Эмэгтэй гишүүд мэдээлэл хийв

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд өнөөдөр /2015.06.18/ Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Нийгэмд хүлээлт үүсгэсэн, олон хүүхэд болон залуу гэр бүлийн эрх ашиг хөндөгдөөд буй уг хуулийн төслийг УИХ-ын 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцүүлж, батлуулах шаардлагатай хэмээн үзэж, байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдааныг түр орхисон талаараа эмэгтэй гишүүд мэдээлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэхдээ, хаврын чуулган завсарлахад цөөн хоног үлдээд байна. Гэтэл уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр завсарлага авснаар энэ чуулганы хугацаанд хэлэлцэх боломжгүйд хүргээд байна. Тиймээс завсарлагын хугацааг наашлуулах, уг хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд батгаан батлуулах шаардлагатай хэмээн үзэж, УИХ дахь эмэгтэй гишүүд нэгдсэн байр суурьтай байгаа. Завсарлагын хугацааг наашлуулах хүртэл бид байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй, үүнийгээ холбогдох байнгын хорооны дарга болон УИХ-ын даргад мэдэгдсэн гэлээ. Гэхдээ чуулганы хуралдааныг түр орхин гараад байгаа энэ хугацаанд эмэгтэйчүүд, эхчүүд болон хүүхдүүдэд тулгамдаад буй олон чухал асуудлуудтай холбоотой шийдвэр гарах, хууль эрх зүйн шинэтгэл хийх тохиолдолд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоно гэдгээ мөн мэдэгдлээ.

Энэ хуулийн төслийг хэлэлцэж, батлах ёстой гэдэг шаардлага нь хүйсийн болон аль нэг намын улс төрийн бодлоготой хамаагүй болохыг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг онцлон хэлсэн. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлах нь монголын ард түмний, монгол хүүхдүүдийн сайн сайхны төлөө хийх ёстой алхам. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд улсын төсвөөс хувьсах зардлаа аваад явж байгаа бол цэцэрлэг хүрэлцээгүй хэсэг нь төрөөс олгож байгаа хувьсах зардлыг авч чадахгүй байна. Энэ нь шударга бус юм. Нөгөөтэйгүүр, хөдөлмөрийн чадвартай, өндөр боловсролтой ээжүүд, залуу гэр бүл хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүйгээс болж ажил эрхэлж чадахгүй байна. Энэ хэрээр нийгмийн хөгжил саатаж, ядуурал нэмэгдэж байна. Улс орны хөгжилд ч тодорхой хохирол учирч байгаа учир УИХ-ын эмэгтэй гишүүд дээрх хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэж, батлах нь зүйтэй хэмээн болохоо УИХ-ын гишүүн М.Батчимэг сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Мөн тэрээр “Энэ төрлийн үйлчилгээ нь олон улсад түгээмэл байдаг бөгөөд нийтлэг жишгийн дагуу хүүхэд харах бололцоотой хүмүүсийг лицензжүүлэн, зөвшөөрөл олгоод, аюулгүй байдал болон бусад асуудлыг шийдвэрлэн, төр хяналтаа тавих байдлаар хүүхэд асрах үйлчилгээ явуулах эрх зүйн орчныг Монгол Улсад бий болгох юм. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд 60 тэрбум төгрөг шаардагдах ч улсын төсвөөс энэ хэмжээний мөнгө гаргах боломжгүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ улс орны тусын тулд, ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө бид өнөөдөр үүнийг хийх ёстой. Улсын төсвийн зарцуулалттай бид танилцсан, энэ зардлыг зохицуулах боломж бий гэж үзэж байна” гэв.

Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ УИХ-ын зарим гишүүн энэ хуулийн төслийн талаар ярихдаа эрсдэл өндөртэй гэж байсан. Хуулийн төслийг боловсруулах болон хэлэлцэх хугацаанд эрсдлийг тооцон, шаардлагатай зохицуулалтуудыг тусгасан. Аюулгүй байдал болон бусад бүх хяналтыг эцэг, эх болон орон нутгийн холбогдох төрийн байгууллагууд хийнэ. Дээр нь гэрээгээр энэ харилцааг зохицуулах боломж бий гэдгийг танилцуулсан юм. Түүнчлэн таван ээж тус тусдаа хүүхэд хараад, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчилнө. Уг хуулийн төсөл батлагдсанаар нэг хуулийн этгээд харилцан гэрээ байгуулсны үндсэн дээр таваас илүүгүй хүүхдийг харж асрах, нэг хүүхэд асрах төв 15-аас дээшгүй хүүхэд харах үйлчилгээг явуулах хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр олон ажлын байр бий болно, мөн хараа хяналт дутмаг байгаагаас хүүхдүүд эрсдэлд орж байгаа тохиолдлууд буурна. Гэртээ түгжигдэн, гал түймэр тэргүүтэй олон эрсдэлтэй нөхцөлд өдрийг өнгөрүүлдэг хүүхдүүд энэ хуулийн төсөл батлагдсанаар харах хандах хүнтэй, хоол ундтай, хөгжих, нийгэмших бололцоог бүрдүүлсэн, төрөөс зохих ёсны халамжаа хүртэнэ гэдгийг хэлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Оюун “УИХ дахь намын бүлэг тав хоног завсарлага авснаар намрын чуулган буюу ирэх 10 дугаар сар хүртэл хойш тавигдах асуудал үүсээд байгаа юм. Тиймээс бид хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцүүлж, батлуулах зорилт тавьж, ийм алхам хийж байгаа юм. Хаврын чуулганаар багтаан баталснаар 2015-2016 оны хичээлийн жилд олон хүүхдийн асуудал шийдэгдэх бололцоо бүрдэнэ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авснаар дахиад нэг жилийн дараа л хэрэгжих, тодруулбал цаг хугацаа алдах асуудал үүсээд байна. Тиймээс завсарлагынхаа хугацааг багасан, зохих журмын дагуу хэлэлцэж хаврын чуулганы хугацаанд баталж өгнө үү гэдэг шаардлага тавьсан болохоо сэтгүүлчдэд мэдээлэв.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн бөгөөд 8 бүлгийн 17 зүйл,  68 хэсэг, 10 заалттай юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.