Эмэгтэйчүүдээ лоббидож улстөрд гаргая
УИХ-ын эмэгтэй гишүүд өнгөрөгч мягмар гарагт байнгын хорооны хуралдааныг орхин гарсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөр завсарлага авсан учраас ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж, хуулийн төслийг хэлэлцэх хүртэл хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэв. Ингэснээр өчигдөр товлоод байсан байнгын хороодын хуралдаан ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар хойшилсон нь мэдээж эмэгтэй гишүүдийн хуралдаа суухгүй байгаа нь нөлөөлсөн хэрэг юм. Нийгмийн хэрэгтэй асуудлыг хойшоо гэж тавьдаг, орд газар мөнгөтэй холбоотой асуудлыг нэн яаралтай хэлэлцэх дэгээр оруулж ирээд баталдаг эрчүүдийн дарангуйллыг эсэргүүцсэн тэдний үйлдлийг олон түмэн талархалтай хүлээж авлаа. Ийм л дайчин, шуурхай ажиллах ёстой юм гэдгийг ард түмэн эмэгтэй гишүүддээ дайж байна.
 
Тиймээс нийгмийн тулгамдсан асуудлыг орхиж, мөнгөтэй холбоотой хууль хэлэлцдэг эрчүүдэд 11 эмэгтэй маань үнэхээр нэгдэж чаддаг, нийгмийн дуу хоолойг төлөөлж суудаг гэдгээ энэ мэт үйлдлээрээ харуулах хэрэгтэй болжээ. Ингэж байж л тэд эмэгтэйчүүдийн үгийг сонсч, тэднийг бодлого шийдвэр гаргахад нөлөөлж чаддаг гэдгийг мэдрэх юм. Монгол төрд эмэгтэй улстөрчдийн хатан ухаан үнэхээр дутагдаж байсан гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харлаа. Хэдийгээр хүмүүнлэгийн үйл хийх, сургууль цэцэрлэгийн шав тавих ажилд тэдний дуу хоолой гараагүй гэх шүүмжлэл байдаг ч эмэгтэйчүүд маань чамлахааргүй амжилттай ажилласан. 11 гэдэг их биш ч өнгөрсөн жилүүдийг бодоход их тоо.

Хоёрхон эмэгтэй суудаг байсан тэр үеийг бодвол том амжилт. Тиймдээ ч 11 эмэгтэй маань нам харгалзалгүй бүлэг болж нэгдэн ажиллаж, улмаар Хүүхэд харах үйлчилгээ, Согтууруулах ундааны хяналт, Архины хяналт, Гэр бүлийн хүчирхийлэл зэрэг олон жилийн турш төрийн бодлогоос гээгдэж “хуучраад” байсан хуулиудыг шинэчилж чадлаа. Төсвийн талаар ямар мэдлэгтэй вэ гэдгээ ч харуулсан. Эмэгтэйчүүд гэхээр л гэр бүлийн асуудал ярьдаг юм биш гэдгийг М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун, Д.Оюунхорол, Л.Эрдэнэчимэг гээд олон мундаг эмэгтэй гишүүд харуулж байгаа. Уул уурхайгаар ч адилхан ярьдаг юм гэдгийг тэд баталж байгаа нь нийгэмд очих хамгийн том мессеж. Үндсэн хуулийн өөрчлөлтийг зоригтой дуугарч байгаа нь эмэгтэй гишүүд. Байгаль орчны салбарт дутагдаж байсан том том өөрчлөлтүүдийг хоёр эмэгтэй сайд хийлээ. Энэ мэтээр тэдний алдааг нь бус амжилтыг нь дөвийлгөж бичвэл бишгүй олон баримт дурьдаж болно.
 
11 эмэгтэй гишүүнтэй болоход юу нөлөөлөв

11 байхад л хангалттай юм уу гэдэг асуултыг мэдээж олон хүн асуух нь тодорхой. Мэдээж хангалттай биш. 76-д 11 гэхээр өнөөдрийн нөхцөл эмэгтэй гишүүд хэтэрхий цөөхөн байгаа юм. Тиймээс УИХ-д хамгийн багадаа л 20 эмэгтэй гишүүн байж хууль тогтоох харилцаа тэнцвэртэй төвшинд хүрэх учиртай. Нийгмийн бүх л салбарт тэгш эрхийн байдал алдагдсан ийм үед хууль тогтоох байгууллага нь өөрөө үлгэрлэж эмэгтэйчүүдийнхээ хууль тогтоох нөхцөл боломжийг хангаж өгөх нь зүйн хэрэг юм.

Эмэгтэйчүүд яагаад улстөрд байх нь чухал вэ гэдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай биш юм гэхэд харлаа, үзлээ. 11 гишүүнтэй болоход хуулийн дэмжлэгээс гадна хэвлэл мэдээллийн дэмжлэг асар их байсан. Хэн нэгний захиалгаар бус нийгмийн захиалгаар хэвлэл мэдээлэл тэднийг дэмжсэнээр өнөөдөр бид 11 гишүүнийг суулгаж чадсан гэхэд хэтийдэхгүй. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх чиглэлд шат шатандаа анхаарах цаг иржээ. Манайд боловсролтой эмэгтэйчүүд олон.

Нийгмийн бүх салбарт эмэгтэйчүүд дийлэнх байгаа. Гэтэл УИХ, Засгийн газрын төвшинд эмэгтэйчүүд яагаад байхгүй байна вэ гэдгийг ч судлах ёстой юм. Эрчүүд мөнгөтэй, харин эмэгтэйчүүдэд мөнгө байдаггүй. Монголчуудын уламжлалт сэтгэлгээнд байдаг бүсгүй хүн гэрийн ажлаа л хийх ёстой гэсэн хандлага нөлөөлж байна уу гэдгийг судлах том баг ч гарахад буруудахгүй. Улмаар өнгөрсөн сонгуулиар хуульдаа эмэгтэйчүүдийн квотыг 20 хувьд гэж тусгасан нь 11 эмэгтэй сонгогдоход нөлөөлсөн үү гэдгийг хэн ч өнөөдөр гаргаж ирээгүй нь өнөө цагт шүүрч авах судалгааны материал болоод байна.
 
Улс төрийн намууд өнөө хэр эмэгтэйчүүдийг үл тоож байна

1990 оноос хойш болсон сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байж вэ гэдгийг судалгаагаар гаргаж иржээ. Тухайлбал, 1992 онд 293 хүн нэр дэвшсэнээс 13 нь эмэгтэй нэр дэвшигч байжээ. Улмаар хоёр эмэгтэй гишүүн улс төрд гарч ирсэн байна. 1996 онд 302 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 18 нь эмэгтэй байж улмаар зургаан эмэгтэй хууль батлалцаж байв. 2000 онд 602 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 50 нь эмэгтэй байжээ. Ингэснээр найман гишүүнтэй болж парламентад хамгийн олон эмэгтэй суусан хэмээн бичигджээ. 2004 онд 244 онд нэр дэвшигч өрсөлдсөний 26 нь эмэгтэй нэр дэвшигч байжээ. Эндээс тав нь УИХ-д суусан байгаа юм. 2008 онд энэ тоо харин эрс буурч 57 эмэгтэй өрсөлдсөнөөс гуравхан эмэгтэй гишүүн сонгогдож байсан тоон мэдээлэл байна.

Харин 2012 онд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэж 174 эмэгтэй нэр дэвшигчээс 11 нь УИХ-д сууж чаджээ. Тэгэхээр тооны олонд гарч ирэв үү, сонгуулийн хууль эмэгтэйчүүдэд боломж олгов уу гэдгийг судлах нь зайлшгүй байгаа юм. 2012 онд улс төрийн намууд алдаагаа ухаарч жендэрийн байдлыг хангасан байдаг ч тойрогт эмэгтэйчүүдийг мөнгөлөг, хөрөнгөлөг эрчүүдтэй өрсөлдүүлэх, эсвэл жагсаалтын ард хэтэрхий хойно бичсэн зэрэг нь эмэгтэйчүүд гарч ирэх замуудыг хааж байжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сонгуулиар улс төрийн намууд нүд хуурах байдлаар аргалж өнгөрөөсөн гэсэн үг. АН, МАН хоёулаа 10 доторхи жагсаалтад нэг нэг эмэгтэйг зоож, бусад эмэгтэйчүүдээ дандаа 10-аас хойш жагсаасан байдаг. Улс төрийн намуудын нэр дэвшигчийн судалгаанд хийсэн дүнгээр эмэгтэйчүүд аль нэг хүчтэй улстөрчийг түшиж хамт нэр дэвшиж гарч ирсэн нь улс төрийн намууд өнөө хэр улс төрд эмэгтэйчүүд байх шаардлагагүй гэж үзэж байгаа хэрэг юм.
 
Холимог тогтолцоо эмэгтэйчүүд хамгийн ээлтэй

Ингэж дүгнэх олон шалтгаан байгаа. Мэдээж улс төрийн намууд, эрэгтэй улстөрчид өөрсдийгөө өмгөөлөх нь дамжиггүй. Эмэгтэй улстөрчдийн харьцааг хуульд заасны дагуу оруулсан гэх мэтээр өмнөөс олон шалтаг хэлнэ. Тэгвэл дээр хэлсэнчлэн эмэгтэй гишүүдийн тоог хамгийн багадаа 20 болгохын тулд шинэчлэн найруулагдаж байгаа Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн асуудлыг илүү нарийвчлан тусгаж өгөх ёстой юм. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх лобби бүлэг, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хороо зэрэг байгууллагууд хуульд эмэгтэйчүүдийн хувийг 30-аас дээш хувьд хүргэх, сонгуулийн тогтолцооны аль хувилбар нь эмэгтэйчүүдэд ээлтэй байх вэ гэдэг саналыг хүргүүлжээ.

Өөрөөр хэлбэл, 1992 оноос хойш явсан сонгуулийн тогтолцооны хамгийн боломжтой хувилбар нь 2012 онд явсан холимог тогтолцоо байсан гэдгийг судалгаа гаргаж тогтоосон байгаа юм. Тиймээс шинэчлэн батлах Сонгуулийн хуульд энэ тогтолцоог хангах, мөн жагсаалтын 28 нэр дэвшигчийг цахилгаан товчны зарчмаар жагсаах санал хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, гурван эрэгтэй нэг эмэгтэй, эсвэл гурван эмэгтэй нэр эрэгтэй гэсэн жагсаалт гаргах нь жендэрийн тэгш байдлыг хангаж буй нэг том алхам хэмээн үзсэн байгаа юм. Үүнийг улс төрийн намын дарга, улстөрчид дэмжинэ гэдгээ ч илэрхийлсэн нь маш том боломж.

Тэгээд ч эрчүүд шиг эмэгтэйчүүд сурталчилгаа хийгээд яваад байх боломжгүй учраас эмэгтэй улстөрчид төрд байх ёстой гэдгийг заавал хуульчилж шийдэх шаардлага байна. Өнөөдөр улстөрд мөнгөөр зодоод орж ирэх эмэгтэйчүүд тийм ч олон биш байна. Бизнес гэхээс илүүтэй салбар салбарынхаа ажилд мэргэших замыг бүсгүйчүүд илүүтэй сонгодог учраас тэдэнд улс төрийн намууд хуулиар боломж олгох нь зүйн хэрэг болов уу.
 
Монгол төрд хатан ухаан хэрэгтэй байна уу

Улстөрд эмэгтэйчүүд байх шаардлага байна уу гэдгийг дээр дурьдсан санаануудаас гадна хоёрхон жишээгээр онцлохыг хүслээ. Гайтид хоёр жилийн өмнө газар хөдлөлт болж олон ч улс орнууд тусламж хүргүүлжээ. Гэтэл тэдгээр тусламжуудад нэг л зүйлийг огтхон ч оруулаагүй байжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл. Тэгэхээр энэ тусламжийг явуулах асуудлыг эрчүүд хэлэлцсэн гэсэн үг. Нарийн ширийн ийм жижиг зовлонг ч эрчүүд анзаардаггүй гэсэн үг. Хоёрдахь жишээ, нь Монголд тун саяхан болсон үйл явдал. Аймгууд 90, 80 жилийн ойгоо тэмдэглэж УИХ-ын гишүүд бүгд л тойрогтоо бүтээн байгуулалт хийжээ.

Бүгд л аймгийнхаа зам талбайг тохижуулах, угтах хаалгыг шинэчлэх зэрэг дэд бүтцийн ажил хийсэн байгаа юм. Харин ганцхан эмэгтэй гишүүн аймагтаа зарцуулах мөнгөөрөө цэцэрлэг барьж өгсөн нь эмэгтэй улстөрч яагаад хэрэгтэй вэ гэдгийг уншигч авхай таньд олон тайлбаргүйгээр ойлгуулах буй за. Монгол төрд хатан ухаан хэрэгтэй. Өнөөдөр сонгогдсон 11 улстөрч сайн муугаараа хэлүүлж байгаа ч улс төрийн ашиг сонирхол, улстөржилтөөс ангид ажиллаж чаддаг гэдгээ өнгөрсөн хугацаанд харууллаа. Монгол төрд ажиллаж шийдвэр гаргах төвшинд ажиллах олон олон эмэгтэйчүүдэд том үлгэр дууриалал үзүүллээ хэмээн нийтлэлийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэхийг хүсч байна.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-07-01 00:51:52
    emegtei hun unench shudarga baidag. emegtei erunhiilegchtei boloh ni tun zuv sanaa bna
    202.70.41.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-06-18 11:31:29
    Илжиг модон хударгандаа гэгчээр монголчууд нэг их намчирхах юм Одоохон болох 2016 оны сонгуулиар АН мөн МАН-аас бусад нам хүчнийг л гаргах ганц гарц үлдлээ
    112.72.13.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Эмэгтэй хүнд дутагдал их бий шүү 2015-06-18 02:22:55
    Дутагдлыг нь тоочвол энд багтахгүй. Сайн тал нь харин багтана. ИХ-д тодорхой тоогоор байх нь зөвөө дэмжиж байна. Гэхдээ нөлөө багатай, орон тоо л бөглөх юм да.
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-06-18 01:33:35
    Xaana ch AVILGALD ortoj baidag trchuudig songoxgui SOLONGOS uls shig emegtei etonxiilogchtei bolyo .Uuniig exchuud emegteichiid bid xiij chadna
    122.201.21.73
    Мэдэгдсэн Хариулах