Д.Алтанцэцэг: Хэрэг нь буцаад байгаа хэрнээ миний хүү хоригдсоор байна
Манай редакцийг зорин ирсэн энэ эмэгтэйг Д.Алтанцэцэг гэдэг. Түүний хүү 27 настай Б.Энхбат цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. "Хэрэг хийх нь байтугай эгчийнхээ хоёр хүүхдийг өсгөж өгсөн хүн шүү дээ. Хүнд тусархуу цайлган сэтгэлтэй миний хүү" гэж ярих ээжийн ирсэн шалтгаан нь хүүгийнх нь хүнд өвчин гэнэ. Бүтэлгүй хүнтэй нийлснээс болж нөгөөдүүл нь ах дүү, танил талаараа хөөцөлдсөөр байгаад хүүг нь ийм хэрэгт унагачихсан гэж Д.Алтанцэцэг хохирогч гэх хүмүүсийн талаар ярьж байлаа. Гэвч нэгэнт бид бусдын үйлдсэн гэм бурууг тогтоохгүй учраас гол асуудлыг нь тодрууллаа.

-Танай хүү хэзээ цагдан хоригдсон бэ?

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-нд эрүүгийн хэрэг үүсч байцаагдаж эхэлсэн. Шууд л хоригдсон. Одоо жил хоёр cap болох гэж байна. Анхан шатны шүүхээс есөн жилийн ял өгсөн. Бид давж заалдаад Нийслэлийн шүүхээс хэрэг нь буцаж Сонгинохайрхан дүүргийн шүүхэд очсон. Тэнд зарим хэргийг нь үндэслэлгүй байна гэж цагаатгаад долоон жилийн ял болгосон. Гэтэл хохирогчид нь давж заалдаад дахиад өөр шүүгч дээр хэрэг нь ирчихсэн байгаа. Энэ хугацаанд миний хүү цагдан хорих ангид байсаар байна.

-Хүүгийнх нь бие муу байгаа гэсэн?

-Манай хүү арьсны хүнд өвчтэй, дээрээс нь элэгний комд ороод бүх бие нь ногоороод ухаан алдаж байсан. Одоо 27 настай юм шүү дээ. Бид 3-4 удаа өмгөөлөгчөөр нь дамжуулж батлан даалтад гаргах хүсэлт өгч байсан, зөвшөөрөөгүй. Уг нь миний судалснаар хийсэн хэргийнх нь төрөлд 12 сар хүртэл хугацаагаар цагдан хорих ёстой гэсэн. Гэтэл одоо хугацаа нь бүр хэтэрчихсэн. Шүүхийн шийдвэр ч гарахгүй хэрэг нь буцаад байх юм.

-Та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Бие нь хэр байна?

- 14 хоногийн өмнө уулзсан. Бие нь маш муу байна лээ. Дуу нь цаашаа орчихсон, ядруухан харагдсан. Арьсных нь өвчин ихэсчихсэн хордлогод орсон  байна  лээ. Ангийн даргатай нь уулзаад цагдан хорихын эмнэлэгт хэвтүүлсэн. Агаар салхигүй битүү юманд байгаа хүүхэд ямар олиг байх вэ. Залуу хүн болохоор надад хэлэхгүй юм.

-Шүүх хурал  нь товлогдсон уу?

-Өнөөдрийн /өчигдрийн/ байдлаар товлогдоогүй л байна. Өөр шүүгч дээр очно гэсэн. Мөрдөн, прокурор, шүүхийн явц маш удаан байна. Шүүхийн байгууллага яаж ял өгөх вэ гэдгээ л бодоод байхаас асуудлын мөн чанарыг ялгаж, салгаж болдоггүй юм байх даа. Шүүгчээс шүүгч дамжаад л явуулаад байна. Эсвэл хурдан яллачих хэрэгтэй. Ядаж л хориход оччихвол нар салхитай, ажил хөдөлмөр хийгээд залуу хүнд арай дээр болов уу. Сүүлдээ ийм юм бодох боллоо. Энэ битүү газар арьсных нь өвчин хүндрээд хэцүү байна шүү дээ.

Б.ТӨГС
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шударга монгол 2014-06-05 06:51:44
    Эрэн сурвалжлагч нар минь шүүх прокурор, мөрдөгч нарын хууль бусаар хүн хорьдог асуудлыг сурвалжилж өгөөч. Хичнээн олон аавын хүү ээжийн охин хилсээр хоригдож байгаа болоо. Гэмт хэрэг хийсэн ч гэсэн ямар нь гадуур байцаагдаад ямар нь арьс махтайгаа нийлт