Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж, гишүүд асуулт асууснаар өндөрлөсөн билээ. Хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбоотой ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан 49 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.

Ажлын хэсгээс “Уул уурхайн олборлолтоос болж эвдэрсэн газарт нөхөн сэргээлтийг улсын хөрөнгөөр хийнэ” гэсэн санал оруулжээ. Уг саналтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд “Ашигт малтмалын тухай хуулиар алтыг нь авсан хүн нөхөн сэргээлт хийх ёстой. Гэтэл яагаад алтыг нь ухчихсан газар улс нөхөн сэргээлт хийдэг юм” гэлээ. Мөн  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Энэ бол хууль бус үйлдлийг дэмжсэн заалт байна. Тиймээс дэмжих боломжгүй” гэв.

Мөн УИХ-ын гишүүн С.Оюун, "УУЯ, БОНХЯ хамтран өнгөрсөн жил нөхөн сэргээлт шаардлагатай хичнээн цэг байгаа талаар судалгаа хийсэн юм билээ. Түүгээр 600 цэгт нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Үндсэндээ 8000 га талбай орхигдсон байгаа. Тиймээс улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө суулгаад ийм газрыг нөхөн сэргээх, эсвэл орон нутаг нь нөхөн сэргээх үүрэг өгөх хэрэгтэй. Учир нь нөхөн сэргээлт шаардлагатай байгаа газруудын 20-30 хувь “нинжа” буюу гар аргаар алт олборлогчдоос шалтгаалан сүйдсэн байдаг. Түүнчлэн 1990-ээд оны үед хамаарах цэгүүд ч багтсан" гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд “Компани нь татан буугдсан байсан ч эзэн нь байгаа. Тэр хүнээр нь нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулах ёстой” гэв. Ийнхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.