Долоо хоногийн тойм
Өнгөрч буй энэ долоо хоногт Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт,ын санхүүгийн төлөвлөгөө, Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг асуудлууд анхаарал татсан асуудал хэвээр байв. Үүнийг дагаад улс төрийн байдал нэн тогворгүй байна. Засгийн газраа унагах зорилготой гишүүд санал нэгдээд эхлэв. Харин нийгэм эдийн засгийн байдал тогтвортой байлаа.Ингээд энэ долоо хоногт болсон анхаарал татсан онцгох үйл явдлыг тоймлон хүргэе.

Засгийн газар бонд гаргахаар шийдвэрлэв
Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ долоо хоногт болж, бонд гаргах тухай асуудлыг шийдвэрлэлээ.
Төсвийн алдагдлыг бага зардалтай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд эргэн төлөгдөх Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунгах, төсвийн ачааллыг жигдлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авах зорилгоор нэг тэрбум хүртлэх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.

Үнэт цаас гаргахад техникийн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг Хөгжлийн банкаар дамжуулан сонгож, Төлбөрийн агент томилох гэрээ, Үнэт цаасны захиалгын гэрээ болон үйл явцтай холбогдсон гэрээ, хэлцлийг байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайдад даалгалаа.

Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдсэнээр олон улсын хөрөнгө оруулагчид манай улсыг бага эрсдэлтэй гэж үнэлэх болсон. Олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхолтой болж, Засгийн газар гадаад бонд гаргахад олон улсын зах зээлд тааламжтай нөхцөл бүрдсэн гэж салбарын яам  үзэж байгаа юм.

Унгар улс 2006 онд хаасан Элчин сайдын яамаа сэргээн байгууллаа
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эрхэмсэг ноён Петер Сияяартогийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжиж байна.Энэ онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд унгар тал 2006 онд хаасан Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа албан ёсоор сэргээн нээв.

Элчин сайдын яамыг нээж Монгол Улсын Гадаад хэргийн сайд, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Унгар Улсын Элчин сайд нар үг хэлэв. Түүхэн хэлхээ холбоотой унгар андууд маань Монгол оронд эргэн ирж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад энэ Элчин сайдын яам чухал ач холбогдолтой болохыг нээлтийн үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэмдэглэв.Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад төлөөлөл оролцов.

Нийтийн тээврийнхний ажил хаялт үргэлжилсээр
Нийтийн тээврийнхэн энэ сарын 25-наас буюу өнгөрсөн даваа гарагаас эхлэн “цалингаа нэмүүлнэ” хэмээн ажил хаяж, нийслэлчүүд  хөл дүүжлэх унаагүй явгараад буй. Өөрөөр хэлбэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ буюу “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компанийн ажилчдын ажил хаялт өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд удирдлагын зүгээс ямар нэгэн шийдэлд хүрээгүй хэвээр байна.

Төрийн өмчит нийтийн тээврийн компани буюу “Зорчигч тээврийн нэгтгэл”-д нийт 298 том оврын автобус, троллейбус, 1600 гаруй ажилтантай. Үүнээс өнөөдөр ердөө л 27 автобус, троллейбус үйлчилгээнд явж байгаа юм.  Тус компанийнхан тарифт цалин буюу кондуктор, жолооч нарын нэг цагийн цалинг 4000-5500 төгрөгөөр бодохыг шаардан ажил хаяад байгаа юм.

“Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга болов
Хамаг Монгол Улс хийгээд Их Монгол гүрэн, Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол энэ сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хан Хэнтий уул болох Бурхан Халдун уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрөв.

Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Гандантэгчэнлин хийдийн Тамгын дарга лам н.Эрдэнэхүү Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Оюунбаатар болон орон нутгийн удирдлагууд, хишигтэн олон өргөнөөр оролцлоо.

Тахилгын ёслолын өмнөх өдрийн орой Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийд, орон нутгийн хийдийн лам нар “Итгэл”, “Ганданлажаа”, “Өлзийхутаг буулгах сан” зэрэг ном хурж Долоон бурхан одны тахилга үйлдсэн юм.Мөн лам хуваргууд жавдандаа сууж Ламчодов, Жигжид, Очирваань /Жанлавцогзол/, Овооны сан /Дашчиров сан, Эзний сан, Бурхан халдун уулын сан/, Юлтий, Дэвжид сэржим зэрэг ном хурсан юм.
 
Б. Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.