Гацууртын ордод гарц бий юу?
Засгийн газар, УИХ “гэрлийн хурдаар” ажиллахыг харав. Гацууртын ордын асуудлаар УИХ дахь намын бүлгүүдийг яаран шийдвэр гаргахыг Засгийн газар тулгаж байна. Өнгөрсөн баасан гаригт Уул, уурхайн сайд Р.Жигжид “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж, нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр болсон юм. УИХ үүнд идэвхтэй эсвэл хариуцлагатай хандаж Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэх байсан юм. Харин УИХ дахь МАН- ын бүлгийн зүгээс санал гаргаж, долоо хоног хойшлуулахаар болов. Дахин төлөвлөлт, газар гээд тулгамдсан олон асуудлыг шийдэх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад, хэлэлцэхгүй гурав, дөрвөн жил болж байгааг зарим гишүүн онцлов.
 
Гэтэл хэдхэн хоногийн өмнө өргөн барьсан Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох төслийг шийдэхээр шуурхайлж байгаад “но” бий гэж хардаж байна. УИХ дахь АН-ын бүлэг үүнийг зарчмын хувьд дэмжиж буйгаа хамгийн түрүүнд мэдэгдээд авсан. Харин бусад нь эсэргүүцэж бас эргэлзэж байгаагаа хэлэв. Энэ удаагийн хуулийн төсөлд ердөө хоёр зүйлийг өөрчилжээ. Нэгдүгээрт, Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 34 хувиар тогтоох, хоёрдугаарт, энэ тогтоолын нэгдүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээний нөгөө тал буюу хөрөнгө оруулагч талд шилжүүлэх талаар хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг зохих журмын дагуу тогтоож, улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг зөвшөөрөх гэжээ.
 
Үүнийг ажлын хэсэг нь бататгаж төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэв. Төслийн хүрээнд нийт есөн жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явагдаж, 3.361 тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ. Татварын дараах цэвэр ашиг 340.5 тэрбум төгрөг, төр 70 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг авна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан ТЭЗҮ дээр үндэслэн алтны үнийг өнөөгийн ханш буюу ойролцоогоор 1.300 ам.доллараар тооцож / долларын ханшийг 1.900 төгрөгөөр тооцсон/ үзэхэд тухайн төсөл нь оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, татварын дараах ашгаас тооцон төр ноогдол ашиг авна гэж дүнэсэн байгаа юм. Ашигтай ч юм шиг хувилбар.
 
Үүнээс үүдээд стратегийн ордод багтах болсон Гацууртын ордод төр хувь эзэмших нь зөв үү, буруу юу гэдэгт түмэн янзын гаргалгаа хийж байна. Уг хуулийн төсөлд төр 34 хүртэл хувь эзэмшинэ гэдэг нь цаагуураа тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Сентерра гоулд Монголиа” компанийн Засгийн газартай төрийн эзэмших хувийг 34 хувь болгож өсгөөд, Их хурлаар батлуулах санаа явж байгаа гэсэн хардлага байна гэдгийг хэлж буй. Харин нөгөө хэсэг нь юун төрийн хувь, эзэмшил ерөөсөө Ноён ууланд олборлолт явуулахгүй гээд эрс зогссоор байгаа. Ухуулах, ухуулахгүй байх асуудлыг түр азнаад Монголд ашигтай байх хувилбар бий юу гэдгийг сонирхоод үзье.
 
Засгийн газар Гацууртын ордод 34 хүртэлх хувь эзэмших нь ашигтай гэлээ. Ингэхдээ 34 хувийг төр эзэмшье, төрийн эзэмшлийн хувь хэмжээг нөөц ашигласны тусгай төлбөр байдлаар авъя гэж яриад байгаа юм. Гэтэл нөгөө хэсэг нь төр огт хувь эзэмшиж болохгүй. Зөвхөн хувийн хэвшлийн мэдэлд байх нь зөв гэсэн санал дэвшүүлэв. Өөрөөр хэлбэл, төр 34 хувь эзэмшихийн оронд тусгай төлбөр авъя гэсэн санаа аж.
 
Оюутолгой дээр гэхэд бид хувь эзэмшээд, эзэмшснээрээ түүнд ногдох хөрөнгө оруулалтынхаа зардлыг гаргасан. Харамсалтай нь түүнийгээ зээл авч хийсэн тул зээлийн хүү өсч ногдол ашгаа авах боломж тун бага болсон. Тэгэхээр хувь эзэмшихийн оронд олборлолт хийж байгаа бол ашигтай ажилласан эсэхээс үл хамаараад татвараа авдаг байх нь зөв гэдэг өөр нэг санааг зарим хэсэг нь хэлж байна. Гацууртын ордын хувьд ч ийм хувилбар байвал зүгээр гэж байгаа юм. Түүнчлэн хувь эзэмшээд ногдол ашиг авъя гэвэл үйл ажиллагааныхаа зардлыг өсгөөд, ашиггүй ажиллаж байна гэсэн тайлбараар ногдол ашиг авч чадахгүй байх талтай. Тиймээс үйл ажиллагаа явуулж байгаа л бол татвар авдаг байж болох нь ашигтай гэсэн хувилбарыг гаргажээ. Өөрөөр хэлбэл, нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх татвар, тусгай төлбөрийг хувь эзэмшихийн оронд авах тухай ч санал байгаа юм. Юутай ч Оюутолгой, Тавантолгой гацсан энэ үед Засгийн газар, УИХ болоод нам, эвслүүд улсжтөржилгүйгээр ул суурьтай хандаж, Монголын иргэн бүрт ашигтай байх, мөн Гацууртын ордыг гацаанд оруулахааргүй гаргалгааг олох учиртай болов уу.
Зууны мэдээ
Д.Гэрэлцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-06-16 16:33:31
    Ашиглах нь зев
    103.229.120.146
    Мэдэгдсэн Хариулах
  • цэрэннадмид Ноён уулаа аврах хөдөлгөөн. 2015-06-10 16:46:53
    Гацууртын ордыг ашиглаж болохгүй хэдэн шалтгаан бий !!! Гишүүд ямар баримтаар миний бичсэнийг үгүйсгэж чадах болоо ??? 1. Ноён уул ухах цэгээс ердөө 1,8 км !!! ...
    202.70.46.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-06-10 11:20:42
    Эцэг өвөгдийнхөө булшыг хөндөж оршуулгандаа хийсэн ганц мөнгөн тагшаа авч зарж идэж байгаа мэт л зүйл дээ гэхдээ гадны нохой идхээр өрийн нохой идэх дэвшил
    112.72.13.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2015-06-10 10:10:34
    Хууль нэг л уйлчилдэг баймаар. Урт нэртэй хууль ямар ордод уйлчлээд ямарт нь уйлчилдэггуй юм.
    103.26.193.77
    Мэдэгдсэн Хариулах