XXI зууны Ромео, Жульета
Ромео Жульета хоёр оюутны байранд амьдардаг байлаа. Атаархлын тоосонцор, итгэл алдрахын сэв ч шургачихын зайгүй сэтгэлээр зөвхөн биесээ хайрладаг байлаа. Жаргалтай зуны өдрүүд алсрахад тавчуухан зайтай байранд нь Хүйтэн хэмээх зочин айлчилжээ. Гурвуул эвтэй найртай сайхан амьдарч байтал бас нэгэн өдөр Гачигдал хэмээх зочин хаалга тогшилгүй орж ирээд, тэднийд зөвшөөрөлгүй суурьшчихав. Дөрвүүл өрөөндөө багтаад л амьдарч эхэллээ. Гэтэл, өвлийн нэгэн жихүүн үдэш хаалгыг нь хүчтэй тогшлоо. Хүйтэн өрөөнд дулаан хөнжилөөс суга үсрээд босох ямар хэцүү билээ дээ. Ромео, Жульета хоёрыг тээнэгэлзэн хэвттэл Гачигдал хаалга руу зүглэв. Хаалгаа нээтэл Хоосон түрийвч, Өлөн ходоод хоёр нэлээн даарчихсан бололтой зогсож байлаа. Тэднийг энэ хүйтэнд гадаа орхилтой биш дээ. Гэртээ оруулахаас өөр арга даанч байсангүй. Залуухан хосууд дундуур бүхнийг сэтгэлээрээ дүүргээд, байхгүй бүхнийг хайраараа орлуулаад, дөрвөн “найз”-тайгаа тарчигдуухан амьдарч эхлэв. Зочин нэмэгдэж ирэлгүй овоо хэдэн долоо хоног өнгөрөв. Гэтэл…

Гэтэл нэг орой халамцуухан Хэрэгцээ хаалга зад саван орж ирээд, хос хоёрын хөнжилд шургаад хурхирч эхлэв. Амьдрал ч хэцүүдээд ирэх нь тэр. Хэрэгцээ бүхнийг дээрэлхэх боллоо. Хулчгардуухан зантай Гачигдал, Хоосон түрийвч, Өлөн ходоод гурвыг Ромео, Жульета хоёр л өмөөрнө. Харин Хүйтэн “найз” нараа өмөөрөх нь бүү хэл, хааяа хааяахан Хэрэгцээтэй нийлж байгаад, өнөө хэдийгээ гөвшөөд байх янзтай болов. Энэ бүхний лай ланчинг хөөрхий Ромео, Жульета хоёр л хүртэнэ.

Нэгэн удаа Ромео Хэрэгцээнд хөөгдөж гараад, хотын гудамжаар жихүүцэн алхаж яваад, Мөнгө хатагтайтай учирлаа. Мөнгө хатагтай Ромеог дулаахан байрандаа аваачин өнгөтөн, амттан, нялуухан үгсээр шөнөжин дайллаа. Залуугийн бүх л амьдралынхаа туршид гартаа барьж, биедээ хүргэж үзээгүй зүйлс энд байх бөгөөд тэр яг л хаан шиг тухлалаа. Түүнд энэ чигээрээ үүрд үлдмээр санагджээ. Гэтэл сэтгэлийнх нь гүнээс хонгорхон Жульеттагийнх нь нулимс дуслуулсан нүд, инээмсэглэсэн уруул хоёр түүнийг хатгаад авах шиг л боллоо. Энэ бол Хайр байлаа. Ромео Хайрыг таниад, түүнтэй хамт гэр лүүгээ явах гэж байтал Мөнгө хатагтайн Архи гэдэг шивэгчин ирж, залууг согтоогоод, Хайр найзыг нь хөөж гаргаад, хаалгаа түгжчихэв.

Хайртыгаа санан гансарсан Жульетагийнд нэгэн өдөр Мөнгө хатагтайн менежер Жийп ирлээ. Тэр түүнд хуримын урилга гардуулахаар иржээ. Ганихарсан Жульеттаг хутга шүүрэн авах тэр мөчид Жийпийн туслах Дарс бүсгүйн гарыг барин хорьж, уран үгсээр ятгалаа. Жийп Өлөн ходоодыг амттанаар, Хоосон түрийвчийг зоосоор, Хүйтэнг нэхий дээлээр, Гачигдалыг гоо сайхны бараагаар, Хэрэгцээг гар утсаар хахуульдчихаад бушуухан “зугтав”.

Дөрөв хоногийн дараа Жульетта, Хоосон түрийвч, Өлөн ходоод, Гачигдал, Хүйтэн тавуул халаалтгүй өрөөндөө хоолгүй тогоогоо сэгсэрээд сууж байлаа. Хуучин байдал нь эргээд иржээ. Харин энд ганцхан Ромео л алга. Гэтэл Жульетагийн толгойн дундуур савхин гутлаар татаад авах нь тэр. Хэрэгцээ түүнийг хөөж гаргаад, хаалгаа түгжлээ. Гадаа жихүүхэн байв. Алхлаа. Хөл нь гуйвж байв. Явлаа. Газар дайвж байв.

Жульета дулаан байранд торгон хөнжил дотор сэрлээ. Нүдээ нээгээд хартал бүх юм гял цал. Өндийгөөд хартал өмнөх ширээн дээр нь амттан өрөөстэй байв. “Олдсон дээр нь” гээд юуг ч анзааралгүй идэж эхэллээ. Цадлаа. Босоод алхтал үйлчлэгч нар түүнийг өнгөтөн бүхнээр чимэв. Жульета зүүдлэж байна уу гэж бодоод өөрийгөө чимхэж үзлээ. Тэр зүүдлээгүй ажээ.

Хэсэг хугацааны дараа нэгэн цэмцгэр залуу орж ирээд, түүнтэй танилцав. Түүнийг Солонгос гэдэг гэнэ. Солонгос бүсгүйг Алт, Алмаз, Орд харш, Эрх мэдэл нартай танилцууллаа. Тэдний хувьд Жульета бол өнгө, харин бүсгүйн хувьд тэд мөрөөдөл байлаа. Жульетагийн “найз” нар нь ч энд ирчихсэн байв. Хэрэгцээ өрөөнүүдээр хэсч, Хоосон түрийвч зоосоор тоглож, Өлөн ходоод амттанд бялуурч байлаа. Гачигдал “найз” нь алс хол орших өөрийн нутагтаа буцжээ. Харин Хүйтэн ганцаар гэрээ сахин үлдсэн аж.
Бүгд жаргалтай байлаа.

Харин… Харин Хайр л бүгдээс онцгой, гунигтай, зожиг байв. Хэн ч түүний энэ байдлыг анзааран өрөвдөж, аргадсангүй. Сүүл сүүлдээ Эрх мэдэл, Алт, Алмаз, тэр ч бүү хэл Хэрэгцээ тэдэнтэй нийлж, хөөрхий Хайрыг гадуурхах болов. Хайр энэ бүхнийг тэвчин, хавар, зун, намрыг үдлээ. Харин өвлийн эхэн сарын нэгэн өглөө тэр хуучин байр луугаа орголоо.

Удалгүй Ромео, Жульета хоёр ч түүний араас хүрээд ирэв. Ахиад л Ромео Жульета хоёр халаалтгүй өрөөндөө Хүйтэн, Хоосон түрийвч, Өлөн ходоод, Гачигдал, Хайр нартайгаа хоолгүй тогоогоо сэгсэрээд сууж байлаа. Гэтэл Хэрэгцээ ахиад л тэдэн рүү хашгичин дайрлаа. Нам гүм байдлыг эвдэж, сэтгэл хирдхийлгэсэн хэрцгий Хэрэгцээг Хайр ганцхан дэлсээд, хаалгаар гаргаад шидчихэв. Маргааш өглөө нь тэд эртлэн босож, нүүр гараа угаагаад, хичээлдээ явахаар гарахыг завдтал Хэрэгцээ тэдэн рүү хашгичин дайрлаа. Тэгэхэд нь Ромео, Жульета, Хайр гурав Хэрэгцээг дэмнэн өргөөд, цонхоор гаргаад шидчихэв. Ингээд Ромео, Жульета, Гачигдал, Хоосон түрийвч, Өлөн ходоод нар “гутал тослодог гудамжнаа” орших их сургуулийнхаа зүг баяр хөөртэйгөөр одож, харин Хүйтэн гэрээ сахин үлдлээ.
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.