөрийгөө бэлтгэж суралцана гэсэн үг.
 
-Нийслэлээс гарч буй бодлого шийдвэр иргэддээ хүрч чадаж байна уу. Хот төлөвлөлт ч их явагдаж байна?
 
-Миний бодлоор Улаан­баатар хот маань дээр үеэсээ дэлхийн олон улсын жишигт хүртлээ хөгжөөгүй явж ирсэн шүү дээ. Харин түүнээс хойш олон төр засаг солигдож ажилласнаар дэлхийн жишигт хүрэхийн тулд дор бүрнээ л бодлого боловсруулаад хамтран ажиллаж байгаа намууд үйл ажилагаа явуулж байгаа. Үүнийг би хувьдаа их дэмжиж явдаг. Яагаад гэвэл эрх барьж байгаа намууд хийе гэснээ хийг л дээ.
 
Бид яагаад заавал хийж байгаа ажлыг нь үгүйсгэх ёстой юм бэ.Тэд үзэж харсан зүйлээ бодож төлөвлөж ингэвэл улс орон ард иргэд маань тайван амьдарна гэсэн бодлоор ажлаа явуулж байгаа.Тийм учраас би хувьдаа өнөөгийн нийслэлийн удирдлагуудаас гарч байгаа бодлого шийдвэрүүдийг буруушаадаггүй. Нийслэл маань үнэхээр нийслэлийн дайтай, олон улсын жишигт хүртлээ хөгжвөл бид бүхний л амьдрал дээшилнэ гэсэн үг. Тийм учраас бид маш зөв ойлголцож дэмжиж ажиллах нь иргэн хүний үүрэг байх болов уу гэж бодож байна.
 
-Та дэлхийн олон улс орнуудаар явж байсан байх. Тэдгээрийн хөгжлөөс манайх тусгаад авчихмаар ямар улс орнууд байдаг вэ?
 
- Би хувьдаа Улаанбаатар хотоо ямар нэг улсын жишгээр хөгжиж байгаа гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл Монгол Улс дээр үеэсээ төрт ёстой, хаад ноёдоо дээдэлж тэднийхээ үгэнд орж яг л улс шиг улс явж байсан. Тийм учраас манайхан хэн нэгэн хүнийг, улсыг дагаад явах улс биш. Гэхдээ сүүлийн үед глобалчлалын энэ үед арда иргэдийн сэтгэл санаа олон тийш эргэдэг болчихсон юм шиг санагддаг. Гэхдээ бид аль нэг улсыг дууриахгүй, өөрөө өөрсдөө л хөгжих ёстой. Хамгийн гол нь туайн улс хот хөгжихийн тулд дэлхийн ямар стандартыг барьж хөгжих ёстой юм түүнийгээ л баримтлаад хөгжөөд байх юм бол хэнээс ч хараат бус хөгжих боломж бий.
 
Тухайлбал Канад улсын Ванкувер хот гэхэд л бараг 100 жилийн дараа дэлхийн жишигт хүрсэн хот болсон гэж ярьдаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, машины явах дэд бүтэц, барилга орон сууцны норматив нь бүгд хангагдсан. Энэ бол нэг дор хийх зүйл биш. Манайхны хувьд эдгээр ажлуудыг иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудаар дамжуулж хийх хэрэгтэй. Тухайн аж ахуйн нэгжүүд өөрийнхөө мэдэлд байгаа газрыг олон улсын жишигт хүрсэн стандартын дагуу тохижуулах сурах хэрэг­тэй.Түүнээс дандаа л төр засаг, төслөөр хийх ёстой гэлгүйгээр өөрсдөө хүнийхээ төлөө сэтгэл тавиад явах юм бол нийслэл төрд ачаалал өгөөд байх зүйл биш. Нэг үгээр хэлбэл гадны орнуудаас харсан туршлагуудаасаа дэлгэрүүлээд харьяа байгууллагуудад нь хандаад энэ хэсгийг нь ийм болгоод хөгжүүлчихье гээд л албан газрын дарга нар эрвийх дэрвийхээрээ зүтгэх юм бол улс маань дэлхийн жишигт хүрсэн хот болно. Гэтэл манайхан нэг юм хийх болохоор мөнгө байхгүй, заавал төсөвт суулгана ч гэдэг юм уу заавал төрийн ачааллаар хийх гээд байдаг нь төвөгтэй.
 
-Монгол залуучуудын орон. Тиймээс залуучуудын ухамсар, соёл, боловсролын талаар юу хэлэх вэ?
 
-Сүүлийн үед боловсролын асуудал дээр анхаарал тавимаар байна. Анги үсэргээд, хуучин монгол үсэг байж байгаад больсон гээд сүүлийн хэдэн жил хүүхдээр тоглолоо шүү дээ. Бас хүүхдийн мэдлэгийн түвшин, хүүхэд залуучуудын хоорондын харилцаа, мэдлэг оюуны бяр үнэхээр сул болсон. Жишээ нь “АХА” нэвтрүүлэгт оролцсон хүүхдүүдээс гурван эрэгтэй хүүхэд төрүүлсэн ээжийг ямар ээж гэж нэрлэдэг вэ гэхэд янхан, садар эм гэх мэтээр хариулж байна. Энэ нь аав ээж нь нэгдүгээрт хүүхдэдээ юм хэлдэггүй, хоёрдугаарт гэртээ ардын аман зохиол, үлгэр туульс, оньсого таавар зүйр цэцэн үгээр нааддаггүйтэй холбоотой. Ийм сайхан монгол ёс заншилтай сургалт бидний үед байсан, алга болсон.
 
Гэтэл одоо компьютерээс бүх зүйлийг шууд хуулж аваад, эвлүүлээд реферат, дипломоо хийгээд өгчихөж байна. Нэг л их дипломтой хүмүүс л яваад байхыг нь хараад арай л буруу замаар хөгжөөд байгаа юм уу гэсэн бодол төрдөг. Энэ тал дээр нийслэл Боловсролын газартайгаа хамтраад нэг тийш нь засч залруулах цаг нь болжээ. Нийслэлд хүний эрхийн бүхий л асуудал явж байгаа ч гэлээ нийслэлийн иргэн хүний эрх үүргийг зөв ойлгуулах тал дээр нэвтрүүлэг явуулж баймаар байна. Бүр тодруулбал хүүхэд залуучуудын дунд уулзалт зохион байгуулаад та хотын иргэн үү, хотын иргэн ямар байх ёстой вэ санал асуултууд тавиад байвал нэвтрүүлэг их хүнд хүрдэг шүү дээ. Энэ үүднээс хүмүүс бие биесээ хүндлээд сайхан харилцаад явбал улам сайхан болно. Өөрөөр хэлбэл хүрээ соёл гэж байх ёстой.
 
-Ер нь та “Нийслэлийн хүндэт иргэн” гэдэг алдрыг хувьдаа юу гэж ойлгодог вэ?
-Би 2008 онд “Нийслэлийн хүндэт иргэн” болсон. Гэхдээ би нийслэлийн хүндэт иргэн хүн ямар хэм хэмжээний эрх, ямар хөнгөлөлтүүд эдлэх ёстой юм, иргэнийхээ хувьд нийслэлдээ юу хийж бүтээж байх ёстой юм гэдгийг хараахан ойлгохгүй байгаа. Яахав хувь хүнээс хамаарах хууль дүрмийг мөрдөөд, зохих төлбөрүүдээ төлөөд явж байна л даа. Үнэхээр нийслэлийн хүндэт иргэн гэдэг статустай байгууллага байдаг бол бид уулзаад ярилцаад, татвар төлөх ёстой юм уу, бид нийслэлийн хүндэт иргэний хувьд юу хийх ёстой юм гэдгээ харилцан ойлголцож баймаар байгаа юм л даа.
 
-Тэгэхээр та нийслэл хотынхоо хүн ард, үйлчилгээг ямар байгаасай гэж хүсч байна вэ?
 
-Хамгийн гол нь цэвэр цэмцгэр, хэрэг төвөг багатай, иргэдийн харилцаа ямар байдаг юм тэр түвшинд байх хэрэгтэй. Тэгээд төрийн захиргааны үйлчилгээ хүнд сурталгүй, чирэгдэл багатай, иргэддээ хандсан байвал зүгээр юмуу гэж боддог. Гэхдээ одоо нэг цэгийн үйлчилгээ ажиллаж бас мэдээллээ чөлөөтэй авдаг болсон. Энэ бол дэвшил. Харин үүнийгээ цааш нь хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлт маш зөв. Нөгөө талаар өглөө гүйх талбай, спорт цогцолборууд цөехөн байна. Байгаа газрууд нь өглөө эрт босоод гүйх гээд очихоор бүгд цоожтой байдаг. Энэ нь Монгол Улсын иргэний төлөө ажил болохоос биш, тэр компанийг мөнгө ол гэж өгөөгүй биз дээ.
 
Нийслэл таймс
Д.Нэргүй
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.