Хэн, юу хэлэв
Ц.Нямдорж: Тавантолгойг хоёр хүн улс төрийн тэмцлийн золиос болгосон
 
Сүүлийн үед улстөрчдийн ганц ярьж байгаа сэдэв нь хоёр толгой. Тэр дундаа Тавантолгойн асуудлаар олон хүн байр сууриа илэрхийлж, багахан “дайн” хийгээд байгаа. Хэвлэлээр дайтаж байгаа гэхэд болно. Тэгвэл УИХ-ын гшпүүн Ц.Нямдорж Тавантолгойн асуудлаар зарим зүйлийг ярьжээ.
 
Тэрбээр “Тавантолгой дээр том гүрнүүдийн зодоон гэж сүртэй зүйл байхгүй ээ. Харин ч Тавантолгойн лиценз Монголын компанийн мэдэлд байж, монгол бизнесмэнүүд төрд буцааж өгсөн нь өнөөдөр Тавантолгойг тойрч хэрэлдэх эрхтэй болж байгаа юм. Лицензийг анхнаасаа гадаадын компани авчихсан, эвсэл лиценз эзэмшиж байсан монгол хүмүүс нь гадныханд зарчихсан юм уу, төрд будааж өгөөгүй бол Тавантолгойн хувь заяа харин ч монгол төрийн, монголчууд бидний мэдлийн гадуур явчих байлаа. Гэтэл бид мэдэлдээ байгаа энэ ордыг эзэн шиг нь мэдээд, хамтраад ойлголцоод ашиглаж чадахгүй яваа нь бас үнэн.
 
Намайг УИХ-ын дарга байхад “Энержи ресурс” гэж хамтарсан консерциум байгуулж, түүнд нь Монголын олигархиуд бүгд багтсан байсан. Тэд ч хөдөлгөж чадаагүй. Ер нь Тавантолгойг улс төрийн тэмцлийн золиос болгосон хоёр хүн бий. Нэг нь өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр, нөгөө нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тавантолгойгоос нэг нь сая төгрөгийн хувьцаа, нөгөө нь Эх орны хишиг хүртээнэ гэсэн. Тэгээд С.Баяр Эх орны хишиг сангийн хуулийн төслийг 2008 оны хавар УИХ-д өргөн мэдүүлсэн. 2008 онд АН Эрдэнийн хувьтай, МАН Эх орны хишигтэй сонгуульд орсон. Ингэж Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд биш улстөрийн тэмцлийн арга хэрэгсэл болгосон. Гэтэл одоо Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Тавантолгойгоос Эрдэнийн хувийг өг гэж хэлж байна уу байхгүй.
 
Сү.Батболд улстөрд ороогүй, бизнес эрхэлж явахдаа Тавантолгойн лицензийг авсан байдаг. Сүүлд нь Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёр элдэв юм яриад, С.Баяр шахаад лицензийг төрд авах яриа болсон. Тэр үед Сү.Батболд лицензээ төрд буцааж өгсөн. Буцааж өгөх үед цаана нь юу болсныг би нарийн ширийн мэдэхгүй. Ямар ч байсан Сү.Батболд өөрт ногдох хувиа төрд буцааж өгөөд Тавантолгойгоос гарсан. Энэ хүн сүүлд Ерөнхий сайд байхдаа Тавантолгойгоос иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргаж, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж “Эрдэнэс- Тавантолгой” компанийн ажлыг эхлүүлж, тендерээр их гүрнүүдийн сонирхлыг ижил тэнцүү хангасан консерциум байгуулсан. Гэхдээ манай улс өөрөө Оросын өмнө хэлсэндээ хүрээгүй гэдэг шалтгаанаар энэ консерциум цаашаа ажиллаагүй.
 
Энэ бол улс төрийн “халуун тогоо”-нд дотор нь битгий хэл ойрхон явсан хүн бүхний мэдэх түүх. Үүнээс илүүг би мэдэхгүй. Гай, гавьяаны тухайд ганц Сү.Батболдынх ч биш, бүх хүнийхийг түүх өөрөө тодруулаад, шүүгээд өгдөг юм. Хэрвээ бид заавал хэрэлдэх ёстой юм бол хувьцаа тэрэнд байсан, буцааж өгөхдөө ингэсэн л байх гэж хардаж хойшоо ухарч биш, ингэж ашиглая, тэгж ашиглах нь зөв гэж урагшаа явж хэрэлдэх хэрэгтэй. Тавантолгойг эсэргүүцээд байгаа хүмүүс одоо яах ёстой гаргалгааг нь хэлж өгөх хэрэгтэй. Мань мэтийг хоцрогдсоноор нь их дууддаг болсон байна билээ. Тэгвэл төрд орж байгаа энэ шинэ үеийн, ухаантай юм яриад байгаа хүмүүс Тавантолгойг яахыг хэлээд өгмөөр байна. Ард түмэн юугаар амьдрах, гурван сая хүнээ юугаар тэжээх вэ гэдгийг УИХ-ын даргаас эхлээд яриад өг л дөө. Хий дэмий буруу гэж дайраад хэрэггүй. Хүнээр хийлгэж болохгүй, өөрөө хийхгүй, хамтарч хийж чадахгүй, тэгсэн хэр нь гол хэрэглэгчээ өөрөөсөө үргээнэ. Энэ хооронд гадна талд юу болж байна вэ гэхээр урд хөршид Орос, Австралийн нүүрсний квот нэмэгдээд манайх хумхын тоос болоод дуусах гэж байна” хэмээн ярьжээ.
 
С.Чинзориг: Ээлжийн амралтын үндсэн хоногийг 20 байхаар өөрчилсөн
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Мөн өргөн барьсан хуулийн төслийнхөө талаар тодорхой мэдээллийг иргэдэд өгсөн байна. Тэрбээр “Өмнөх Хөдөлмөрийн хуулиас 25 зүйл заалт хэвээр хадгалагдаж, шинээр 26 зүйл нэмж тусгасан. Юуны өмнө хуульд орж байгаа өөрчлөлттэй холбоотой хэдэн зүйлийг хэлэх нь зүйтэй байх.
 
Нэгдүгээрт, хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг одоогийн хуулиар заавал шүүхээр шийдвэрлүүлдэг нь хугацаа их орж, сунжирдаг. Тиймээс энэ төсөлд хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг заавал шүүх гэхгүйгээр эхний ээлжинд ажил олгогчийн эрх ашгийг хамгаалах Эздийн байгууллага, ажилтны эрх ашгийг Үйлдвэрчний байгууллагатай хамтран гурван талтаар ярилцаж шийддэг байхаар тусгасан. Энэ нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хугацааг богиносгож, аль болох анхан шатандаа шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, гарсан маргааныг зохицуулах байгууллагын бүтцийг оновчтой болгосон сайн талтай юм. Хөдөлмөрийн хуулийн хамрах хүрээг өргөжүүлсэн нь шинэчилсэн найруулгын нэг давуу тал. Ялангуяа албан бус хэвшилд ажиллаж байгаа хүмүүс, малчдыг хөдөлмөрийн харилцаа үүсч буй бол асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулж байхаар хуульчилж байна. Ажилтнуудын ажил, амралтын цаг, цалин хөлстэй холбоотой томоохон шинэ зүйл заалт хэд хэд орсон.
 
Ялангуяа уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад, монгол ажилчдын цалингийн зөрүү их болсон. Гэтэл үүнийг манай хуулиар зохицуулах боломжгүй. Тиймээс адил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтанд ижил хэмжээний цалин өгдөг байх заалт оруулж байгаа. Одоо мөрдөж буй хуулиар хувийн хэвшлийн цалин хөлсний тогтолцоог зохицуулж чадахгүй байгаагаас цалин хөлс нь ажилтны ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялддаггүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүст ур чадвараас нь хамаарсан мэргэжлийн зэрэг дэв олгодог, зэрэг дэвээсээ хамаараад ялгамжтай цалин хөлс авдаг байх заалтыг шинээр тусгасан. Оюутан залуусыг цагаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой зүйлийг ч оруулсан. Оюутнуудад өдөрт дөрвөн цагаас хэтрэхгүйгээр цагийн ажил хийхийг зөвшөөрч, ажлын хөлсийг тухай бүрт нь авдаг зохицуулалтыг хуульчилж байна. Одоо мөрдөж байгаа Хөдөлмөрийн хуулиар ажиллагсдын ээлжийн амралтын үндсэн хоног 15. Судалгаагаар үзэхэд, Монгол Улс ээлжийн амралтын үндсэн хоног хамгийн багатайд ордог. Тиймээс ээлжийн амралтын үндсэн хоногийг 20 байхаар өөрчилсөн” хэмээн ярьсан байна.
 
О.Баасанхүү: Петро Чайнагийн тээвэрлэлтийг зогсоож магадгүй
 
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү иргэдээс ирсэн гомдлыг дагуу Петро Чайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад иржээ. Улмаар нөхцөл байдал газар дээрээ ямар байгаа талаар ярьсан байна. Тэрбээр “Би гурван зүйлийг шалгасан. Нэгдүгээрт, замын асуудал байна. Ерөнхий сайд болон УИХ-ын  дарга Петро Чайна компанийн үйл ажиллагаатай танилцахаар очих бүрд нь урдаас нь “Манайх асфальтан зам тавъя” гэдэг. Гэтэл одоо хүртэл тавиагүй байгаа. Энэ зам нь стратегийн маш чухал ач холбогдолтой. Тухайлбал, 26 км яваад Мянганы замтай, 68 км яваад Байгалийн үзэсгэлэнт цогцолбор болох Буйр нууртай огтлолцдог. Тиймээс 207 км асфальтан зам, 139 км сайжруулсан зам тавих ёстой. Энэ үүргийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн нь эхний асуудал.
 
Хоёрдугаарт, Тэнд ажиллаж буй монгол ажилчдын асуудал байна. Хөдөлмөрийн яамнаас тусгай эрх авсан “Зөв боломж” гэх байгууллагын зуучилсан ажилчдын ахуй орчин, цалин мөнгө, нийгмийн даатгалтай холбоотой янз бүрийн асуудал гарсныг шалгалаа.
 
Гуравдугаарт, шатахуун зөөвөрлөдөг Петрочайна компанийн тээврийн хэрэгслүүдтэй холбоотой асуудал байна. Тус компанийн зүгээс шатахууныг тээвэрлээд Хятад руу гаргадаг учраас тус улсын номертой байх ёстой гэсэн тайлбарыг хэлдэг. Ийм шалтгаанаар олон улсын гэрээ хэлцлийг хэрэгжүүлэхгүйгээр хятадын дугаартай машинуудыг явуулдаг. Гэхдээ талбай дээр ажиллах тусгай зориулалтын машинуудыг Монголоос авах ёстой. Тэнд монгол жолооч нарыг ажиллуулах ёстой юм. Бид 19 болон 21 дүгээр талбай руу явж очсон. Бороо орсны дараа явсан болохоор ч тэр үү хүнд байсан. Зөөлөн хөрстэй газар дээгүүр хүнд даацын машинаар 23 жил талхалчихаар ямар байх нь ойлгомжтой биз дээ. Гэрээний дагуу бол 2013 оны есдүгээр сард зам тавих ёстой. Хэрвээ замаа тавихгүй бол тээвэрлэлтээ зогсооно гэж гэрээнд заасан байгаа.
 
Асуудлын гол нь замаа тавиагүй мөртөө тээвэрлэлтээ явуулсаар байгаад байгаа юм. Би “Та хэдийн зав, цаг болохгүй байж магадгүй. Тэгэхээр төрийн байгууллагаас тээвэрлэлтийг нь зогсоохоос өөр аргагүй. Тэр тохиолдолд шатахуун Монгол Улсад байж байна. Мэдээж шатахууныг зөөвөрлөх ажиллагаа түр хугацаагаар хойшилно. Харин замаа тавиад дууссаны дараа тээвэрлэлт явагдах ёстой. Ямар шалтгаанаар замаа тавихгүй байгаа юм бэ” гэж асуусан.
 
Харин тус компанийн холбогдох албан тушаалтнууд 2015 оны аравдугаар сардаа 107 км замыг үлдсэн 100 км замыг 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд тавьчихна гэсэн. Тэд нар Буйр нуураас “Петро Чайна” компани хүртэлх 68 км замыг эхлүүлэх сонирхолтой байгаа. Харин уг ажил дээр Зам тээврийн яамнаас маршрут тогтоож өгөхгүй байна гэдэг асуудлыг мөн хэлж байна билээ. Нутгийн иргэд 68 км зам тавигдахыг маш их хүлээж байгаа. Миний зүгээс 14 хоногийн хугацаа өгье. Яриа хэлэлцээрт орох хэрэгтэй. Шинээр гэрээ байгуулах асуудлыг яръя гэсэн. Компанийн тээвэрлэлтийг шууд зогсоох нь бидний зорилго биш. Гол нь замыг нь тавиулах ёстой” хэмээн ярьжээ.

Монголын мэдээ
Н.Пунцаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-06-19 17:26:35
    Lalruud chadhgui bj hudlaa shalgalaa zogsoono ch geh shig zailaldaa ta nar bugdiig ni uguud duusga tegeed amar
    150.129.143.190
    Мэдэгдсэн Хариулах