Эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив. Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг гишүүд 55.1 хувийн саналаар дэмжлээ. Мөн хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр нэгбүрчлэн санал хураалт явуулсныг дэмжиж баталлаа.

Үүний дараа "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эдийн засгийн хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нар тус тус танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд эдийн засаг, нийгмийн хурдацтай өсөлт, зах зээлийн харилцааны эрчимжилт, хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн шинэчлэлт, эрчим хүчний салбарыг сонирхох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчын идэвхжил зэрэг нь эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, бодлогын баримт бичигүүдийг боловсронгуй болгох шаардлагатай болж байгаа аж. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг нь улс орны эрчим хүчний тогтвортой найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах, салбарын үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, эрчим хүчий салбарын хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих хүрээнд ирээдүйд гарах шийдвэр, хэрэгжүүлэх арга хэмжээг чиглүүлсэн, эрчим хүчний бодлогын тэргүүлэх чиглэл, стратегийн зорилго, зорилтыг тодорхойлох юм байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, С.Одонтуяа, Су.Батболд, Ё.Отгонбаяр, Д.Ганхуяг, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, М.Батчимэг, Ц.Баярсайхан, М.Сономпил нар асуулт асууж хариулт авлаа.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа асуултдаа, эрчим хүчний чиглэлээр ашиглаж болох нөөцүүдийг хэрхэн ашиглах, цаашдын хандлага, эрчим хүчний үнийн асуудал болон цаашид хувьчлалын талаар бодлогын баримт бичигт ямар бодлого тусч байгаа талаар тодруулсан юм.

Эрчим хүчний сайд Д.Зоригт өгсөн тайлбартаа, Монгол Улсын эрчим хүчний салбарын бодлогын баримт бичигт эрчим хүчний анхдагч нөөцийн талаар тусгасан. Манай улс ялангуяа нүүрс, газрын тос, шатдаг занар, байгалийн хий, уран, сэргээгдэх эрчим хүчний тооцоо судалгааг гаргасан. Одоогийн байдлаар манай улсын эрчим хүчний хэрэглээний 85 хувийг нүүрснээс авч байгаа бол бусад эх үүсвэрийг муу ашиглаж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр үе шаттайгаар өснө. 2020 он гэхэд нар, салхи, усны эх үүсвэрээр гүйцэтгэх эрчим хүчний хэрэгцээ, үйлдвэрлэл 20 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэх том зорилтыг хөтөлбөрт тусгасан. Үнэ тарифын хувьд Эрчим хүчний тухай хуулиар өртөг зардлаа бүрэн нөхөх, санхүүгийн ашигтай байхаар явж ирсэн. Гэсэн ч хэрэгжилтийн явцад энэ зарчим салбарын хувьд төдийлөн мөрдөгдөж ирээгүйгээс олон жилийн турш алдагдалтай явж байна. Иймээс зах зээлийн зарчмаар үнэ тариф бүрдэнэ. Эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа бол бодитой өртөг зардалд нь суулган тодорхой хэмжээнд санхүүгийн ашигтай байхаар, мөн хөрөнгө оруулалтаар нөхөх боломжтой байхаар, техник, технологийн шинэчлэлүүд хийх боломж аж ахуйн нэгжүүдэд байх хэмжээнд үнэ тарифийг мөрдөхөөр тусгасан. Энэ салбар хувьчлагдаагүй үлдсэн цөөн салбарын нэг. Улсын Их Хуралд Төрийн өмчийн хувьчлалын бодлогын баримт бичиг өргөн баригдсан. Үүнд эх үүсвэр станцууд, түгээх сүлжээ зэрэг тодорхой хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлах, нээлттэй хувьцаат компани болгох бодлогыг тусгасан. Цаашид 2030 он гэхэд эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн эх үүсвэр давамгайлж, түгээх, хангах сүлжээ бүрэн үе шаттай хувьчлагдсан байхаар баримт бичигт тусч байгаа. Энэ нь 2015-2023, 2024-2030 он гэсэн хоёр үе шаттай байхын зэрэгцээ хяналт, шинжилгээ, үнэлгээ хийгдэж явна гэв.

Гишүүдийн зүгээс, Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн станц, Чаргайтын усан цахилгаан станц, Эгийн голын цахилгаан станцыг барьж байгуулах асуудал яагаад удаашралтай байгаа, эрчим хүчний үнийн өсөлтийн асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн хооронд үүсэх зөрчлийг хэрхэн шийдвэрлэх, эрчим хүчний компаниуд алдагдалтай ажиллаж байгааг цаашид яаж шийдэх зэрэг асуудлыг хөндөж хариулт авлаа.

Мөн саяхан нийслэлд бүхэлдээ тог тасалдсан нь ямар шалтгаантай байсан талаар тодотгосон асуултад салбарын сайд өгсөн тайлбартаа, Цахилгаан дамжуулах сүлжээ компанийн дэд станц дээр техникийн осол гарсан. Энэ асуудал маш богино хугацаанд буюу 0,5 секундэд болсон талаар мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Үүнээс хамгаалах ёстой хамгаалалтын техник горимоороо ажиллаагүйгээс болоод сүлжээ станцуудыг зогсоход хүргэсэн ноцтой осол гарсан. Энэ асуудалд Эрчим хүчний яам ажлын хэсэг гаргаж мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж шалгалт хийж байгаа, мөн үүний хажуугаар хөндлөнгийн эксперт, шинжээчдийн ажлын хэсэг гарган ажиллаж байна. Үүнийг харьцуулж үзээд ойрын өдрүүдэд дүгнэлт гаргана гэв.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа байнгын хорооны саналаар тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 83,6 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн хуралдаанаар Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нар танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орж байгаа барилга байгууламжийн дэд бүтцийн шугам сүлжээг төрөөс хөрөнгө оруулалт хийн барьж байгуулж чадахгүй байгаагаас хэрэглэгчийн хувийн өмчлөлийн шугам, дэд станц ихээр баригдаж, түүнд бусад хэрэглэгчийг холбох эрх зүй харилцаа зохицуулагдаагүйн улмаас бусад хэрэглэгч эрчим хүчинд холбогдох боломж хязгаарлагдаж, шугам сүлжээ, дэд станц барьсан хэрэглэгчид өндөр төлбөр, түрээс төлөх байдал бий болсон байна.

Эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчмаар ажиллуулах, салбарын институц хоорондын харилцан уялдаа, хараат бус байдлыг хангах, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулах субьектийг тодорхойлох, гэрээний загвар батлах зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хооронд шинээр үүсч байгаа харилцааг зохицуулах, түүнчлэн байгалийн хийн нөөц баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хадгалах, дамжуулах, тээвэрлэх, түгээх харилцааг зохицуулах, зарим нэр томьёог шинээр тодорхойлох зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан байна.

Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Л.Энх-Амгалан, Ц.Оюунгэрэл, С.Оюун нар асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 58,9 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал байв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нар танилцуулсан.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, барилга байгууламж байгуулах тусгай зөвшөөрөл авах, үнэ-тариф тогтоох, цахилгаан эрчим хүчийг худалдах ба худалдан авах гэрээ байгуулах талаар оролцогч байгууллагуудын эрх, үүрэг зэрэг үндсэн хүчин зүйлүүдийг тодорхойлж, сэргээгдэх эрчим хүчний үнэ-тарифыг үндсэн төрлөөр нь ялгавартай тогтоож өгсөн нь сэргээгдэх эрчим хүчийг сонирхогч гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын тухайн чиглэлд хөрөнгө оруулалт хийх ашиг сонирхлыг ихээхэн татсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, сэргээгдэх эрчим хүчний дотор хог хаягдлаас гарч байгаа эрчим хүч орж байгаа эсэх, дэлхий нийтээр нүүрс хүчлийн хийн төлбөрийг төлдөг. Энэ нь дэлхийг бохирдуулсныхаа төлбөрийг төлж байна гэсэн ухагдхуунаар цуглардаг. Манайх дэлхийн нийтийн жишгийг дагаж байгаа юм бол нэр томьёоны хувьд уян хатан байх боломжтой эсэх талаар тодотгосонюм. Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа байнгын хорооны саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 76,4 хувиар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхээ 2015-05-29 14:05:37
    Эрчим хүчний талаар гадаадын хөрөнгө оруулагчдийг татах бодлого баримаар байна.Энд жижиг оворын атомын станц,говийн сумдад нарны станц,Гадагш гардаг голд
    112.72.13.61
    Мэдэгдсэн Хариулах