“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн товч танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан танилцуулсан.
Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Иймд манай улсын хувьд ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлох зайлшгүй шаардлага тулгарч байгаа гэдгийг Байнгын хорооны дарга онцолсон.

 “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хоёр үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. Нэгдүгээр үе шат нь Ногоон хөгжлийн үндсийг тавих үе буюу 2014-2020 он, хоёрдугаар үе шат Ногоон хөгжилд шилжих үе буюу 2021-2030 он хүртэлх хугацааг хамрах юм. Ингэснээр нэгдүгээр шатанд, өөрийн орны нөхцөлд тохирсон ногоон хөгжлийн загвар, хэм хэмжээг эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт бий болгож, ногоон хөгжлийг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй өрнүүлнэ. Мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж, бүс нутагтаа өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжиж, мэдлэгт суурилсан эдийн засаг төлөвшиж, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмаар байгальд ээлтэй, үр ашиг өндөртэй ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цэвэр үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж, нэгж бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Хоёрдугаар шатанд, хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, экосистемийн үйлчилгээний үр өгөөжийг ухаалгаар хүртэж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, өндөр үр ашигтай ногоон эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй тогтолцоо төлөвшсөн байна. Эдийн засгийн бүтцэд өндөр технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлж, ногоон эдийн засагт шилжих зорилт тавьжээ.

Хуралдаанаар тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал болон найруулгын шинжтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж дууссаны дараа төслийг бүхэлд нь дэмжих саналыг гишүүдийн олонх дэмжлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.