Аюулын дохиог ашиглаад өгөөч
Бидний өдөр тутам мэддэг юм шиг боловч мэдэхгүй өнгөрдөг асуудал бол цаг агаар. Малчдын өдөр тутам сонсдог ганц мэдээ цаг агаар. Долоо хоногийн цаг агаарын төлөв байдал, өглөө босоод цаг агаар ямар байхаас шалтгаалж бид өдөр нь өмсөх хувцас, холын замд гарах эсэхээ шийддэг байлаа. Тэгэхээр цаг агаарын мэдээ гэдэг бол бидний өдөр тутмын амьдралд хамгийн их нөлөөлдөг зүйл байжээ. Өнгөрсөн цагт бичиж буйг уншигч авхай та анзаарсан нь мэдээж. Ингэж бичихээс ч аргагүй.
 
Өнөө цагт цаг агаарын мэдээ бидний анхаарлыг татахаа больчихож. Малчид л хэрэг болгож өглөө радио, телевизээ асааж сонсоно уу гэхээс суурин амьдралтай иргэдэд цаг агаараас илүүтэй тэр өдөр гарсан элдвийн муу муухай гэмт хэрэг, улстөрчдийн авлига авсан, идсэн уусан хэрэг анхаарал татдаг болчихсон тийм цаг үе. Цаг агаарын таагүй уур амьсгал, цасан шуурга, үер усны аюул болно гэдгийг урьдчилаад сануулсаар байхад л хөдөө замд явна, осгоно, тэгээд тусламж дуудна. Энэ сарын эхэнд гол мөрний ус дундаж түвшнээс нэмэгдэнэ, эсвэл мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байна гэдгийг албаныхан мэдээлдэг ч аанай л үерийн усанд урссан, хүн малтайгаа боогдсон, мөс цөмөрсөн гэсэн дуудлага тасрахгүй. Энэ бүхэн дээр хэлсэнчлэн цаг агаарын мэдээг уншдаггүй, эсвэл уншсан ч тоодоггүй байдлаас үүдэлтэй.
 
Ус, цаг уур орчны шинжилгээний алба өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хангалттай шуурхай ажиллаж байгаа. Гэсэн ч өөрсдийн хайхрамжгүй байдлаа тэдний буруу мэтээр ярих нь цөөнгүй. Архангайн Хашаатад болсон үйл явдлын дараа амтай болгон л цаг уурын албыг шүүмжилсэн. Дэлхий нийтэд ч байгалийн болзошгүй гамшиг, цунамиг хамгийн багадаа л нэг өдрийн өмнө тооцоолж чаддаг. Хэдэн өдрийн өмнөөс тодорхойлоод арга хэмжээ авах боломж ч байхгүй. Тэр дундаа манайд иймэрхүү байгалийн гамшигт үзэгдлийг 40 минутын өмнө мэдэх аппарат нь нийслэлд ганцхан, тэр нь хааш хаашаа 100 орчим км газрын мэдээллийг дамжуулдаг учраас хаа холын Хашаатын гамшгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан гэдэг.
 
Энэ мэтээр бидний мэдэхгүй атлаа мэддэг юм шиг цэцэрхдэг асуудал чамгүй олон. Зуны улиралд бороо байгалийн жамаараа орж байна хэмээн баярлах ч цаана нь бүхэл бүтэн мэргэжлийн баг хаана үүл гарахыг анаж, үүл гарсан газар пуужин харвах ажлыг амжилттай хийж бороо оруулдаг гэдгийг мэдэхгүй л яваа. Энэ мэтээр дурьдаад байвал асуудал олон байдаг. Тэгэхээр бид байгалийн болзошгүй эрсдэл, цаг уурын нөхцөл байдалд анхаарал тавих цаг нь болжээ. Хэвлэл мэдээлэл ч үүнд маш идэвхтэй оролцож, цаг агаарын мэдээндээ анхаарал тавьж суръя. Баруун аймгуудыг хамарсан хүчтэй шуурга болж байхад цаг агаарын мэдээгээ зүүн аймгаас эхэлж уншихаар хэн ч анхаарахгүй. Гэтэл баруун хойноос чиглэдэг цаг агаарын урсгал маргааш нь зүүн аймгийг чиглэж цасан шуурга шуурах асуудал гардаг. Энэ нь мэдээж телевизүүдийн гаргадаг нийтлэг алдаа.
Аюултай үзэгдэл болох цаг агаарын мэдээг нарийхан хоолойтой, хөх нь гарах шахсан нимгэн хувцастай бүсгүй хөтлөхөөр тэр нь хүнд наалдахгүй. Гадаадын сайтаас мэдээлэл авдаг телевиз, дотоодын цаг уурын байгууллагаас мэдээ авдаг телевиз, радио хоорондоо зөрүүтэй мэдээлэл өгдөг нь мөн л иргэдийг төөрөгдөлд оруулдаг. Хамгийн чухал нь бидний багад байсан аюулын харанга өнөө цагт яагаад мартагдав гэдэг  асуудал яригдах цаг болжээ. Цаг агаарын аюулт үзэгдэл, цасан шуурга, үер усны аюулыг Үндэсний телевиз аюулын харанга цохиж, хүмүүсийн анхаарлыг татахаар давтамжтай хүргэдэг байсан нь иргэдэд нөлөөлж чаддаг байжээ. Харамсалтай нь энэ байдал алга болсноор иргэд ямар ч аюултай мэдээг чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихээд байгаа юм. Засгийн газрын тогтоол байдаг ч үүнийг хэрэгжүүлж байгаа хэвлэл Үндэсний олон нийтийн радиогоос өөр байхгүй болсон учраас үүний хэрэгжилтэд анхаарал хандуулаач гэж хүсэх байна. Арилжааны гэлтгүй орон даяар эфирээ цацдаг 10 гаруй телевиз л аюулын харанга дэлдэж, цаг агаарын мэдээгээ уншчихдаг болчихвол Онцгой байдлын аврагчдын ажлыг бага ч гэсэн нимгэлэх сэн. Тиймээс аюулын харанга дэлдэхэд анхаараад өгөөч. Бүр болохгүй бол хуульчлаад өгөөч.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.