Гуравхан саяуулаа ч 30 намтай Монголчууд
Монголчууд өчигдөрхөн “Эх үрсийн баяр” тэмдэглэж ганц өдөр Тавантолгой, Оюутолгой, улстөрийн хэрүүл сонсолгүй өнгөрөх шиг болов. Учир нь бүх нийтээрээ амарч бяцхан үрсээ чадал, бололцооныхоо хэмжээ, зиндаагаар баярлуулах гэж дор бүрнээ хичээж ганц өдөр ч болтугай улстөрийг мартсан хэрэг л дээ. Гэхдээ хяслантай нь энхрий үрсийнхээ өхөөрдөм дууг ханатал сонсож, өрх гэр бүлээрээ зугаалж, инээд чихэр хоёрт бялуурах өдрүүд тоотой нь харамсалтай.
 
Өнөөдөр өглөө төрийн ордонд өнөөх л дуусаж өгдөггүй эдийн засаг, санхүү, улстөрийн хэрүүл хэдийнээ эхэлчихсэн байгаа. Тэгээд ч өнөөдөр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Тавантолгойн гэрээг хянах ажлын хэсгийнхэн мэдээлэл хийнэ гэсэн. Тэд зүгээр ч нэг мэдээлэл хийхгүй нь тодорхой. Гэхдээ одоо өдөр бүр болдог бага шиг хэрүүлийн талаар дурсахгүй. Харин тэрхүү тулга тойрсон хэрүүлийг үүсгэдэг улстөрийн нам гээч хийрхлийн тухай өгүүлэхийг зорьё.
 
Гурван саяуулаа болоод удаагүй байгаа Монголчуудад тун удахгүй 30 улстөрийн нам үйлчилж, үлгэрийн юм шиг гайхалтай сайхан диваажингийн нийгэм журам байгуулж өгөх юм байх. Хамгийн энгийнээр бодоод үзвэл 100 мянган хүнд нэг улстөрийн нам ногдоход ойртож байгаа учир дэлхий дээрх хамгийн баян цатгалан, хамгийн аз жаргалтай улс байх учиртай. Гэтэл дөрөвхөн жилийн өмнө 17 хувьд хүрч, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гайхуулж байсан Монгол Улс өнөөдөр эдийн засгийн гүнзгий хямралд нэрвэгдэж, ДНБ-нийхээ 60 хувьд хүрсэн гадаад өртэй болчихоод сууцгааж байгаа. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 20 тэрбум ам.доллар давсныг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас эхлээд МУИС- ийн эдийн засгийн эрдэмтэн судлаачид       сануулсаар байгаа. Энэ бүхэнд ард түмэн буруугүй. Харин сонгууль бүрийн өмнө ард түмнээ хошхируулж, хоосон амлалт өгсөөр төрийн толгойд гарч ирж, Монгол Улсыг өнөөдрийн байдалд оруулсан улстөрийн намууд л буруутай.
 
Урьд нь AH, МАН, МАХН, ИЗНН, БНН гэсэн тоймтой хэдэн намд хулхидуулдаг байсан бол 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө улстөрийн намын тоо 30-д дөхөж Геннесийн сөрөг амжилтад бүртгүүлэхэд бэлэн болоод байна.
 
Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Ц.Баянбилэгээс гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцэж ёсоор болгосноор Монгол Улс 23 дахь намаа өлгийдөн авчээ. “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг Улсын Дээд шүүх бүртгэн авсан учир шалтгаанаа тайлбарлахдаа “Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улстөрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна” гэсэн байв шүү. Бодвол сүүлийн үед Монголд хавтгайрч байгаа хэн дуртай нь ганц нэг хүний нам байгуулах синдромын сонгодог жишээ болсон Л.Гүндалайгийн “Ард түмнээ хайрлая” намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бодвол ядаж л 2016 оны сонгуулийг өнгөрүүлчихэж магадгүй санагдсанаас ийнхүү 23 дахь намаар тодруулж, буян нь дэлгэрсэн нь тэр биз ээ.
 
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт 23 дахь намаар бүртгүүлсэн “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-аас 20 гаруй хоногийн өмнө мэндэлснээрээ “Хөдөлмөрийн Үндэсний нам” бас ч гэж зулайг нь гишгэж гарсан дүүтэй болж таарч байна. С.Боргил даргатай “Хөдөлмөрийн Үндэсний нам” анх байгуулагдахдаа 1300 гишүүнтэй гэгдэж байсан ч өнгөрсөн баасан гарагт “Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо”- ны тэргүүн Ш.Шагдаржав, “Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв”-ийн тэргүүн Л.Дуурсах нартай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаа зарлан тунхагласнаар ядаж л 1302 гишүүнтэй болсон байх гэж таамаглачихад нэг их хол зөрөхгүй л болов уу. Ийнхүү гурван сая Монголчууд 30 улстөрийн намтай болохоор орондоо унтах завгүй, одод түгсэн шөнөөр түмэн янзын хор найруулцгааж сууна.
 
Ингэхэд толгойтой болгон намд элсэж, тодорхой амбицтай нь нам байгуулахаар хэнээрхэх болсны эцсийн зорилго нь ерөөсөө л болсон болоогүй, чаддаг чаддаггүй хамаагүй Монголын улстөрд оролцож, болж өгвөл УИХ-ын гишүүн болж аваад нэг насныхаа хоолыг дөрөвхөн жилийн дотор олоод авах гэсэн дуусашгүй, дундаршгүй шунал, хүсэл гэдэг нь тодорхой. Өнөөдөр УИХ-д сууж байгаа нөхөд гуравхан жилийн дотор хэрхэн нийгмийн дээд зиндаанд үсрэн гарч ирж байгааг харж, шүлсээ гүдхийтэл залгиж яваа хоёрдугаар ээлжийнхний шунал, атаархал ердөө л улстөрийн нам байгуулах аргаар илэрч байна.
 
Ингэхэд улстөрийн нам гэдэг маань юу билээ. Түүнийг сонгодог утгаар тайлбарлавал “Улстөрийн нам нь засгийн эрхийн төлөө эрмэлзэж, улстөрийн үйл ажиллагаа явуулдаг, тодорхой зохион байгуулалтай хэсэг бүлэг хүмүүсийн нэгдлийг хэлнэ” гэсэн байгаа юм.
 
Дэлхийн жишгээс харвал намууд эхэн үедээ анги, давхраа, шашны гэх зэрэг нийгмийн тодорхой бүлгийн эрх ашгийг илэрхийлэх хандлагатай байсан бол орчин үед ихэнх улстөрийн намууд аль болох олон сонгогчийн санал авах зорилгоор аливаа асуудалд явцуу байр сууринаас биш, хүн амын нийт давхаргын эрх ашгийг төлөөлсөн мэт хөтөлбөр дэвшүүлэх болсон. Гэхдээ тэдгээр нь бүх хүмүүсийн эрх ашгийг огтхон ч илэрхийлдэггүй болох нь улам илүү танигдсаар л байгаа. Өнөөдрийн Монголын улстөрийн  намуудын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг ажиглавал тодорхой бүлгийн эрх ашгийг илүүтэй сонирхон судалж, түүнд онол баримтлалаа тохируулан өөрчилдөг нь илт анзаарагдах болсон. Товчхондоо Монголын улстөрийн намуудын оршин тогтнохын үндэс нь ерөөсөө л ийм болоод байгаа.
 
Судлаач эрдэмтэд улстөрийн үзэл бодлын туйлшралын цаад шалтгаан нь “Хүмүүсийн харанхуй мунхаг, бас аминчхан байдал” гэдгийг нэгэнт тогтоочихсон. Хүмүүс улстөрийн үзэл баримтлал, эдийн засгийн онол загварыг хэчнээн бага ойлгох тусмаа төдий чинээн хатуу, тэгээд эрс тэс туйлширсан үзэл бодол, байр суурьтай байдаг гэдгийг сэтгэл зүйч болон нийгэм судлаач эрдэмтэд баталсан байдаг. Өнөөдрийн Монголын эдийн засаг санхүүгийн хямрал, ард түмний аж амьдралын доройтол нь дээрх байдал руу хүссэн хүсээгүй нийгмийг түлхэн оруулж, явцуу эрх ашгийн нэгдэл болсон улстөрийн намуудад боломж олгоод байна.
 
Баруун, зүүн үзэл баримтлалаа ч сайн ялгахгүй шахам 30 нам тун удахгүй Улсын Дээд шүүхээс батламжаа авах бололтой. Монголд хэнээрхсэн улстөрийн намын эхлэлийг тавилцсан нийтлэлч Баабар нэгэнтээ “Улстөрийн нам гэхээр яг оноох эзэн байхгүй. Нийтээрээ бид чөтгөрийн тойрог гээч юм руу орчихоод байна.

Эндээс ард түмэн дэмждэг, тэндээс нь улстөрийн намууд уухилдаг, ингээд шат дарааллаар явдаг. Хожсон зүйл тун бага” гээд дүгнэчихсэн байсан. Монголын улстөрд шургалчих санаатай үхэлдэн зүтгэцгээж, одоогоор 23 байгаа намуудын эцсийн зорилго бол Монголчуудын сайхан амьдрал бус, улстөрийн намуудын санхүүжилтээр орж ирдэг бохир мөнгө, эрх мэдэл гэдэг нь хэнд ч тодорхой зүйл. Монголчууд бид одоогоор 23 чононд хонио хадгалуулчихаад сууцгааж байна. Тун удахгүй 30 болно. Гэтэл бид гурван саяуулхнаа.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргнэ 2015-06-02 02:14:31
    Хэдэн ч намтай байсан яадаг юм гэж эргүүтэж байгаа мал бас байна аа. Монголд нам ямар ч хэрэггүй. Гурван том нас байхад л хангалттай. Нам бол бөөн мөнгөний хулг...
    182.160.32.111
    Мэдэгдсэн Хариулах
    • MGL 2015-06-02 13:10:27
      Nogoo baanguutaa bucaaj avaad idev gegch shig hellee...
      202.21.106.164
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-02 02:06:39
    Хэдэн ч намтай байсан яадаг юм. Ийм илүү юм бичиж байхаар өөр юм бичээч.
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах