Идлэг шонхорын худалдааг сэргээж, дарга нарын бус улсын халаасыг дүүргэе
Идлэг шонхор шувуутай цөөхөн орны нэг нь манайх. Яг ч манайх гээд өмчилчиж болохгүй. Гэхдээ манайд зусдаг, өсөж, үрждэг болохоор бид өөриймсөж өмчилчихөөд байгаа юм. Өнөөдөр Монгол оронд яг хэчнээн идлэг шонхор байна вэ гэсэн нарийн тоо судалгаа байхгүй. Харин шувуу судлаачид өөр өөрсдийн тоо баримтыг дэлгэж, судалж, хамгаалсаар байгаа билээ.

 

Монгол улс идлэг шонхорын экспортоос жилд 4,1 тэрбум төгрөгийг төсөвт оруулдаг байж.

Тэгвэл манай улс 1994 оноос эхлэн эдийн засаг, найрсаг хамтын ажиллагааны хүрээнд жилд дунджаар 300 идлэг шонхор экспортлож ирсэн бөгөөд 2013 оныг хүртэл нийт 3580 толгой идлэг шонхорыг Араб, Катарын баячуудад худалджээ. Үүний үр дүнд Монгол улс идлэг шонхорын экспортоос жилд 4,1 тэрбум төгрөгийг төсөвт оруулдаг байж. 

Харин 2013 онд Монгол улс идлэг шонхорын экспортыг таван жилээр хориглосон шийдвэрийг Байгаль Орчин Ногоон Хөгжлийн яамнаас /С.Оюун сайд/ гаргалаа. Энэ шийдвэр нь идлэг шонхорын тоо толгой буурч байгаатай холбоотой гэж салбарын яамныхан тайлбарлаж байв. Гэвч энэ шийдвэр гарснаар хууль бус үйл ажиллагаа газар авах болсон талаар “Монголын мэргэжлийн анчдын холбоо”, “Идлэг шонхор хамгаалах сан” төрийн бус байгууллагынхан саяхан хэвлэлийнхэн мэдээллээ.

Дээрх шийдвэр нь шонхор шувууг ашиг олох зорилгоор худалдаж болохгүй гээд хориглочихсон болохоос улс төрийн хүрээнд эсвэл судалгаа шинжилгээний хүрээнд цөөн тоогоор барих, гадагш гаргахыг зөвшөөрсөн байдаг. Энэ нь олон ч сайд дарга нарт хувийн болон төрийн журмаар идлэг шонхор шувууг гадны иргэдэд бэлэглэх, худалдаалах боломжийг нээж өгсөн гэж “Монголын мэргэжлийн анчдын холбоо”-ны тэргүүн С.Гэрэл хэллээ.
Өөрөөр хэлбэл идлэг шонхор шувууны экспортоос жилд 4.1 тэрбум төгрөг улс орж ирдэг байсан бол энэ хөрөнгө тасарч, харин сайд дарга нар эрх мэдэлтнүүдийн халаасыг дүүргэх болсон юм.

 

Шинжлэх ухаан, судалгаа гэх гоё нэршлээр халхавчилж далд худалдаа бизнес өрнөв

Засгийн газар Байгаль Орчин Ногоон Хөгжлийн яамны дээрх шийдвэрийг цуцалж, 100 толгой идлэг шонхорыг худалдаалахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Гэхдээ мөн л эрэмбэтэй, цензуртэй.

Энэ шийдвэрийг сайд нарын гадагш гаргасан идлэг шонхорын наймааг хаацайлах гэсэн оролдлого хэмээн иргэд, шувуу судлаачид тайлбарлаж байна.

Тодруулбал, 2013 оны наймдугаар сард Гадаад харилцааны сайдын хүсэлтээр Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Катар зэрэг улс руу 20-оод тооны идлэг шонхор шинжлэх ухаан, судалгааны зорилгоор экспортлогдсон байна. Мөн БОНХЯ-наас Кувейт улс руу мөн л судалгааны зорилгоор 10 шонхор гаргасан мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, судалгаа гэх гоё нэршлээр халхавчилж далд худалдаа бизнес өрнөж байжээ гэж харагдаж байгаа юм.

Тэгвэл “Монголын мэргэжлийн анчдын холбоо”, “Идлэг шонхор хамгаалах сан” төрийн бус байгууллагынхан хэвлэлийнхэнд хандаж “Шонхор шувууг улс төрчдөөс хол байлгая” гэсэн уриалгыг гаргасан. Мөн идлэг шонхорыг далд хэлбэрээр худалдаалж цөөн тооны хүн ашиг олж байхаар нээлттэй худалдаж, улс орныхоо эдийн засагт хөрөнгө оруулж байх саналыг гаргасан юм.

Манай улсад жилд дунджаар 300 идлэг шонхор экспортлох хүчин чадал бий. Нэг идлэг шонхор шувууг 10000 ам.доллараар үнэлдэг байсан. Гэхдээ экспортоос орж ирсэн хөрөнгийн тодорхой хувийг идлэг шонхор шувууг өсгөн үржүүлэх, хамгаалах ажилд зарцуулж болох юм. Одоогоор шувуу судалдаг хэдэн төрийн бус байгууллага гадны тусламжтайгаар л идлэг шонхор шувууг хамгаалж байна. Харин төрийн хэмжээг энэ шувууг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авдаггүй хэрнээ худалдан борлуулж, хувьдаа ашиг олох ханцуйн дотроо шийдвэрлэж, улсад орж ирдэг хөрөнгийг халаасалж байгаа нь харамсалтай.
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шонхор 2015-06-04 15:13:12
    Алахгүй жил болсон чинь цөөрсөн гэнэ. ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БОЛОХ ГЭЭД ХУДЛАА ШААГАА Л
    103.229.122.155
    Мэдэгдсэн Хариулах
  • Улс=Дарга 2015-06-04 05:22:47
    Улсын халаас гэдэг чинь эзэнгүй сав шүү дээ, тийм ч учраас төрийн өмчийг дарга нар идэх л гэж байлгадаг сонирхолтой!!!
    153.156.40.53
    Мэдэгдсэн Хариулах