Ё.Отгонбаяр: Үндсэн хуулийнхаа олон зүйлээр оролдоод хэрэггүй

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

- “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр тэтгэврийн насыг нэмэх асуудал нэлээд маргаан дагууллаа. Та яагаад шүүмжлэлтэй хандаж байгаа вэ?

-Энэ талаар ажлын хэсгийн зарим хүмүүс улайм цайм худлаа хариулж байсан. Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого анх орж ирэхдээ, тэтгэврийн насыг дээшлүүлнэ гэж заасан байсан. Бид 62, 65 гэдэг тоог санаанаасаа зохиож яриагүй шүү дээ. Байнгын хороон дээр олон гишүүн түүний дотор миний бие үүнийг шүүмжилсэн. Нэгдүгээрт, цаашид тэтгэврийн нас том асуудал болох сэдэв мөн үү гэвэл мөн. Одоо нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 10 хүн тутамд гурван тэтгэврийн хүн ногдож байгаа.

Энэ тоо 15 жилийн дараа 10 хүнд долоо болж ногдох хэмжээнд ирэх юм. Мэдээж хүн амын насжилт болон бусад зүйлтэй холбоотойгоор ийм болно. Тиймээс тэтгэврийн даатгалын сан өөрөө хэрхэн оршин тогтнох асуудал гарч ирж байгаа юм. Миний хувьд тэтгэврийн даатгалын сангийн менежментийг сайжруулаад, орлогыг нь нэмэх замаар нэг хэсэг асуудлыг шийдэх ёстой гэдгийг хэлсэн. Гэвч тэтгэврийнх нь даатгал, шимтгэлийг нь нэмнэ. Мөн тэтгэврийн насыг нэмнэ гэж хамгийн амархан замыг сонгож аваад байна. Төр л юм бол хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг тухайн үед ажлын хэсэг дээр хэлснээр уг хуулийн төсөлд тэтгэврийн насыг судална гэж тавьсан юм. Тэтгэврийн насыг өөрчлөх асуудал улс орон даяар маргаан дагуулна. Хүмүүсийн олонх нь тэтгэвэрт арай эрт гаръя гэсэн хүсэлт тавьдаг болохоос цаашаа удаан хугацаанд ажиллана гэж ярьдаггүй шүү дээ. Дарга нарын хувьд удаан ажиллах сонирхолтой байдаг байх. Тэгэхээр энэ асуудалд олон арга зам, гарцыг оруулж ирэх ёстой гэж хувьдаа үзэж байгаа.

-МАН-ынхан тэтгэврийн шинэчлэлийн бодлоготой хамт тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдэх ёстой гэснийг АН улстөржлөө хэмээн шүүмжлэх болсон. Үнэхээр боломжгүй зүйл оруулж ирж улстөржөөд байгаа юм биш үү?

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг байнгын хороон дээр хэлэлцсэн. Уг нь хүсвэл энэ амархан асуудал. Харамсалтай нь хүсэхгүй байгаад хэргийн учир оршиж байгаа юм. Тухайлбал, би боловсролын сайд байхдаа багш нарын зээлийн хүүг бууруулах ажлыг хийж байсан. Ямар нэг хуульд өөрчлөлт оруулахгүйгээр асуудлыг шийдсэн. Бид төрийн өмчийн их дээд сургуулиудын хөрөнгийг банкинд байршуулж байгаад, тэдэнд хандсан. Нэгэнт та нар манай салбарын хөрөнгийг эх үүсвэрээ болгон өөр дээрээ байршуулж байгаа юм бол энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн зээлийн хүүг бууруулж өг гээд, гэрээ хийж, зээлийн хүүг бууруулсан. Одоо нэгэнт нийгмийн даатгалын сангийн том хөрөнгө банкуудад байршиж хүү аваад явж байна. Тиймээс нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөр дээрээ байршуулж байгаа юм чинь тэтгэврийн зээлийн хүүгээ бууруул гэдэг асуудлыг тавиад шийдчих гэхээр өмнөөс зарим хуульд өөрчлөлт оруулж байж шийднэ гэсэн тайлбарыг хэлээд байгаа. Тэгвэл тэр хэрэгтэй гэсэн хуулийг нь санаачлъя гээд байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулаад явж байна.

-Ажлын хэсгийн зүгээс банкны төлөөлөлтэй уулзаад, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжгүй гэсэн хариу өгсөн гэдгийг Их хурал дээр хэлж байсан шүү дээ?

-Асуудал юунд байна гэхээр тэтгэврийн зээлтэй хүмүүсийн дийлэнх нь Хаан банк, Төрийн банк дээр байдаг. Монгол орон даяар сүлжээтэй банкууд нь тэр юм. Засгийн газар хөрөнгөө өөр банкинд байршуулсан байгаа. Тэгэхээр тэр банк нь бараг тэтгэврийн зээл өгдөггүй.Тэтгэврийн зээл ихтэй банкуудтай ярих ёстой. Төрөөс авч байгаа хүүгээ бага зэрэг бууруулж, тэгээд иргэдийнхээ хүүг бууруулах замаар энэ асуудлыг шийдэж болно. Хүсвэл үүнийг ямар ч аргаар шийдэх боломжтой гэж харж байна.

-Тэгвэл тэтгэврийн даатгалын санг мөнгө­жүүлэх, санхүүг нь сайж­руулах ямар гарц байна?

-Хүмүүсийн нийгмийн даатгалын мөнгийг байршуулах ёстой байхад түүнийгээ төсөв рүүгээ татаж аваад хэрэглэчихсэн. Ер нь өмнөх олон Засгийн газрын үед хийсэн ажил шүү дээ. Одоо улсын төсөв дээр тодорхой хэмжээгээр бага багаар хувь тавиад мөнгөжүүлээд явах ёстой. Гэхдээ мөнгөжүүлж байна гээд эвгүй газар очоод орчихож болохгүй. Даатгалын сан нь өөрөө нийгэм, эдийн засгийн ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийх учиртай. Тэр хөрөнгө оруулалтаараа орлогоо олоод явж байх юм. Удахгүй Барилга, хот байгуулалтын яамнаас даатгалын сангаас орон сууцны зээлд баталгаа гаргаж байх тухай асуудлыг өргөн барих гэж байгаа юм байна. Тухайлбал, би тэтгэвэрт гарахдаа хэрэглэнэ гээд нийгмийн даатгалаа төлж байна. Тэр нь одоо намайг ажиллаж байх хугацаанд миний орон сууцны баталгаа болж орж ирээд, дараа нь тэтгэвэрт гарахад тэр хөрөнгийнхөө ашгаар тэтгэврээ аваад явж байх ийм тогтолцоо байгаа гэдэг нь зөв юм. Энэ мэтээр зөв гаргалгаануудыг хийж болно. Түүнээс биш банкинд аваачиж хийчихээд хүү авах асуудал бол хамгийн амархан шийдэл.

-Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж байгаа учраас 2025 оноос тэтгэврийн насыг нэмэх тухай ярих боломжтой гэж байгаа. Ер нь энэ асуудалд ямар байдлаар хандах нь зүйтэй вэ?

-Нийгмийн даатгал төлөгч арван хүнд одоо гурван тэтгэврийн хүн ногдож байгаа. Тэр нь 15 жилийн дараа долоо болж нэмэгдэх юм гэдгийг дээр би хэлсэн. Нэгдүгээрт, хөдөлмөрийн чадвартай ажиллах хүч гэдэг ойлголт гарч ирнэ. Тэр ажиллах хүчнийхээ хүрээнд энэ асуудал хөндөгдөж таарна. Гэхдээ хамгийн амархан арга нь тэтгэврийн нас нэмэх болчихоод байна. Өөр олон арга бий. Хоёрдугаарт, салбар бүрт ажиллаж байгаа хүмүүсийн онцлог гэж байна. Намайг боловсролын сайдаар ажиллаж байхад нэг асуудал үүсдэг байсан. Тухайлбал, говийн бүсэд ажиллаж байгаа багш нар тэтгэврийн насыг цаашлуулж өгөөч гэж хүсдэг. Харин хангайн бүсэд ажилладаг  багш нар тэтгэврийн насыг наашлуулах сонирхолтой. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн насыг наашлуулах нь нэг хэсэгт ашигтай, нөгөө хэсэгт нь хохиролтой байдаг. Тиймээс үүнийг хөндөхдөө  хөдөлмөр эрхлэлтийн асуудал руу дахиж орох хэрэгтэй болж байгаа юм. Говийн багш нар яагаад тэтгэвэрт эрт гарах хүсэлгүй гэхээр туслах аж ахуй гэж говьд бараг байдаггүй. Орлого олох өөр эх үүсвэргүй болохоор цалингаа авч чадахгүй л бол нийгмийн эмзэг хэсэг рүү орох гээд байдаг. Хангайн бүсэд бол туслах аж ахуйтай, тодорхой орлого олох  боломжтой. Тэтгэвэрт гарахаараа тэтгэврийн мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийгээд амьдралаа аваад явах боломжтой учраас багш нар эрт тэтгэвэрт гарах сонирхолтой байна. Тэгэхээр энэ асуудлыг хөдөлмөр эрхлэлттэй холбож, нэлээд гүнзгий авч үзэх ёстой.

-Эцэст нь цаг үеийн асуудлаар хоёр зүйлийг сонирхож асууя. Тавантолгойн гэрээний төслийн асуудлаар танай бүлэг дээр ярилцав уу. Ямар чиглэлтэй байгаа бол?

-“Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс одоохондоо УИХ дээр ямар нэг мэдээлэл өгөөгүй. Тийм учраас манай намын бүлэг дээр ч энэ асуудал хэлэлцэгдэж чадахгүй байгаа. Тодорхой мэдээлэл авч байж хэлэлцэх шаардлагатай шүү дээ. Ер нь том төслүүдээ хөдөлгөх ёстой гэсэн ерөнхий байр суурьтай байгаа. Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулахдаа том төслүүдээ явуулна гэж зөвшөөрсөн. Тодруулбал, Оюутолгой, Тавантолгой гэсэн том төслөө хөдөлгөнө гэж хар дээр цагаанаар бичээд, гар хөлийн үсгээ зурсан. Ингээд яг төслүүдээ хөдөлгөх болохоор ойлгомжгүй  байдалд оруулчихаад байгаад хувьдаа гайхаад байна. Гэрээ, хэлцэл хийхэд алдаа оноо гарсан байж магадгүй юм. Хэрэв алдаа гарсан бол түүнийгээ нөгөө талтайгаа ярилцаж, засаад яв гэхийн оронд түмэн янзын байр суурь яриад, хамгийн ойлгомжгүй байдалд оруулчихаад сууж байна. Тухайлбал, АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад “Эрдэнэс Тавантолгой” компани байх ёстой гэж хэлсэн гэсэн. Даага уралдуулаад морь нь түрүүлээд ирэхээр үгүй хязаалан морь түрүүлэх ёстой гээд зогсоод байгаа хүмүүс шиг харагдаж байна. Тийм эрүүл бус байдлаар асуудалд хандаж болохгүй. Оюутолгойн хувьд хөдлөх өнгө аястай байна. Тавантолгойн төсөл хөдлөөд эхэлбэл эдийн засагт эргэж байгаа мөнгө нь нэмэгдэж, бид энэ гачаалаасаа гарна гэж ойлгож байгаа. Хүнээр бол биед нь эргэдэг цус нь багадаад, цус нэмж хийх үү гэхээр хийлгэхгүй гээд эрчимт эмчилгээний орон дээр тэмцэлдээд байгаа хүмүүс шиг байна.

-Энэ Засгийн газрын хамтдаа шийдэх өөр нэг асуудал нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай байгаа шүү дээ?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орсон манай намын гишүүд бүлэгтээ мэдээлэл хийсэн. Намын бүлгийн гишүүд ажлын хэсгийнхээ гишүүдэд чиглэл өгсөн. Ер нь Үндсэн хуулийн олон зүйл заалтаар оролдоод хэрэггүй гэдгийг хэлж байгаа. Олон юмаар оролдох тусам бүтэхгүй тал руугаа явна. Тоотой цомхон яг аминд тулсан хэдэн асуудлаа шийдээд явъя гэсэн байр суурьтай байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх талаар хөндөгдөж байгаад ямар бодолтой байна?

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг, сайд нараа томилдог, хариуцлага тооцдог байх асуудалд сул болон давуу тал бий. Давуу тал нь харьцангуй бие даасан Засгийн газартай байна. Юм л бол огцруулчихгаад байдаг биш, тогтвортой байдал бий болно. Гүйцэтгэх засаглал өөрийн эрх мэдэл нь бэхжинэ гэсэн үг. Нөгөө талаасаа хаа нэгтэй хэн нэг нь алдаа гаргахад Ерөнхий сайдыг л огцруулдаг байх сул тал харагдаад байгаа юм. Учир нь Их хурал зөвхөн Ерөнхий сайдаа томилдог, Ерөнхий сайд нь сайд нараа томилдог гэхээр хэн, хаана ямар алдаа гаргахыг хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр алдаа гаргахад, нэгэнт сайдыг нь өргөн барьж огцруулж чадахгүй учраас Ерөнхий сайд огцроно. Иймд асуудлын сул болон давуу талыг сайн судалж байж шийдвэр гаргах хэрэгтэй.
 

Зууны мэдээ
Д.Гэрэлцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-06-08 08:24:01
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.191.224
    Мэдэгдсэн Хариулах