А.Тлейхан: Эрчим хүчний салбарт тун удахгүй хувьчлал хийгдэх байх
УИХ-ын гишүүн А.Тлейхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогоор МАН-ын бүлэг завсарлага авсан асуудлаар ярилцлагаа эхэлье. Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь буруу гэж танай намын гишүүд эсэргүүцээд байсан. Анагаах ухаан хөгжиж байна, насжилт уртасч байна, нэмэгдүүлэх асуудлыг судлах нь яагаад буруу гэж?

-Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг Засгийн газар хэлэлцэж байгаа. Байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх талаар хэлэлцсэн. Миний бие байнгын хорооны гишүүний хувьд тодорхой санал хэлж тусгасан. Анх Засгийн газраас орж ирэхдээ тэтгэврийн насыг нэмэгдүүлж, 2027 оны төвшинд эрэгтэй нас 62, эмэгтэйчүүд 60 насандаа гарахаар төсөл орж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад сонгогчдоос маш олон санал ирж байлаа.

Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нөхцөл боломж өнөөдөр алга байна гэсэн санал ирж байлаа. Дэлхийн бусад орнуудад тэтгэврийн нас өндөр байдаг ч амьдралын төвшин боломжийн, амьдрах орчин нь аюулгүй. Гэтэл манайд ямар билээ. Замын түгжрэл, утаа, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, амьдрах орчин нөхцөл бүрэн хангагдаагүй гэдэг үүднээс бид тэтгэвэр нэмэх нас нь болоогүй гэж үзсэн юм. Тиймээс байнгын хорооны хуралдааны үед нас заасныг нь хасаад оруулж ирсэн. Тэтгэврийн насыг өөрчлөх асуудлыг судалж байж шийдвэрлэх зүйтэй гэж оруулсан юм. Манай бүлэг огт нэмж болохгүй гэсэн хатуу байр суурь баримтлаагүй. Судалгаа хийж, нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэний дараа гэж ярих ёстой гэж үзээд тоог нь авсан. Гэтэл эцсийн хэлэлцүүлэг дээр нэмнэ ээ гээд ороод ирсэн. Энэ чинь бодлогын баримт бичиг шүү дээ. Тэтгэврийн насны тухай хууль биш. Насыг МАН хасах гэж, АН нэмэх гэж талцаад байгаа асуудал биш. Алсдаа судалгаа хийгээд нэмэгдүүлэх үү гэдгийг хууль оруулаад шийдээд явах л асуудал байгаа. Бүх юмыг болохгүй гэж мушгиад байгаа зүйл байхгүй. Бүлгийн дарга завсарлага авсан шалтгаанаа тодорхой тайлбарласан. Зөрчилтэй заалтууд олон байгааг нэг мөр болгоё гэсэн зүйл шүү дээ.

-Бүлгийн дарга тэтгэврийн зээлийн хүүг нэмэгдүүлэх нь бодлогоос илүү тулгамдсан асуудал гэж хэлсэн. Нэг үгээр хэлбэл, тэтгэврийн хүүг бууруулах МАН-ын саналыг дэмжихгүй бол энэ бодлогын баримт бичгийг явуулахгүй гэж шантааж яваад байгаа юм биш үү. Арилжааны банкуудын ажилд төр оролцох боломж байна уу?

-Шантаажлах асуудал байхгүй ээ. Бодлогын баримт бичиг учраас өөр хоорондоо зөрчилтэй байгаа заалтуудыг арилгая гэж л завсарлага авсан. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал төрийн хийх ажил биш гэж хэлж болохгүй. Хүүг бууруулах боломж байгаа. Тэтгэврийн зээлийг хямд өг гэж шууд арилжааны банкуудад тулган шаардаж болохгүй гэдэгт санал нэг байна. Тэд чинь бизнесийн байгууллага. Өөр хэлбэрээр асуудлыг шийдэх гарц бол байгаа.

Нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийг ашиглах замаар зээл олгох боломж байна уу, түүнийг нь судлая гэсэн санаа. 14 хоногийн дотор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл судалгаа хийгээд танилцуулах ёстой байсан. Оруулж саналтай танилцаад батлая гэсэн яриа л явж байгаа. Улстөржүүлж байна гэж мушгиад байгаа болохоос биш МАН тэтгэврийн зээлийн хүүгээр барьцаалсан зүйл огт байхгүй. Монголд зээлийн хүү хэтэрхий өндөр байгаа.

 Дэлхий дахинд бүх л зээлийн хүү маш бага байдаг. Хамгийн өндөр нь 6-8 хувьтай байдаг. Дэлхийд байхгүй зээлийн хүү Монголд байгаа учраас нийт зээлийн хүүг бууруулах ёстой. Тэр дотроо ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг багасгаад явах боломжтой. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг ашиглах боломжтой гэж хараад байгаа юм. Боломжгүйг боломжтой болгох гэж бид шаардаагүй. 14 хоногийн дотор танилцуулчихсан бол завсарлага аваад байх шаардлагагүй л байсан.

-Малчдын тэтгэврийн насыг хасах нийгмийн хэрэгцээ шаардлага байна гэж үү. Энэ бас л улстөржсөн асуудал болчихоод байна уу?

-Хэрэгцээ шаардлага байгаа. Малчдын хөдөлмөр цаг наргүй байдаг. Тиймээс малчдын хөдөлмөрийг хүнд нөхцөл гэж тооцоод эмэгтэй насыг 50, эрэгтэйг 55 наснаас тэтгэвэрт гаргахаар хууль өргөн бариад хэлэлцээд явж байна. Байнгын хороо хэлэлцээд чуулган руу оруулахад бэлэн болчихсон. Нэмэх талдаа яваад байгаа юм биш. Хасах талдаа ч асуудлыг ярилцана.

Малчдын тэтгэврийн насыг багасгах хуулийг бүх намаас гишүүд орж 20 гаруй гишүүн хамтдаа өргөн мэдүүлсэн. Хөдөө орон нутгаас сонгогдсон, малчин гаралтай гишүүдийн өргөн барьсан хууль. Хөдөлмөрийн хуулиар өдөрт найман цаг ажиллах ёстой. Гэтэл малчдад тийм зүйл байхгүй. Хэдийгээр хувийн ажлаа хийж байгаа ч гэсэн тэд баялаг бүтээгчид. Үндэсний баялаг бүтээгчид. Өглөөнөөс шөнө болтол явна. Өвөл, зунгүй л гадаа амьдарна.

Судалгаанаас харахад малчид бага насалдаг. Тэгэхээр малчны тэтгэврийг багасгах асуудлыг өргөн барих нь зайлшгүй асуудал болсон. Уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн тэтгэвэрт гарах нас 50, 55 байгаа. Малчид ч гэсэн хүнд хөдөлмөр эрхэлж байгаа учраас насыг нь багасгая гэсэн санаа л даа.

-Хамтын тэтгэврийн хууль яагаад УИХ руу орж ирэхгүй байна вэ?

-Хамтын тэтгэврийн тухай хууль дэмжигдэх ёстой хууль. Би дэмжээд явдаг. Харин хэлэлцэх явцад зардлын тооцоо зөрүүтэй гарсан. Буруу зөв гаргалаа гэсэн маргаан явснаас болоод тоог нь ижил болгоод оруулж ир гэж буцаасан. Гэтэл санаачлагч гишүүд өргөн барихгүй л байна. Гацаасан зүйл байхгүй. Гарах зардлаа тооцоолоод л оруулаад ирэх ёстой.

-Нийгэмд анхаарал татсан дараагийн асуудал бол эрчим хүчний үнэ тарифын асуудал байгаа. УИХ-аар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Та ажлын хэсгийг ахалж байгаа гишүүний хувьд эдгээр хуулиудад орж байгаа өөрчлөлт, үнэ тариф, сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн ашиглах вэ гэсэн асуудлуудад хариулт өгөөч?

-Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэн атлаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед явуулж байсан бодлого нь хэвээрээ байгаа салбар бол Эрчим хүчний салбар. Үнэ тарифыг нь төр хатуу барьдаг. Эрчим хүчний салбар өнөөдөр алдагдалтай ажиллаж байна.

Өнгөрсөн жилийн дүнгээр 68 тэрбум төгрөгийн алдагдал гарсан байдаг. Жил бүхэн нэмэгдэж байна. Энэ юу хэлээд байна гэхээр, энэ салбар цаашид дампуурлаа зарлаж, засвар үйлчилгээгээ хийж чадахгүйд хүрч, улс орон даяар харанхуйлах аюул ирчихээд байна. Би энэ салбарт 30 гаруй жил ажилласан. Зовлонг нь сайн мэднэ. УИХ-д орж ирээд өнгөрсөн жил Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад нэлээд сайжруулсан. 2010 онд УИХ-ын 72 дугаар тогтоол гэдгийг гаргуулсан. Саяхнаас гадны хөрөнгө оруулалт авах асуудлыг ярьж эхэллээ.

Бид өөрсдийн нөөцөөр шинэ эх үүсвэр барьж чадахгүй байна. Дандаа 40, 50 жил болчихсон хөгшин станцтай. Гадны хөрөнгө оруулалт л авч эрчим хүчний шинэ эх үүсвэр барихаас өөр аргагүй болчихсон. Концессын гэрээгээр эрчим хүчний шинэ эх үүсвэр барих гэхээр хөрөнгө оруулалт орж ирэх тааламжтай орчин алга. Хамгийн наад зах нь эрчим хүчний үнэ тариф бага байдгаас бага үнэ дээр хөрөнгө оруулах хүн олдохгүй юм. Нөгөө талаар сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлье гэхээр үнэ нь өндөр гардаг, зөрүү үнийг нь олгодог механизм байхгүй байгаа.

Тиймээс Эрчим хүчний тухай хууль болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Энэ хууль 2007 онд гарснаас хойш нэлээд хоцрогдсон учраас өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарсан юм. Хоёр жил гаруй ажилласан. Одоо УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. Гол өөрчлөлтүүд нь юу вэ гэхээр өнөөгийн эрчим хүчний үйлдвэрүүдийн тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдэх явдал. Нэгдүгээрт, эрчим хүчний үнэ тарифаас болж санхүүгийн чадваргүй, алдагдалтай ажиллаж байгааг өөрчилнө. Хоёрдугаарт, гадны хөрөнгө оруулалт орох таатай орчныг бүрдүүлнэ.

Гуравдугаарт, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, үнэ өртгийн зөрүүг олгох тогтолцоог бүрдүүлэх юм. Дөрөвдүгээрт, эрчим хүчний үйлдвэрүүдийн насжилтыг тогтоож, гадны хөрөнгө оруулалтаар шинэ эх үүсвэр барих эрхзүйн орчныг бүрдүүлэхээр хуульд өөрчлөлт оруулна. Нөгөө талдаа дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Бид нэг тойрогт байгаа учраас эндээс хоцрохгүй явах нь зүйн хэрэг. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, нар салхи, усыг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх талаар дорвитой ажиллах цаг нь болсон байна. Европын холбооны улсууд сэргээгдэх эрчим хүчийг 20 хувиас дээш хэрэглэх, Швед гэхэд 80 хувьд хүргэх зорилго тавьсан байна.

-Манайд хэдэн хувьтай байгаа бол?

-Дөнгөж зургаахан хувь. 90 гаруй хувийг нь бид нүүрснээс гаргаж байна. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 20-30 хувьд хүргэх зорилго тавьж ажиллах ёстой.

-Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэлэлцэж эхэллээ. Энэ бодлогод ямар, ямар чухал заалтууд тусгагдав?

-Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг мөн л миний бие ахалж байгаа. Байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Маш чухал заалтууд орсон. Монгол Улс нүүрсээр баян орон. 173 тэрбум тонн нүүрсний нөөц байна. Тэрний дийлэнх нь эрчим хүчний нүүрс. Бага хэсэг нь коксжих нүүрс. Коксжих нүүрсийг нь ялгаад гадагшаа экспортолчихдог. Хаягдаж байгаа эрчим хүчний нүүрсийг хэн ч авахгүй. Илчлэг багатай байгаа. Тиймээс цахилгаан болгож хувиргаад экспортлох талаар тусгалаа. Нөгөө талаар нар, салхи, ус, газрын дулааныг хэрхэн ашиглах вэ гэдгийг бодлогод тусгасан.

Ирэх таван жилд салбарын хэмжээнд 16 хувьтай байгаа алдагдлаа тэглэх, дараагийн таван жилд +5 хувьд хүргэх асуудлыг бодлогод тусгасан. Гэхдээ энд нэг асуудал байгаа. Манай эрчим хүч хэрэглэгчдийн төлбөрийн чадвар тааруухан. Ядуурал их байгаа учраас эрчим хүч хэрэглэгчдээ хамгаалахаас өөр аргагүй. Тиймээс үнийг зохицуулах хуультай байх, хэрэглэгчдийн цахилгаанд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тусгаж өгнө. Дээр хэлсэн, Засгийн газрын 72 дугаар тогтоолд ахуйн хэрэглээний эрчим хүчний асуудлыг тусгаж өгсөн.

Монголд өнөөдрийн байдлаар 400 гаруй мянган ахуйн хэрэглэгч байна. Орон сууц, гэр хорооллын айл өрхийг оруулаад. Судалгаанаас харахад эдгээрийн 63 хувь нь сардаа 150 Квт цахилгаан хэрэглэдэг учраас ахуйн хэрэглэгчийн сард хэрэглэсэн 150 Квт цахилгааныг нь хөнгөлье гэж оруулсан. Одоогийн үнээр индексжүүлэх замаар хөнгөлнө. 150 Квт-аас дээш цахилгаан хэрэглэвэл бодит үнээр тооцож шийдэхээр болж 2010 оноос өнөөдрийг хүртэл мөрдөөд явж байна. Монголд нэг Квт цахилгааныг 144 төгрөгөөр үйлдвэрлээд 122 төгрөгөөр худалддаг. Тэгэхээр Квт тутмаас 22 төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Эндээс болж миний хэлээд байгаа 68 тэрбумын алдагдал гараад байгаа юм. Тиймээс ядахдаа 144 төгрөгт хүргэе.

Энэ хүрээнд ахуйн хэрэглэгчээ хамгаалахаар ахуйн хэрэглэгчдэд хөнгөлөлт үзүүлдэг. Ахуйн хэрэглэгчид өнөөдөр нэг Квт цахилгааныг 94 төгрөгөөр хэрэглэж байна. Талх мах, сүүний үйлдвэрүүдэд 120, уул уурхайн компаниудад 151 төгрөгөөр худалдаж байгаа. 144 төгрөг байгаа цахилгааныг 94 төгрөгөөр хэрэглэнэ ээ гэдэг чинь 30 хувийн хөнгөлөлттэй үнээр цахилгаан хэрэглэж байна гэж ойлгох ёстой юм.

-Үнийг чөлөөлж болохгүй юу. Тэгвэл зах зээлийн зарчмаараа үнэ тарифаа тогтоогоод хөрөнгө оруулагчид нь нэмэгдэх юм биш үү?

-Ингэж ярьдаг хүн олон байдаг. Харамсалтай нь эрчим хүчний үнэ чөлөөлсөн орон хаана ч байхгүй. Тийм боломж ч байхгүй. Чөлөөлнө гэдэг дураар нь тавь гэсэн үг. Хуульдаа эрчим хүчний үнийг зохицуулах ёстой гэж тусгасан.

Эрчим хүчний зохицуулах хороо нэг талаас хангагчийн, нөгөө талаас хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалаад явдаг. Эрчим хүчний үнэ цаашдаа ч зохицуулалттай байна. Үнэ чөлөөлөх бус бодит өртөгт нийцсэн зохицуулалт хийх тухай л яригдана. Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдлыг харахад бид жилд 6.8 тэрбум Квт цахилгаан хэрэглэдэг. Үүний 20 хувийг нь импортоор авдаг.

ОХУ, Хятадаас авдаг цахилгааны үнэ нэг Квт тутамдаа 200-250 төгрөг. Гэтэл бидэнд нөөц байна. Харамсалтай нь хөрөнгө байхгүйгээс гацчихсан, гаднаас цахилгаан экспортлоод сууж байх нь цаашид зохисгүй юм. Концессийн гэрээгээр цахилгаан станц бариулж тодорхой хугацаанд ашиглуулаад цаашдаа Монгол Улсад шилжүүлэх замаар л явна. Тавдугаар цахилгаан станц гэхэд л тэрбум гаруй ам.доллараар баригдана. Гадны компани барьж 25 жил ашиглачихаад Монгол Улсад шилжүүлэх юм. Удахгүй ТЭЦ-5-ын ажил эхлээд явна.

-Эрчим хүчний салбарт авах зээл, хөрөнгө оруулалтыг улсын өрнөөс салгасан нь яах аргагүй зөв нүүдэл болжээ дээ?

-Тэгсэн. Өмнө нь Уул уурхайн салбарт авсан зээлийг улсын өрөнд оруулж тооцохгүй байсан бол эрчим хүч, төмөр замын салбарт авсан зээлийг улсын өрөнд тооцохгүй байхаар боллоо. Маш зөв зүйл хийсэн. Эрчим хүчний салбар өөрийнхөө өрийг төлөх чадвартай салбар. Эгийн голын цахилгаан станцаар жишээ аваад үзье. Үйлдвэрлэл эрхлээд 12-15 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөөд, эргээд ашигтай ажиллана. Төсөвт ямар нэг дарамт учруулахгүйгээр өөрийнхөө өрийг төлчих чадвартай учраас улсын өрөөс салгасан нь зөв нүүдэл болсон. Эгийн голын цахилгаан станцын ажил шийдэгдэж эхэллээ. Энэ бол маш сайхан мэдээ. 200 Квт-аас дээш хүчин чадалтай усан цахилгаан станц барих ажил хөдөлж эхэллээ гэдэг эрчим хүчний салбарт бол маш сайхан үйл явдал. Импортын хараат байдлаас гарахад энэ цахилгаан станц том үүрэг гүйцэтгэнэ.

-Сэргээгдэх эрчим хүчний салбарт зөрүү үнэ гарна гэж байна. Энэ зардлыг төр хариуцах уу?

-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр өндөр өртгөөр босдог. Салхи есөн цент, нарны эх үүсвэр 15 центийн зөрүүтэй босдог. Гэтэл нүүрсээр ажилладаг станц 7-8 цент байх жишээний. Тэгэхээр зөрүүг нь ямар нэг байдлаар хаахгүй бол сэргээгдэх эрчим хүч хөгжихгүй. Дэлхий нийт ч зөрүүг нь хааж өгдөг.

Зөрүүг нь өгөх мөнгө төсөвт байхгүй. Тэгэхээр хэрэглэж байгаа хүмүүс л өгч таарна. Нэг их зөрүү гарахгүй л дээ. 3-5 төгрөгийн зөрүү гарна. Тарифын зөрүүг нь олгохоос өөр аргагүй. Байгаль экологийн өөрчлөлтийг бодсон ч сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлэх, дэмжих цаг нь болсон байна. Дэлхий дахин ч зөрүү үнийг нь гаргана, дэмжинэ гэсэн зарчмаар явж байгаа учраас бид ч энэ зарчмыг дагахаас өөр аргагүй.

-Эрчим хүчний салбарыг хувьч­лах ёстой гэж УИХ-ын ги­шүүд санал хэлдэг юм билээ. Энэ зарч­­маар цаашдаа явах уу?

-Дээр хэлсэнчлэн, бид дэлхийн жишгийг л дагах ёстой. Ихэнхи улс орнууд эрчим хүчний салбараа хувьчилсан. Гэхдээ тэр дотроо дамжуулах сүлжээг хувьчилдаггүй. Манайд үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч гэсэн гурван хэсэг байдаг. Үйлдвэрлэгч нь эрчим хүчний цахилгаан станцууд. Дамжуулагч нь өндөр хүчдэлийн сүлжээ, түгээгч гэдэг нь нам хүчдэлийн сүлжээ буюу хэрэглэгчид очиж байгаа сүлжээг хэлдэг. Үйлдвэрлэгч, түгээгчийг хувьчилсан байдаг.

Тэр жишиг рүү явах ёстой. 2010 онд бодлого гаргахдаа ч ингэж л ярьсан. Цаашдаа хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр Монголд баригдаж байгаа бүх эрчим хүчний үйлдвэрүүд төрийн өмчид байгаа. Түгээх сүлжээний Дархан, Сэлэнгээс бусад нь төрийн өмчид байдаг. Аль эрт хувьчлах ажлыг хийх байсан ч хийж чадаагүй явж байна. Хувьд очсон түгээх сүлжээнүүд илүү үр ашигтай ажилладаг. Төр түр зуурын хүмүүсээр удирдуулаад ашигтай ажиллаж чаддаггүй. Төр муу менежер гэдэг л энд харагдаад байгаа юм. Саяхан УИХ-д Засгийн газраас хувьчлалтай холбоотой бодлого орж ирсэн.

Тэнд эрчим хүчний эх үүсвэрүүдийн 30 хувийг нь хөрөнгийн бирж дээр гаргаж хувьчлах талаар оруулж ирсэн. Нэг хүнд өгөх биш нийтэд гаргаж, хувьцаа эзэмших замаар үр ашгийг нь хүртэх, нээлттэй компани болгох талаар тусгасан. Зөв бодлого хэрэгжих нь. Гэхдээ одоо хувьцааг нь авах хүн олдох болов уу. Алдагдалтай ажиллаж байгаа салбар шүү дээ. Дамжуулах сүлжээг хувьчлахгүй гэдгийг хуульд оруулж ирсэн. Түгээх хангагч сүлжээ бол зайлшгүй хувийн хэвшилд шилжих ёстой юм. Тэгж байж л хэрэглэгчдэд илүү ойртож очно. Эрчим хүчний салбарт тун удахгүй хувьчлал хийгдэх байх.

-Экспортоос гологдож бай­гаа эрчим хүчний нүүрсийг цахилгаан болгож экспортолно гэж байна. Энэ ажлыг ямар байдлаар хийх вэ. Том ордуудыг түшиглэсэн цахилгаан станцууд баригдана гэсэн үг үү?

-Тавантолгойн нүүрсний ордын 40 гаруй хувь нь коксжих нүүрс. Шарын гол, Шивээ-Овоо, Багануурын нүүрс эрчим хүчний нүүрс. Илчлэг багатай гэж хэлдэг. Шарын гол гэхэд 3850 ккал илчлэгтэй. Багануурынх 3400 ккал, Шивээ-Овоо гэхэд 3200 ккал байх жишээний. Тэгэхээр эдгээр уурхайнуудаас үлдэгдэл гэж гарахгүй. Ачиж авчраад л эрчим хүчний станцуудад өгдөг учраас үлдэгдэл гарахгүй. Коксжих нүүрстэй ордууд дээр ийм асуудал гарч байгаа. Тавантолгой гэхэд л коксжих нүүрсээ экспортлоод, эрчим хүчний нүүрсээ хаячихдаг. Тэр хаяад байгаа нүүрсийг нь ашиглах цахилгаан станц барих юм. Нүүрсийг хаягдалгүй ашиглах бодлого явна.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд Сонгуулийн тухай хуулийн талаар таны санал бодлыг сонсмоор байна. МАН Ард нийтийн санал асуулга явуулах талаар тогтоолын төсөл өргөн барьсан. Ингэж мөнгө үрэхгүйгээр шийдэх боломж байхгүй байна гэж үү?

-Сонгуулийн тогтолцоотой холбогдуулан Ардын намын гишүүд санал асуулга явуулах тогтоолын төсөл өргөн барьсан. Өнгөрсөн 2012 оны сонгууль холимог тогтолцоогоор явсан. 48 нь ард түмнээс сонгогдсон. Харин 28 хүнийг нам өөрөө сонгосон. Энэ нь ард иргэдийг маш их бухимдуулсан. Иргэдтэй уулзахад ард түмнээс санал аваагүй энэ хүмүүс чинь гишүүн биш шүү гэж хэлдэг. Тиймээс 76 гишүүн бүгдээрээ ард түмнээс санал авах ёстой гэсэн утгаар л тэр төслийг өргөн барьсан. Холимог байх уу, можаритор байх уу гэдгээр л санал авна. Тэрнээс биш зарим гишүүдийн ойлгоод байгаа шиг 76 жижиг тойрог болгох асуудал байхгүй.

Том ч байж болно. Монгол Улс нэг тойрог болж санал өгч болно. Дахин хэлэхэд, бидний санаа бол УИХ-ын 76 бүгдээрээ л ард түмнээс санал авъя гэдэг асуудал. Ажлын хэсэг дээр 48 нь тойргоос сонгогдоод, 28-ыг жоохон өөрчлөөд бүсчлэхээр оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, таван бүсэд хуваагаад санал авсан эрэмбээрээ гишүүдийн авсан саналыг хуваагаад аль нам нь хэдэн суудал авах вэ гэдгийг тогтоох гэсэн. Ард түмний эрэмбэлсэн дарааллаар суулгах энэ хувилбар их таалагдаж байгаа. Ард түмнээс санал авна гэсэн үг шүү дээ. Тиймээс энэ хувилбар дэмжигдээд явах магадлал өндөр. Хууль өргөн бариагүй л байна. Цаашдаа яриад явна.
 
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958 2015-06-08 08:18:08
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.191.224
    Мэдэгдсэн Хариулах