Сиричүүд Ерөнхийлөгчийн ардчилсан сонгуульд анх удаа саналаа өглөө
2011 оноос хойш иргэний дайнтай байгаа Сири улсад гурван нэр дэвшигч өрсөлдсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнгөрсөн мягмар гарагийн шөнө дунд өндөрлөсөн. Сон­гуульд одоогийн Ерөнхийлөгч Башар Асад, Алеппо хотын коммунист Махер Абдель Хафиз Хажар болон либерал үзэлтэй Хасан Абдель Илляхи ан-Нури нар өрсөлдлөө.

Сиричүүд ийнхүү сонголт хийж болох ардчилсан сонгуульд анх удаа саналаа өгсөн аж. Иргэд саналаа идэвхтэй өгч байсан тул өглөөний долоон цагт эхэлсэн санал хураалтыг таван цагаар сунгажээ. Сирийн Дотоод хэргийн яамнаас гадаад, дотоодод 15.8 сая сонгогч саналаа өгч, 9600 орчим санал хураах байр ажилласныг мэдэгдсэн. Ерөнхий сайд Уэль Халки хэлэхдээ сонгуулийн энэ өдөр нь “түүхэн өдөр” болсон гэжээ. Сири улсад чөлөөт, шударга сонгууль явуулах нөхцөл бүрдээгүй байгаа ч 30 орны ажиглагчид санал хураалтын явцыг ажигласан байна.

Ерөнхийлөгч Башар Асад сүүлийн 14 жилийн турш засгийн эрх барьж байгаа бөгөөд түүний аав Хафез Асад 2000 онд насан эцэслэх хүртлээ 29 жил Сирийг өөрийн дэглэмээр удирджээ. Асадын гэр бүлийн дэглэм улс орныг тасралтгүй 43 жил удир­даж, долоон жил тутам нэг удаа болдог Ерөн­хий­лөгчийн сонгуульд өрсөл­дөгчгүйгээр 99 хувийн санал авдаг байсан.
Тиймээс Сирийн Засгийн газар энэ удаагийн сонгуулийг жүжиг төдий зүйл гэж үзэж байгаа төдийгүй Башар Асадыг ялалт байгуулна гэж үзэж байгаа юм.

Бослого үймээнтэй байгаа Идлиб хотын оршин суугчид “Ерөнхийлөгч Башар Асад иргэдийг олноор хөнөөсөн “хядагч” хэдий ч түүний дэглэм нь сонгуулийн санал хураалтын 99 хувийг авсан болгон дүн гаргана” хэмээн ВВС агентлагийн сэтгүүлчид хэлжээ. Учир нь санал хураалтын байрнуудыг Засгийн газрын дэглэмийн хяналтад байгаа газруудад ажиллуулж байгаа юм. Гэхдээ гадаадын ажиглагчид бо­лон сонгуульд нэр дэвшигч Хасан Абдель Илляхи ан-Нури санал хураалт хуулийн дагуу ил тод явагдсан хэмээн дүгнэж байна. Сонгуулийн комиссоос санал хураалтын дүнг лхагва гарагт зарлахаар төлөвлөсөн ч саналын бүх хуудсыг тоолж дуусаад зарлана гэж мэдэгдсэн.

Бослого хөдөлгөөн өрнөж байсан зарим газарт иргэд санал хураалтыг хууран мэхлэлт гэж үзэж байгаагаа илэрхийлэн эсэргүүцлийн жагсаал цуглаан хийсэн аж. Тэд “Б.Асад Ерөн­хийлөгч болохын тулд сонгогчдыг хөнөөж чадна. Б.Асад байгаа цагт ардчилал байхгүй” гэсэн бичигтэй лоозон барьжээ.

Ассошиэтед Пресс агентлагийн мэдээлснээр санал хураах зарим бай­ранд сонгогчдыг эх орон, Б.Асадад үнэнчээ харуулахын тулд цусаараа хурууны хээгээ дарах боломж олгохоор тариур юм уу, зүү тавьсан байсан аж. Өдгөө 18 настай Одэй Жамунай гэдэг залуу “Би эх орон, удирдагчдаа хайртай гэдгээ илэрхийлэхийн тулд цусаараа саналаа өгсөн” хэмээн ярьсан гэнэ. Зарим сонгогч хөшигний цаана орж, саналаа нууцаар өгөхийн оронд Ерөнхийлөгчийг сонгож байгаагаа зар­­лан сонгогчдын өмнө хурууны хээ­гээ даржээ. Тэгвэл Засгийн газрыг эсэр­­гүүцэгчид санал хураалтыг тасал­дуулахаа хэлж байсан бол барууны орнуудаас дэмжлэг авсан босогчдын “Үндэсний эвсэл” нь сонгуулийг үл ойшоож буйгаа мэдэгдсэн аж. Эвслийн лидер Ахмад Жарба “Энэ сонгууль бол сиричүүдийн цусаар бичсэн жү­жиг” гэсэн байна. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч Жан Элиассон “Сонгууль нь Сирийн улстөрд шийдвэр гаргах гэсэн хүчин чармайлт болж байна” гэж дүгнэснээ ВВС-ийн сэтгүүлчид хэлжээ. Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус санал хураалтыг шүүмжилж, “хуурамч сон­гууль” нь босогчдын эсрэг хэрцгий дайн үргэлжлүүлэх боломжийг Б.Асадад өгнө хэмээн ярьсан аж.

Ерөнхийлөгч Б.Асадын дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн 2011 онд Сирид эхэлснээс хойш хямрал нь иргэний дайн болон үргэлжилсэн. Тус улсад өнгөрсөн гурван жилийн хугацаанд 150 мянган хүн амиа алдаж, 6.5 сая оршин суугч амьдарч байсан хот суурингаасаа нүүсэн бол гурван сая иргэн гадаад орнууд руу дүрвээд байна.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.