Цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргахтай холбогдсон тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.06.10/ хуралдаан 14 цаг 35 хувийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, М.Батчимэг, Н.Энхболд нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн юм.

Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцуулсан юм. Монгол Улс аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар бэхжүүлэхэд чухал ач холбогдол өгч, энэ бодлогын хүрээнд нутаг дэвсгэрээ аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэрэг, зэвсэг, түүний дотор цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх үүднээс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй хэмээн зарлаж, түүнийгээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах талаар тууштай арга хэмжээ авч ирсэн. Энэ үндсэн дээр 2000 онд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль баталж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоол гаргасан байна.

Манай улсын санаачлагыг олон улсын хэмжээнд ч сайшаан дэмжиж, 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоол батлан уг асуудлыг хэлэлцэх хэргийнхээ төлөвлөгөөнд оруулан хоёр жил тутам хэлэлцэж, уг статусыг бэхжүүлэхэд Монгол Улстай хамтарч ажиллахыг гишүүн орнууддаа уриалсан шийдвэр гаргажээ. Энэ тогтоолын заалтуудыг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн бөгөөд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд заасан цөмийн зэвсэгтэй 5 гүрэн болох АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Францтай улстай тус улсын статусыг бэхжүүлэх, түүнд зохих ёсны баталгаа олгох талаар идэвхтэй яриа хэлэлцээ хийсний дүнд эдгээр улсууд 2000, 2012 онд Монгол Улсад улс төрийн баталгаа олгосон. Улмаар Монгол Улсын өвөрмөц статусыг хүлээн зөвшөөрч, тэрхүү статусаа мөрдөх нөхцөлд түүнийг хүндэтгэж, зөрчих аливаа үйлдэлд дөхөм үзүүлэхгүй байхаа нотлон илэрхийлсэн байдаг.

Түүнчлэн 2013 онд Олон улсын парламентын Холбоо (ОУПХ), НҮБ-ын Зэвсэг хураах алба болон Дэлхийн ирээдүйн төлөө зөвлөл Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх тухай бодлого, энэ талаар Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль, тогтоолыг өндрөөр үнэлж “Ирээдүйг тодорхойлсон бодлогын шагналтан”-ыг тодруулахдаа манай улсын бодлого, хуулийг хүндэтгэлтэйгээр тэмдэглэжээ. Мөн өнгөрсөн онд болсон ОУПХ-ны Ассамблейн хүрээнд зэвсэг хураах чиглэлээр гарсан тэргүүн туршлагын асуудлыг хэлэлцэхдээ манай улсын туршлагыг тусгайлан хэлэлцсэн байна.

Улсын Их Хурлаас баталсан энэхүү хууль, тогтоолын хэрэгжилтийг Гадаад хэргийн яам нэг удаа, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван удаа гаргаж, уг хууль, тогтоолын заалтууд зохих ёсоор хэрэгжиж байна гэж үзсэний дээр өнөөгийн гадаад шинэ нөхцөл байдалд зохицуулан зарим нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн аж. Иймээс Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг улам бататгах, энэ талаар Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурталчилгаа, мэдээллийг сайжруулах үүднээс нэр бүхий гишүүд энэхүү тогтоолын төслийг санаачилжээ.

Гурван заалттай уг тогтоолын төсөлд Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусын талаар хийж буй ажлаа Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд жил бүр мэдээлж байх, мөн цөмийн зэвсгээс ангид байх статусын болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахтай холбогдсон үндэсний аюулгүй байдлын чанартай асуудлаар шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс урьдчилан чиглэл авч байхаар тусгажээ. Түүнчлэн цөмийн зэвсгээс ангид байх статусыг бүс нутгийн хэмжээнд урагшлуулах замаар тус улсын аюулгүй байдлыг бүс нутгийн аюулгүй байдалтай холбох, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ болон Казахстан улстай хил орчмын цөмийн байгууламжуудын талаар мэдээлэл солилцож байх зэрэг үүрэг чиглэлийг Засгийн газарт өгөхөөр тусгасан байна.

Энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн өмнө ийм тогтоол гаргах нь улс төрийн хувьд цаг үеэ олсон чухал арга хэмжээ болно гэж төсөл санаачлагчид үзэж байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцуулгынхаа үеэр онцоллоо.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан ч уг асуудлыг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулсан юм. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хэлэхдээ, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг хамтарч хуралдаж, зарчмын шинжтэй зарим асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх, төсөл санаачлагчийн төлөөлөлтэй санал солилцож зарим асуудлыг дахин нягтлах зэргээр ажиллаж байгааг дурдаад улс орны аюулгүй байдалтай холбоотой уг асуудалд нухацтай хандаж зөв томьёолох, орчин үеийн нөхцөл байдал, шаардлагатай уялдуулан зарим асуудлыг дахин нягтлах шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулах санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зөв хөө 2015-06-10 21:20:52
    Казахстанд одоо Япон АНУгийн цөмийн хаягдлыг авчирч булахаар боллоо гээд миний казах найз бөөн уур. Манайхан сургамж ав. Болгоомжил.
    77.61.9.230
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-06-10 08:53:53
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    49.0.200.183
    Мэдэгдсэн Хариулах