Д.Отгонбаяр: Монголчууд ямар ч тэмцээнд оролцсон хүчирхэг гэдгийг дэлхийд харууллаа

Монголын Үндэсний Бие хамгаалах урлагийн холбооны тамирчид Унгарын Будапешт хотноо болсон шидокан каратэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, Монголын үндэсний  тулааны урлагийн  гайхамшгийг мэдрүүлээд иржээ. Тус холбооны тэргүүн, ОУХМ, хар бүс, зургадугаар дантай  Д.Отгонбаяртай  ярилцлаа.

-Дэлхийн дэвжээн дээр улсынхаа нэрийг дуурсгаж, монгол тулаанчдын эр зоригийн гайхамшгийг мэдрүүлж ирсэн  та бүхэнд уншигчдынхаа өмнөөс  баяр хүргэе. Энэ удаагийн тэмцээний онцлог, манай тамирчдын ур чадвар ямар байв?

-Баярлалаа. Монголын шидокан каратэгийн холбооны шугамаар  Монголын үндэсний бие хамгаалах урлагийн холбооны зургаан тамирчин, хоёр дасгалжуулагч Унгар улсад зохиогдсон шидокан каратэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Нийтдээ 20 орны 132 тамирчин оролцсон. Ази тивээс Япон, манай улс хоёр очсон. Ихэнх нь Европын орнуудаас оролцсон. Бусад орны тамирчид автобусаар очиж байхад манай баг  гурав дамжаад нисч очсон. Гэсэн ч манай тамирчдаас У.Үүрийнцолмон, Ц.Амарсанаа нар мөнгө,Г.Балдангомбо, Г.Мөнх-Од нар  хүрэл медаль  хүртсэн амжилттай эх орондоо ирлээ. Цагийн зөрүүгээс болж тамирчид маань жаахан ядарч очсон ч бэлтгэл сайн байсан.

-Унгарчууд хэр хүлээж авав. Тэнд байгаа монголчууд  та бүхнийг дэмжив үү? 

-Шидокан каратэгийн урлагт монголчууд тэр бүр мэддэггүй болохоос Бабу нэрээр  олон улсад алдаршсан  Д.Бямбадорж  гэж дэлхийн таван удаагийн аварга  Монголын шидокан каратэгийн холбоог тэргүүлдэг юм шүү дээ. Японоос ирсэн каратэгийн хар бүсний наймдугаар дантай мастерууд   болон Унгарын каратэгийн зургадугаар дантай Атилла гэж монгол хааны нэртэй их мастер нь “Бабу ирсэн үү”  гэж асуусаар угтсан. Бид хамт явах байсан ч виз  нь хоцорч гарсны улмаас тэмцээндээ  очиж чадаагүй. Унгарт очиход Монголын Элчин сайдын яамныхан биднийг  тоссон, мөн манай холбооны  менежер байсан н.Пүрэв-Очир  маань гэр бүлтэйгээ Будапештэд амьдарч байгаа болохоор сайхан хүлээж авсан. Хамгийн гол нь тухайн тэмцээн болохыг урьдчилж зарлуулаагүй, цаг тулсан байсан болохоор очсон тамирчдаас гадна монгол үзэгчид гарын таван хуруунд багтахаар цөөхөн байлаа. Ер нь бол Унгарт 1000 гаруй монгол хүн ажиллаж, амьдардаг гэнэ лээ.

-Дэлхийн аваргын тэмцээнээс дөрвөн медалиас гадна ямар олзтой ирэв?

-Хамгийн гол нь монголчууд ямар ч тэмцээн, уралдаанд оролцсон хүчирхэг юм байна шүү гэдгийг дэлхий дахинд харуулж чадсан нь том олз.

-Бас туршлага хуримтлуулсан байх?

-Тулааны спорт өвөрмөц онцлогтой. Бөхийн аль ч төрөлд дүрэмд баригдаж, эндээс ийм мэх гардаг, тэндээс тийм туршлага авлаа гэдэг. Тэгвэл бие хамгаалах урлагт тоглолтыг нь хэчнээн урьдчилж үзсэн ч тамирчин тухайн нөхцөл байдалд тохируулж, дуртай техникээ хийж тоглодог. Давуу талаа ашиглахгүйгээр тоглох боломж ч бий. 

-Танай холбоо хэчнээн гишүүн, тамирчинтай вэ?

-Монголын үндэсний бие хамгаалах урлагийн холбоо яг суралцаж байгаа гишүүдийн тоо гэж нарийвчилж гаргах боломжгүй. Яагаад гэвэл, цэрэг, армийнхан их хичээллэдэг. Энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа тусгай ангиуд зэрэг хүчний байгууллагынхан сүүлийн үед үндэснийхээ бие хамгаалах урлагаар их хичээллэдэг болсон. Ардуудын дунд бол Хэнтий аймгийн Бор-Өндөрт “Тас” клуб, Дархан-Уулд “Дархан нударга”, Улаанбаатарт “Оргил”, Мон-Зо”, “Од”, “Монгол нударга”, Хилчин” зэрэг клуб байна. 

-”Монгол-Зо” буюу Монголын бие хамгаалах урлагийн холбоог “Монгол-Зодоон” гэж хүмүүс шууд утгаар ойлгоод байдаг?

-Зо гэдэг нь нэгдүгээрт, зорилго, хоёрдугаарт зохицол, гуравдугаарт зодоон гэсэн үгийн товчлол юм. Хүн аливаа амьдралдаа зорилготой амьдарна, зохицол гэдэг маань хүн бүх шинжлэх ухаанд зохицож амьдрах ёстой. Түүний дараа зодоон гэдэг хар ярианы хэллэг байна. Ийм  гурван үгийн товчлол байгаа юм.

-Монголд тулааны урлагаас ямар төрлүүд эрчимтэй хөгжиж байна?

-Монголд бие хамгаалах урлаг үүсч хөгжөөд үндсэндээ 25 дахь жилдээ эрчимтэй хөгжиж байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь манайхаас гадна таеквондогийн төрөл юм. Энэ нь дотроо хоёр төрөл байдаг. Нэг нь Өмнөд Солонгос, нөгөө нь Хойд Солонгосынх, гэхдээ Өмнөд Солонгосынх нь олимпийн төрөлд орсон. Каратэгийн төрлүүдээс кёкушэнкэй каратэ, шидокан каратэгийн холбоо Монголд эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг. Мөн кикбокс  болон Монголын үндэсний бие хамгаалах урлаг буюу монгол зодооны урлаг эрчимтэй хөгжиж байгаа.

Үндэсний бие хамгаалах урлагийн холбооны тамирчдын хувьд гадагшаа өөрийнхөө төрлөөр тулалдах боломж хомс, яагаад гэвэл  ийм тэмцээн уралдаан дэлхийд байдаггүй.  Яагаад үүнийг онцолж хэлж байна гэвэл, монгол үндэсний бие хамгаалах урлаг бол монголчууд хүчирхэг байсан гэдгийг би болон манай хамт олон судалсны үндсэнд гаргаж ирж хөгжүүлээд 25 жил болж байна. Энэ урлагийн онцлог юу вэ гэвэл, монголчуудын цэрэг зэвсгийн урлагийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж ирснээрээ онцлог.

-Монгол зодооны урлаг бусад төрлүүдээс юугаараа давуу юм бэ ?

-Дэлхийн ямар ч нэртэй мастерууд ирээд монгол хүнд яг тэр тулааны урлагийн шинжлэх ухааны үндэслэлийг зааж өгч, ойлгуулж чадахгүй. Тэгэхээр монгол хүнд монгол хэлээрээ шинжлэх ухааны үндэслэлийг зааж өгч, ойлгуулж байгаадаа үндэсний бие хамгаалах урлагийн давуу тал оршино. Энд нэг зүйлийг хэлэхэд, каратэ ч бай, кикбокс, тайбокс,таеквондо ч бай, бие хамгаалах урлаг гэдэг нэг л зүйл. Тэдгээрийг нэг талаас нь, тухайлбал таеквондо гэхэд хөлийн эрдмийг нь аваад хөгжүүлчихсэн, ушу-гийн төрөл гэхэд хий тулаан, зэвсгийн эрдмийн талыг хөгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, цогц зүйлээс нэгийг нь салгаж аваад хөгжүүлсэн гэж ойлгож болох юм. Яагаад ингэж тодорхойлж байна гэхээр тухайн улс орны хүмүүсийн сэтгэхүй, нийгмийн байдалд зохицуулж зөвшөөрөгдөх хэмжээнд хөгжүүлсэн гэсэн үг. Монголын үндэсний бие хамгаалах урлагийн холбооны тамирчид бол эдгээр тулааны урлагийн алиных нь ч дүрмээр зохицон тоглож чаддаг.

-Бие хамгаалах урлагийн өмнөх үеийн уламжлал гэвэл?

-Монголчууд асар их нууцтай. Монголчуудын тулааны урлагийн нууц гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Үүнийг энгийнээр тайлбарлая л даа. Тухайлбал,  суурьшмал соёлтой улс орнууд, Японд гэхэд л ушу, каратэг гаргаад ирж байна. Тэр тухай ном, бичиж, түүх сударт ч үлдээж. Монгол цэргийн эрдэм, монгол зодооны урлагийн онцлог юу вэ гэвэл, зөвхөн нэгдсэн сургуулилтын үед л түүнийгээ хийхээс биш аав нь хүүдээ, хүү нь хүүдээ, өвлүүлэх зарчмаар өрх гэртээ нууцаар уламжлагдаж ирсэн учраас тулааны урлагийн аргачлалууд нь асар нууцлагдаж үлдсэн.

ЯПОН, СОЛОНГОСУУДЫНХ ШИГ ХЭТ ТОНГОЙЖ, МЭХИЙН ЁСЛОХ НЬ МОНГОЛЧУУДАД ЗОХИХГҮЙ

-Тулааны спортын тухай ярихад эр хүн, эр зориг, хүн чанарын тухай яриа ундардаг. Өнөөдрийн эрчүүдийн тухай, эгзэгтэй цаг үе ирэхэд тэргүүн эгнээнд хэн явах бол гээд эргэцүүлэхэд танд юу бодогддог вэ?

-Эгзэгтэй үе ирэхэд тэртэй тэргүй эрчүүд нэгдүгээр эгнээнд, тэр байтугай эмэгтэйчүүд ч хөдлөх байх. Харин таны ярьсан дээр нэг зүйлийг тодотгож хэлэхэд, бие хамгаалах урлагийг олон улсад боловсролынхоо системд суулгаад өгчихсөн байдаг юм. Яагаад боловсролын систем дотроо, биеийн тамирын хичээлийн программдаа суулгаж өгдөг вэ гэвэл, би түрүүнд хэлсэн, бие хамгаалах урлаг хүний бие бялдарыг хөгжүүлэхээс гадна бүх шинжлэх ухааны суурь ойлголтыг хүүхдэд өгдгөөрөө асар чухал үүрэгтэй. Ялангуяа, төлөвшүүлэхэд. Дээр нь үзэл суртлын нэг асуудал байгаад байдаг. Би Япон хүн, үндэсний бие хамгаалах урлаг болсон каратэгээр хичээллэнэ гэдэг. Тэгвэл Солонгос хүн ч адил, хүүхдээ багаас нь үндэснийхээ урлаг болсон таеквондогоор хичээллүүлдэг. Бие махбодийг нь хөгжүүлэхээс гадна үндэсний үзлийг төлөвшүүлэхэд тэр асар чухал. Энэ хий хоосон зүйл биш, хүний биеийг шинжлэх ухааны үндэстэйгээр, хамгийн зөв дасгалуудыг хийлгэж  хөгжүүлж байгаа юм. Нэг зүйлийг хэлэхэд, манайд 1990-ээд оны үед секц дугуйлан хичээллүүлэхэд, хүүхэд залуучуудад юм заахад амархан байсан. Тэр үед модон шалтай хоосон заал л байсан. Одооных шиг зориулалтын татами, хэрэглэл байгаагүй. Тэгэхэд бүх хүүхэд, залуус  урагшаа хойшоо өнхөрч, суниаж чаддаг, тийм биеийн тамирын боловсролыг сургуулиуд олгож чаддаг байсан. Тэгвэл өнөөдөр 12-13 настай хүүхэд орж ирээд зүгээр явган суулгахад чадахгүй унаж байна. Бүх өвчний суурь болсон биеийн гажиг хөгжил, эмгэгийг бага насандаа олж авч байгаа нь харамсалтай. Нөгөө талаас, таны түрүүнд асуусанчлан  эгзэгтэй цаг ирэхэд бие хамгаалах урлагаар хичээллэдэг хүмүүс эсрэг талдаа арай илүү хохирол учруулна. Бие хамгаалах урлагийн зарим төрөлд эхлээд давш, дараа нь хамгаал гэдэг. Зарим нь шууд давшиж тоглодог. Тэгвэл монгол зодооны урлагт тухайн үед шийдвэрээ зөв гаргахыг заадаг. Ер нь бол бие хамгаалах урлагаар  хичээллэнэ гэдэг багаасаа эх орноо хайрлах сэтгэл, үндэсний үзэл, ёс заншил, түүх соёлоор төлөвшинө гэсэн үг. Бие хамгаалах урлагаар хичээллэгсэд тусгай ёсолгоотой. Өнөөдөр улстөрчид “Төрийн дуулал”-ыг зүрхэн дээрээ гараа тавьж дагаж дуулаад байгаа болохоос 1990 онд манай бие хамгаалах урлагаар хичээллэгсэд гаргаж ирж хөгжүүлж, одоо түүгээрээ ёсолдог. Заримдаа би Төрийн тэргүүн, төрийн бусад  хүмүүст нэг зүйлийг маш тодорхой  зааж өгмөөр санагддаг юм.

-Юуг тэр билээ?

-Төрийн хүндэтгэлийн арга хэмжээ, ёслолын ажиллагаанд “Төрийн  дуулал” эгшиглэхэд манай   түшээд  цөс нь өвдөөд байгаа юм уу, нойр булчирхай нь өвдөж, ходоод  гэдэс нь хямарсан уу, тэр хавьдаа гараа тавьчихаад зогсоод байдаг. Уг нь дунд хурууг мөрний доторх товгор үед  тулгаж гараа тавихад алган доор нь зүрх нь булгилж байгаа шүү дээ. Бас нэг зүйлийг хэлэхэд, монголчууд хэзээ ч Япон, Солонгос шиг шаланд хүртэл мэхийж ёсолж байгаагүй. Монголчууд хагас мэхийдэг уламжлалтай.  Ингэхдээ тухайн хүнийхээ өөдөөс ямагт хардаг. Энэ нь тухайн хүн өөрийг нь үнэн сэтгэлээсээ хүлээн авч, хүндэлж байна уу, нөгөө талаас энэ нь өөрийгөө бас халдлагаас хамгаалахад бэлэн байж хянаж байдаг, нүдээрээ нэг ёсондоо өрсөлдөгчөө танихаас гадна, өөрийгөө ойлгуулж байдаг гэсэн үг. 

-Эцэст нь монгол­чууддаа хандаж та юу хэлэх бол?

-Монгол хүн хөгжихийн тулд хэтэрхий их бие биеэ шүүмжлээд байлгүй, аль ч салбарт өөрийнхөө өмнө байгаадаа эзэн болж, өмнөө байгаа ажлуудыг хүн болгон сайн хийж байвал амжилтанд хүрнэ. Бэрхшээлгүй амьдрал гэж үгүй ч  тэр болгоныг давж байж л хөгжинө, сайхан амьдарна. Хажууд байгаа бусад нь тэртэй тэргүй ойлгоно.

Улс төрийг харж байхад хүн болгон л маргах юм. Уг нь манайх шиг цөөн хүн амтай улс оронд ийм  байдал хэрэггүй. Улс орон гэдэг айлаар бол нэг л том өрх гэр. Эхлээд өөрийгөө зас, дараа нь гэрээ, төрөө зас гэдэг утга нь хүн биеэ боловсруулж хүн тэжээх чадалтай болж байж гэр бүл зохиож айл гэрээ авч явдаг, хувийн амьдрал нь тэгшрээд ирэхээр улс эх орондоо хүчээ өгч удирдаж чадна гэсэн үг юм. Заавал өр зээл тавихгүйгээр хийх өчнөөн боломж бий. Тэрийг мэдэх ухаантнууд л төрд сонгогдсон байж таарна. Би аль нэг намын гишүүн биш, миний ганц боддог зүйл бол  Монголоо гэсэн сэтгэлтэй байвал аль ч нам нь хамаагүй санагддаг.

Зууны мэдээ
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mergen buuch 2015-06-20 11:47:18
    buu baihad zodoonoor yah cn bilee
    103.229.121.124
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-03-28 04:22:03
      Биеийн өв тэгш хөгжил
      103.17.109.131
      Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-06-19 01:19:29
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.136
    Мэдэгдсэн Хариулах