Б.Арго: Итали хэл бол агуу, түүний дэргэд англи хэл бол зүгээр л лего тоглоом
“Хүн бүхэн цаг хугацаагаар амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж, цаг хугацаагаар аз жаргал, гуниг зовлон, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Та энэ цаг мөчид хэн бэ, таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо”. Энэ бол “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын бэлтгэн хүргэдэг “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн эхлэл. Манай сонины редакци энэхүү нэвтрүүлэгт  оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа олон орны хэл эзэмшсэн гэдгээрээ түмэнд танигдаж, “Ард түмний гавьяат” хэмээн цоллуулах болсон Б.Аргогийн өнгөрсөн жил “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Таны нэр? 

-Намайг Батсүхийн Арго гэдэг.

-Арго гэдэг нэр маань эцэг эхээс тань заяасан нэр үү, эсвэл?

-Эцэг эхээс заяасан нэр минь бол Ариунболд. Тэгээд оюутан байхад сагсны команд Арго гэж дууддаг байсан. Бас хичээл заах гээд өөрийгөө танилцуулахаар нэр маань жаахан урт байсан учраас Арго гэдэг нэрээрээ хэлэхэд хялбар байсан учраас солиулчихсан юм.

-Тэгэхээр Ариунболд гэдэг нэрийн товчлол гэж ойлгож болох уу?

-Санамсаргүй байдлаар тэгж таарсан. Дараа нь сайн судлаад үзсэн чинь тэнгэрт байдаг өвгөн одны аймгийг Арго гэдэг юм байна билээ. Бас Грекийн эртний алтан хурганы арьс олох гээд явж байгаа, аливаа зүйлийг нээгч улсуудыг Аргонавты гэдэг. Тэгээд ийм сайхан нэр аз болж мунхаг надад таарсанд туйлын их баяртай байдаг.

-Таны нас?

-1966 онд төрсөн гэхээр одоо бол хий настайгаа 48.

-Таны цусны бүлэг?

-Тэрийг чинь ёстой тодорхойлуулаагүй юм байна. Ер нь цусны бүлгээ тодорхойлуулъя гэсэн чинь ерөөсөө зав гарахгүй явсаар байгаад таарсан.
-Хүмүүс ихэвчлэн жолооны үнэмлэх авахдаа цусны бүлгээ тодорхойлуулсан байдаг шүү дээ?
-Би ерөөсөө жолооны үнэмлэх авч үзээгүй л дээ. Энэ машиныг авснаас хойш найман жил дандаа жолооч авч ажиллуулсан. Хувийн жолоочтой болохоор жолооны үнэмлэх авах шаардлага байхгүй.

-Шашин шүтлэгийн хувьд?

-Би бол бөгтөр хүзүүтэй бөө мөргөлтөн хүн. Тиймдээ ч Чингис хааны он тооллын төвийг удирдаж авч явдаг. Нийтдэг хар алаг, цагаан сүлдний нийтдээ 44 тахилгыг 2007 оноос 2012 оныг дуустал хийсэн байдаг. Есөн сард алаг сүлдийг, арванхоёрдугаар сард буюу Чингис хааны төрсөн өдрөөр хар сүлд тахидаг. Дөрвөн сард буюу тэнгэрт одсон өдөр нь цагаан сүлдийг тахидаг. Зуны дунд сарын шинийн 16-нд бүгдийг нь нийлүүлж нэг тахидаг. Монгол Улсын 16 аймагт тахилга хийж, найман том сүлдийг угсарсан байгаа.  

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Гэр бүлийн маань хүнийг Г.Одгэрэл гэдэг, удган хүн бий.
  
-Таны хэлэх дуртай үг?

-Би хүнд байнга нэг зүйлийг хэлээд байдаггүй. Ер нь “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэр” гэдэг үгэнд дуртай. Яагаад гэвэл энэ үгийг манай төр засаг мэддэггүй.


-Таны сонирхол болон хобби юу вэ?

-Би бол оройны 19.00 цагаас үүрийн 03.00 цаг хүртэл гадаад хэлнийхээ номыг бичих дуртай. Сонирхол бол Элвис Пресли, Битлзийн дуунуудыг сонсох дуртай. Ер нь хуучны дуунуудыг сонсох их дуртай. Спортын тухайд хөлбөмбөг их сонирхоно. Тэгэхдээ үзэх дуртай, харин тоглох зав байдаггүй. Сүүлийн 20 жил гадаадад ажиллаж байгаа хүн шиг л амьдарсан. Би 25 хэл мэддэг гэж хэлээд Монголын ард түмэнд ам гараад, сүүлдээ ам руугаа алгадуулж, загнуулсан л даа. Мэддэг чинь хаана байна гээд. Тэгээд би англи, герман, франц, япон, солонгос, хятад гээд зургаан хэлний ном бичсэн. Тэгээд одоо боллоо гэсэн чинь тийм зүйл байдаггүй юм байна. Нэгэнт ам гарсан л бол түүндээ хүрэх ёстой байдаг юм байна гэдгийг яс махандаа хүртэл ойлгосон. Тэгээд зуны гурван сар сайхан сууж байгаад итали хэлний гэрийн багш гээд долоо дахь номоо гаргалаа. Одоо дахиад үлдсэн 18 номыг жилд нэгийг нь бичнэ гээд тооцвол дахиад 17-18 жил амьдарна. Хэрвээ 17 жил амьдрах юм бол 64 насандаа Монголын ард түмний өрнөөс гарах юм шиг байна. Ер нь бичнэ гэж бодож байгаа. Чадахгүй юм биш.

-Таны дуртай болон дургүй хоол?

-Надад сайхан ааштай хүний хийсэн ямар ч хоол байсан таалагддаг. Тэгэхгүй хоол хийж байхдаа хэрүүл уруул хийгээд байвал ямар ч өндөр зэрэглэлийн рестораных байсан ч шингэдэггүй. Сэтгэлээсээ хар шөл хийгээд өгвөл тэр их сайхан даа. 

-Бүр багадаа таны хүсч, мөрөөдөж байсан мэргэжил?

-Би бүр хар багаасаа л Б.Ренчин гуай шиг олон хэлтэй болохыг л мөрөөддөг байсан. Манай эмээ Б.Ренчин гуайн гэрийн үйлчлэгч /орчин үеийнхээр/ байсан. Тэгээд би тэднийхээр их орж гардаг байлаа. Тухайн үедээ би энэ хүн шиг цагаан сахалтай, эрдэмтэн хүн болно гэж боддог байсан. Би энэ орчлон ертөнц дээр хоёрхон хүнийг шүтдэг. Чингис хаан, Б.Ренчин багш хоёрыг л шүтдэг хүн.

-Согтууруулах ундааг юу гэж боддог вэ?

-Архи бол идээний дээж, хар тэнгэрийн ундаа. Тэнгэрийн ундаа болохоос биш хүний ундаа биш. Хүн архийг уухдаа тунг нь тааруулж, зөв тохируулах хэрэгтэй. Шастирт “Бардам их уувал балай биш үү,  бага багаар уувал жаргал биш үү” гэж бичсэн байдаг. Тэгэхээр нь ер нь бол архи маш сайхан ундаа. Нэг удаа хятадуудтай ярилцаж байхад “Танай монголчууд архийг муу хэлж муухай уудаг учраас үр дагавар нь муу байдаг” гэж байсан. Гэтэл хятадууд архийг уухдаа маш их хүндэтгэж, хайрлаж уудаг. Уухдаа гурван жүнзийг л уудаг учраас хэзээ ч муу үр дагавар авчирдаггүй. Архийг бол чөтгөрийн хаан 10 муу хорыг нийлүүлж гаргасан ундаа учраас уух тусам улам шунан дурладаг эд гэж байгаа юм. Хааяа бас наргиж цэнгэхгүй бол энэ амьдрал уйтгартай шүү дээ. Би ч гэсэн 20, 30 хоног 14-15 цаг ажилладаг болохоор хэрэг болгож виски аваад мөс хийж байгаад шанагаар уучихдаг юм. Гэхдээ би гэртээ уудаггүй, оффистоо уучихаад л буйдан дээрээ нам унтаад өгдөг. Би архийг хүнтэй уудаггүй. Уухдаа би өөрийнхөө дотор хүнтэй ярьж, сэтгэлээ нээх гэж л уудаг юм. Маргааш нь хамаг ядаргаа гараад сайхан болчихсон байдаг. Ер нь энэ хорвоо дээр хүний стрессийг тайлдаг гуравхан зүйл байдаг юм.

-Та ер нь ямар зан чанартай хүн бэ?

-Тэр бол би байтугай бурхан багш ч мэдэхгүй. Хүн өөрөө өөрийгөө мэддэггүй. Яагаад гэвэл хүний таван мэдрэхүй дотогшоо биш гадагшаа хардаг учраас хэн ч өөрийгөө мэдэхгүй.

-Тэгвэл бусад хүмүүс таныг ямар зан чанартай гэж дүгнэдэг вэ?

-Бусад хүмүүсийн тухайд хоёр хуваагдаад байгаа юм. Дийлэнх хэсэг нь Арго багш мундаг, сайн гээд яриад байдаг. Үлдсэн хэсэг нь энэ бол ерөөсөө галзуу, солиотой, өвчтэй хүн гэх мэтээр ярьдаг. Интернэтээр ороод харахад л миний талаар бусад хүмүүс юу гэж боддог нь хангалттай бий.

-Энэ нийгэмд стресс гэж нэг зүйл байна. Хэрвээ та стресст орвол ямар аргаар тайлдаг вэ?

-Би хэлсэн шүү дээ. Архи уугаад өөртэйгөө яриад, сэтгэлээ уудлаад, уйлмаар байвал уйлаад тайлж болно. Хүнтэй яриад бол хэрэггүй. Хүн хүний зовлонг ерөөсөө ойлгодоггүй. Хоёр дахь арга нь бол жаахан ичмээр юм. Товчхондоо бол эмэгтэй хүний хайраар тайлж болно. Гурав дахь арга нь маш өндөр төвшинд бясалгаж тайлах нь хамгийн сайн арга. Тэгэхдээ хүмүүс цаг завгүй байдаг учраас стрессээ янз бүрээр л тайлах гэж оролддог байх. 

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?

-Ярилцлага өгөөд тэр нь телевизээр гарах үедээ хийгүй, хүнд өгөөжтэй, сайхан болсон байвал овоо доо гэж боддог.  

-Цаг хугацааг ухраадаг машин байсан бол та хэдэн онд очих байсан бэ?

-Би яг эндээ л баймаар байна. Энэ үе минь надад их таалагддаг.

-Таныг сургуульд сурч байх үеийн хамгийн мартагдашгүй дурсамж?

-Би бол нэг л темпэндээ байж байдаг, нэг ажлыг эхэлчихвэл уйдахгүй хийж л байдаг. Хамгийн мартагдашгүй дурсамж гэвэл конкурсад ороод сургуулийн хуваарь авч байх үедээ маш их баярлаж байсан. Тэр үед чинь одоогийнх шиг мөнгө л байвал яваад орчихдог байсангүй. Сургуулийн хуваарь авах гэж бөөн юм болдог байлаа шүү дээ. Дунд сургуульд гэвэл 24 дүгээр сургуулийн сагсны багтай алтан медалийн тоглолтыг хийж байх үед сүүлийн таван минутад гурвын зооноос гурван удаа гоол оруулж, нэг онооны зөрүүгээр алтан медаль хүртэж байсан маань мартагдашгүй юм. Бага насандаа гэвэл Б.Ренчин багшийн царайг анх харсан үе маань хамгийн аз жаргалтай үед орно. Сургууль төгсөөд би Баруун Германы Колен хотод очих үедээ ийм сайхан улс орон байдаг юм байна гэж бодож нэг их баярлаж байж билээ.

-Хэрвээ хүн маргаашийг урьдчилан харж чаддаг байсан бол та юу харахыг хүсч байна?

-Би үүнд их бодитой хариулт өгье. Миний хувьд долоон жил тахилгын ажилтай ноцолдсон учраас би улс орны долоон жилийн амьдралыг бол харж чадна. Хувь хүнийг үзэх зөвшөөрөл аваагүй учраас нийгмийн амьдралыг харах боломжтой. Тэгэхээр би монголчуудыг их сорилго хүлээж байна гэж л хэлнэ.

-Та унтахынхаа өмнө юуны тухай бодвол илүү сайхан амарч чаддаг байна?

-Би унтахынхаа өмнө өөрийгөө Монголын хөлбөмбөгийн ахлагч Арго гэж бодоод Бээжингийн талбайд 4:0 ээр хожигдож байгаад сүүлийн 15 минутад илт давуу ялалт байгуулаад Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод Месси, Рональдо нар шиг хөлбөмбөгийн фанатуудыг шуугиулж байна гээд л... Ер нь нойр хүрэхгүй болохоор иймэрхүү мөрөөдлүүд орж ирээд байдаг юм.

-Та өдрийн хэдэн цагийг хамгийн их хүлээдэг вэ?

-Би өдөр гэхээсээ оройн цагт их дуртай. Ерөнхийдөө 19:00 цагийн үед хүний биоэнерги сэргэдэг учраас тэр цагт ажлаа хийгээд эхлэхээр их сайхан байдаг.

-Толь хүн хоёрын харьцаа байнга байдаг. Ер нь та толинд өөрийгөө хараад юу гэж боддог вэ?

-Би чинь нэлээн царай муутай хүн юм байна шүү гэж бодогдоно.

-Таны хамгийн аз жаргалтай байсан үе?

-Хүү, охиноо төрөхөд, хуримаа хийх үед их аз жаргалтай байсан. Хүн юм чинь хүн ер нь юунд баярладаг вэ би тэр болгонд л баярлаж хөөрч байсан. Бас шинэ ном гарах болгонд бас баярладаг. Номоо гар дээрээ тавих үед их сайхан байдаг шүү.

-Та нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Тэр бол миний асуудал байх. Тэгэхдээ нэг ч удаа мөнгөөр дутсан үе байхгүй. Ерөнхийдөө ямар үед зарцуулахаас шалтгаалаад янз бүр байдаг. Хамгийн гол нь надад бизнест оруулах хөрөнгө оруулалт маш их дутдаг. Би зургаан хэлний номоо Хятад, Оросын зах зээлд гаргаж, монгол хүний ид хавыг үзүүлмээр санагддаг. Яагаад гадныхан монголчуудыг дандаа уруу, доошоо бодож байх ёстой юм бэ. Тэгэхээр монгол хүний ид хавыг мэдрүүлмээр санагддаг. Манайхан ч гэсэн брэнд гэж байхаар оюун санааны төвшинд маш том цохилтыг өгөх хэрэгтэй. Гэтэл манайхан чинь хийж бүтээж байгаа нэгнээ дэмждэггүй. Ямартаа л намайг доромжилж онигоо хүртэл гаргаж байх вэ дээ. Энэ бол миний алдар нэр, хөдөлмөр, оюуны бүтээлийг минь доромжилж байгаа хэрэг. Нийгэмд зохион байгуулалттайгаар хүнийг доош нь хийдэг бүлэг байгаа учраас хэн ч миний номыг гадны зах зээлд гаргая гэж хөрөнгө оруулахгүй шүү дээ. Тэгэхдээ би боддог юм. Хэзээ нэгэн цагт зорьсондоо хүрэх юм бол тэр цагт би хэлнэ.  

-Хүмүүсийг татахдаа өөрийнхөө ямар зан чанарыг ашигладаг вэ. Таны ямар зан чанарт хүмүүс татагддаг гэж боддог вэ?

-Надад нэг их хүүхнүүд татагдаад байдаггүй ш дээ. Хүний царай зүс, оюун ухаан бол урвуу пропорциональ хамааралтай байж магадгүй гэж би боддог юм. Учир нь зарим хүнд сайхан царай зүс заяасан ч ухаан муутай байдаг бол царай муутай хүн ухаантай байдаг шүү дээ. Тэгэхээр надад бол ийм ухааныг заяасанд би баярлаж явдаг. Миний ярьж байгаа зүйл сэтгэл зүрхнээс гарч байгаа болохоор хүмүүс дуртай байдаг болов уу гэж боддог.

-Та бүх зүйл сайхан бүтсэн үед гэртээ амраад, зурагтаа үзээд хэр удаан  хэвтэж чадах вэ?

-Би ч нэг их хэвтээд байдаггүй. Оройн цагаар оффистоо номоо бичдэг. Гэхдээ гэртээ байхдаа хүн үр хүүхэд, хань ижил, гэр орондоо цагаа зарцуулах хэрэгтэй. 

-Авлига гэж таныхаар юу вэ?

-Би наад асуудлыг чинь нэг их сайн ойлгодоггүй юм. Тухайлбал, миний шавь надад нэг өвлийн идэш өгвөл тэр авлига болох юм уу даа. Юу ч өгөхгүйгээр хүнээс юм шаардаж болохгүй биз дээ. Нэг удаа би “Хүнээс юм гуйж л байгаа бол гуйлгачин гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гээд хэлчихсэн байсныг миний нэг танил номдоо оруулчихсан байсан. Ер нь миний ам их болдоггүй юм шиг байгаа юм. Ер нь хүн хүнээс юм гуйж л байгаа бол хариуг нь заавал өгөх ёстой. Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ авлига гэдэг чинь төрийн хүн өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдэх асуудлыг хүнээс юм авч байж шийдэхийг л авлига гэж хэлэх болов уу. Түүнээс биш ганц үхрийн махны төлөөсийг авлига гэж хэлэхгүй байх. Төрсөн өдрийн бэлэг өгөх нь авлига болчихвол яах вэ.

-Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ?

-Би сэтгэл хөдлөлөө үгээр л илэрхийлдэг.

-Хайртай хүндээ төдийлөн хэлж чаддаггүй ч хэлэхийг хүсдэг тэр үг?

-Энэ бол их нарийн асуудал. Би бол гэр бүлдээ хайраа илэрхийлэхийн тулд үр хүүхдээ аятайхан орчинд амьдруулж, өндөр мэргэжил эзэмшүүлэхийн тулд мөнгө олох ёстой. Хүн хэчнээн агуу сэтгэл байгаад тэр хүн мөнгөгүй бол амьдрал явахгүй шүү дээ. Тийм болохоор миний хувьд үр хүүхдээ, гэр бүлээ сайхан байлгахын тулд хийх ёстой ажил маань мөнгө олох.

-Та дурлалдаа шаналаад уйлж байв уу?

-Хайрын тухай өгүүлсэн Р.Чойномын нэг сайхан шүлэг байдаг. “Залуу нас” гэдэг шүлгийг л хэлье дээ.

-Энэ хорвоо дээр амьдарч байгаад буцахын цагт бурхан тааралдаад таныг азтай гэх болов уу, эсвэл азгүй хүн гэх болов уу?

-Чиний асуулт их хийсвэр байх юм. Тэгэхдээ би хариулъя. Хүн үхээд энэ хорвоогоос хаашаа явах нь энэ насанд хийсэн буян, нүглийн заагаар шийдэгдэнэ. Хүний биеэс сүнс гараад дээшээ поог нь түлхэхгүй бол сүнс төрлөө олоогүй 3000 сүнсний оронд очиж, хүнд үзэгдэж, харагдах гурван зайд байна. Байхдаа хэрвээ араас нь үр хүүхэд нь буян хийхгүй бол эргээд үр хүүхдээ хорлодог. Энэ бол албин тийрэн болно гэж байгаа юм. Хэрвээ чи бусдад буян үйлдэхгүй, муу хар замаар амьдарч байсан бол буцахдаа дандаа албин тийрэнтэй тааралдана. Харин сайн амьдраад, үхэхдээ поогоо түлхүүлээд, 49 хоног дээр нь араас чинь буян үйлдвэл онгодын оронд төрж, барууны 55 цагаан тэнгэр, зүүний 44 хар тэнгэрийн оронд төрөх юм бол онгод болно. Тэр ертөнцөд орон зай, цаг хугацааны асуудал байдаггүй. Тэнд бол хүний амьдралаар тооцвол нэг жил нь нэг сая жилтэй тэнцэх тийм урт замыг туулж, чиний оюун ухаан байх болно. Харин дээшээ явбал гандангийн оронд очино. Тэнд бол жинхэнэ гэгээрсэн цөөхөн тооны сүнс очно. Тийм учраас энэ гурвын чухам алинтай нь таарвал юу хэлэх вэ гэж асуух нь зөв байх. Тэгэхээр би бол албин тийрэнгийн оронд төрмөөргүй байна. Дээшээ жаахан цойлоод очихыг хүсч байна. Миний ирсэн газар бол номын цагаан тэнгэр болов уу гэж би боддог. Б.Ренчин багшийн ивээсэн зүгээс би ирсэн болов уу. Сүнсний орон ярьж байна шүү дээ. Би шашин яриагүй шүү.

-Таны хувьд хамгийн романтик дурлалын түүх?

-Залуу нас дурлалгүй бол уйтгартай. Дурлал бол байна аа байна. Энэ асуултад чинь би Омар Хаяамын “Дуулим энэ хорвоод богинохон амьдрах тавилантай та бид дурлал дарс хоёргүйгээр насыг илээвэл нүгэлтэй биш үү. Мөнгөн сартай орчлонг цөмөөрөө л бид орхихоос хойш мөнхрөх эсэхийн талаар бодож суух илүү ажил гэлтэй...” гэсэн шүлгээр хариулъя даа.

-Та багадаа ямар тоглоомоор тоглодог байсан бэ?  

-Одоогийн бейсбол маягийн тоглоомоор л тоглодог байлаа.

-Нийгмийн цөөнх гэгдээд байгаа ижил хүйстнүүдийн талаар та юу гэж боддог вэ?

-Энэ бол бурхны хуулийн эсрэг л зүйл юм. Хамгийн гол нь энэ бол сэтгэцийн өвчин юм болов уу. Тэгэхээр ийм болоод байгаа хүүхдүүдийг эртнээс их хайрлаж, өсгөх хэрэгтэй байх.

-Айл бүхэнд гэрэл зургийн цомог байдаг. Та гэрэл зургийн цомгоо хэзээ, хамгийн сүүлд үзсэн бэ?

-Гурав хоногийн өмнө үзсэн. Ер нь би хааяа жаахан зав гарахаараа их үздэг. Тэгэхдээ би фэйсбүүктээ зургаа тавьдаггүй. Учир нь миний хамгийн сайхан нандин бүхнийг бусад хүмүүс яагаад харах ёстой юм гэж боддог. Ер нь фэйсбүүкийн найз гэж юу байх вэ дээ. Хүмүүс чинь бүх насандаа нөхөрлөж найзтай болдог. Эцэст нь эндээс шүүрдсээр байгаад цөөхөн найзтай үлддэг шүү дээ. Тэгэхээр тэр олон найзыг би худлаа гэж боддог.

-Таны хүүхэд насны баатар хэн байв?

-Б.Ренчин багш байсан. Би хэлсэн шүү дээ. Чингис хаан, Б.Ренчин багшийг шүтдэг гэж.

-Гэр бүлээс гадуурх харьцааг та юу гэж боддог вэ?

-Энэ бол хүн төрөлхтөний түүхэнд байсаар ч ирсэн, байх ч болно. Хүний сэтгэлийн нарийн зүйлийг хүн хэлж чадахгүй шүү дээ.

-Таныг нэг өдөр эмэгтэй хүн бол гэвэл эмэгтэй хүнийх нь хувьд юу хийж үзэхийг хүсч байна?

-Хүүхэд л төрүүлж үзэхийг хүсч байна. Гэхдээ тэр өвдөлтийг даах болов уу даа. Бид эмэгтэйчүүдийн тэр зовлонг ойлгохгүй шүү дээ. Манай эрчүүд чинь эмэгтэй хүний ажлыг хийж чадах ч үгүй. Эмэгтэй хүнийг гомдоосон хүн өөдөлдөггүй гэж ярьдаг. Тэгэхээр эмэгтэй хүнийг гомдоохгүй байхыг л их эрхэмлэдэг болсон. Өмнө нь их хатуу үг хэлчихдэг байсан бол тэрийгээ хүртэл больсон.

-Таны багын хоч?

-Би их олон хочтой байсан. Гэхдээ би хочинд их дургүй. Энэ бол доромжлол биз дээ. Тэгэхээр хүнийг бүтэн нэрээр нь дуудах ёстой.

-Хэрвээ та Монгол Улсын Ерөнхийлөгч байсан бол юу хийх вэ?

-Байхгүй юмны төлөө би яриад яах вэ дээ.

-Болзсон газраа, цагтаа ирээгүй найзаа хэр удаан хүлээх вэ?

-Ер нь би хүлээдэггүй. Учир нь би Германд байсан болохоор нэг минут ч хоцрохыг тэвчдэггүй. Цагийг яс барьдаг.

-Дэлхийн ирээдүйн хөгжил таныхаар ямар байх бол?

-Сайнаар төсөөлбөл сайхан л байна. Муугаар төсөөлбөл муухай л байна. Байгалиа бохирдуулж байгаа чинь муу үйл биз дээ. Тэгэхээр цаг мөч бүрт сайн зүйл л хийх хэрэгтэй. Хүн төрөлхтөний өөрсдөөс нь шалтгаалах зүйл.

-Таныг шүүмжлэхэд хэр хүлээж авдаг вэ?

-Хамгийн гол нь хүнийг шүүмжлэхдээ тэр хүнийг сайн мэддэг байх хэрэгтэй. Мөн шүүмжлэл нь үнэн зөв байх ёстой. Хүний нэр төрийг гутааж, доромжлох нь шүүмжлэл биш шүү дээ.

-Улс төр гэж таныхаар юу вэ?

-Улс төр гэдэг бол төрийн эрх мэдлийг ашиглаад жаахан хөрөнгө хураагаад авахыг хэлээд байх шиг байгаа юм.

-Хэрвээ та үл үзэгдэгч болчихвол  юу харахыг хүсч байна?

-Би бол үхсэн хүний сүнсийг харъя гэж боддог байсан. Тэгээд албин тийрэнгийн оронд төрсөн сүнсийг харсан. Их аймшигтай байдаг юм билээ. Аль болохоор тийм зүйл мэдрэхийг, харахыг хүсэхгүй байна.

-Та ер нь хэр зөн билэгтэй хүн бэ?

-Зөн билэг гэдэг бол юмыг урьдчилан хэлж чаддаг хүнийг хэлэх байх. Гэхдээ би бол хувь хүнийхийг хэлж чадахгүй, улс орныхыг бол хэлнэ.

-Таны зүүдэлж байсан зүүднээс биелж байсан тохиолдол байна уу?

-Зүүд бол багцаа байдаг шүү дээ. Заримдаа биелж байгаа юм шиг санагддаг шүү дээ.

-Таны хэлэх дургүй үг?

-Бардам үгэнд би их дургүй. Сүүлийн үед хүн бүхэн бие биеэсээ давж гарах гээд их бардамнадаг болж. Брэнд ярьж томордог болж. Энэ байдал хүүхдүүдийг их алж байна. Эцэг эх нь яаж ийж байгаад их, дээд сургуульд оруулж байна. Угтаа бол өөрөө хөдөлмөрлөөд, айлын шал угаагаад сургалтын төлбөрөө олчих бүрэн боломж бий. Гэтэл шал угааж байгааг нь мэдсэн хүмүүс өнөөх чинь доошоо орчихож гээд л ярина. Тэр хүн чинь цалингаа аваад, өөрийнхөө хөдөлмөрөөр сургалтын төлбөрөө төлж байгаа хүн чинь харин ноён байхгүй юу.

-Та энэ олон гадаад хэлнээсээ алийг нь хамгийн сайн эзэмшсэн бэ?

-Би ч одоо мэднэ гэж ам бардам яриагүй шүү дээ. Судалж байсан гэж ярьсныг л хүмүүс энэ нөхөр мэддэг гээд яриад эхэлсэн юм. Өөрсдөө хүн хөөргөчихөөд дараа нь буруутгаад байгаа юм шүү дээ. Миний хувьд 30 орчим орны хэлийг судалж, 18 орчим хэлний ярианы дадлагын программ зангидсан, долоон хэлний ном гаргасан. Энэ долоон хэлийг хүмүүст заасан. Эндээс хамгийн сайн мэддэг гэвэл жагсаагаад үзэхээр нэг эрэмбэ гарна л даа. Тэгэхээр япон хэлэндээ хамгийн муу гэж хэлэх байна. Итали хэл бол агуу, түүний дэргэд англи хэл бол зүгээр л лего тоглоом.

-Мөнгө гэж таныхаар юу вэ?

-Энэ хорвоогийн хаан юм. Зоосон мөнгөөр бодоход л тоотой тал нь мөнгө, сүлдтэй тал нь хайр юм уу даа. Мөнгө гэдэг муу зүйл биш. Гэхдээ тэрний төлөө хөдөлмөрлөх л хэрэгтэй.

-Одоогийн нийгэмд засч залруулах олон зүйл байна. Эндээс хамгийн түрүүнд үүнийг л засах ёстой гэсэн зүйл таныхаар юу вэ?

-Ер нь бол шуудайг цоолохын тулд цэгийг нь олж нэг л хүчтэй хатгах ёстой. Харин тэр цэгийг зөв олох хэрэгтэй.

-Та өөрийгөө амьтантай зүйрлүүлбэл?

-Намайг сургуульд байхад “луу” гэж хочилдог байсан.

-Маргааш дэлхий сөнөнө гэвэл та амжиж юу хийх вэ?

-Тэрийг чинь өнгөрсөн жил зөндөө их яриа биз дээ. Ер нь бол дэлхий сөнөнө гэвэл өнөөдөр хийх юмаа хийчихээд л унтана шүү дээ. Юундаа хоргодох вэ дээ.

-Та одоогийнхоо амьдралд сэтгэл ханамж хэдэн хувь байна?

-Би 100 хувь байна. Сайхан амьдарч байгаа.

-Та яг өдийг хүртэл хэр үнэн зөв хариулсан бэ?

-90 хувь нь юм уу даа. Дандаа гурил мах идэхээр ямар байх вэ. Түүнд чинь давс, кимчи энэ тэр гээд хачир хийгээд идвэл ямар байх билээ.
-Яг одоо танд төрж байгаа сэтгэгдэл?

-Би их олон хүний сэтгэлийг мэдэрч байна.
Монголын мэдээ
Буулгасан Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tulga 2016-05-30 22:01:52
    Yana daa uls tur gej alban tushaalaa ashiglaad mongo olohiig helne genuu. Iim bodoltoi Hun net devshiheer mongol yu boloh boloo
    205.197.242.145
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-06-15 06:55:53
    Сайхан ярилцлага болжээ
    202.70.38.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Дажгүй 2015-06-15 05:02:59
    Энэ хүн хүмүүсийн доромжилж гутаагаад байхаар хүн биш байна. Ухаантай ном уншдаг мундаг хүн байна. Нэг маань ингээд бор зүрхээрээ зүтгэж байгаа нь сайхан байн...
    202.179.20.84
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2015-06-15 03:20:17
    ok
    202.179.11.70
    Мэдэгдсэн Хариулах