Өргөдлийн байнгын  хорооны тогтоолын төслийг батлав
Өргөдлийн байнгын хорооны  хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн 27.1.8, 27.4 дэх заалтуудын хэрэгжилтийн талаар иргэдээс гаргасан өргөдлийг хэлэлцлээ.
Байнгын хорооны тогтоолоор баталсан “Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн ажиллах чиг үүргийн хуваарь, өргөдөл шийдвэрлэх журам”-ын дагуу эдгээр өргөдлийг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт, Д.Сарангэрэл нарт хуваарилсан байна. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулгыг хийсэн юм.
Иргэн Г.Цэдэнбалжир, Ц.Сарантуяа, Д.Дашдаваа, М.Хуандаг, Н.Гансүх нараас төрийн алба /Үндэсний аудитын газар, Баянгол дүүргийн 13-р сургууль, Дорнод аймгийн засаг даргын тамгын газар, Баян-Өлгий аймгийн татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/-нд олон жил ажиллаж ирсэн ч өвчний улмаас өртөг өндөртэй эм тариа хэрэглэх, гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болсон тул эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхийг өөрийн ажилладаг байгууллагаас хүссэн боловч шийдвэрлээгүй учраас тус байнгын хороонд тусламж хүссэн өргөдөл гаргажээ.
 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Батцэрэг, Д.Лүндээжанцан, Д.Сарангэрэл нарын асуусан асуултад Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал хариулт өглөө. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хуулиндаа төрөөс эмчилгээний зардалд хөнгөлөлт үзүүлнэ гэж заачихсан мөртлөө хэрэгжихгүй байгаа нь Засгийн газар, Эрүүл мэндийн яам ажлаа хийхгүй байгааг харуулж байна гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм. Мөн зардлын мөнгийг төсөвт суулгаж хаана хаанаа хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа. Түүнчлэн иргэдээ хувийн хэвшил, төрийн байгууллагад ажиллаж байгаагаар нь ялгаварлаж байгаа нь Монгол Улс иргэнээ ялгаварлан гадуурхсан хэрэг болно. Зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд Монгол Улсын иргэний эмчилгээний зардлын 5 хувийг нь төр хариуцаж хөнгөлнө, харин төрийн албанд ажиллаж байгаа иргэний зардлын 60-аас доошгүй хувийг төр хариуцна гэж ялгавартай хандаж болохгүй. Иргэн бүр адил тэгш эрхтэй байх ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Харин УИХ-ын гишүүн Н.Батцэрэг  энэ асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төсөл батлахдаа тодорхой тооцоо судалгааг гаргах хэрэгтэй гэдгийг нэмж хэллээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.