2014 онд гэрээгээр ажиллагсдад 627,2 сая төгрөгийн шимтгэлийг буцаан олгосон байна
БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны төлөөлөгчид манай улсад албаны айлчлал хийж, “Тэтгэврийн шинэчлэл: БНСУ-ын туршлага” сэдэвт семинарийг зохион байгуулж байна. Семинараар Монгол улсын тэтгэврийн тогтолцоо, тэтгэвэрийн төрөл, бодох аргачлал, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны танилцуулага, туршлага, Үндэсний тэтгэврийн сан, түүний удирдлага, тэтгэврийн хамрагдалтыг нэмэгдүүлэх нь зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлж байгаа юм.

БНСУ-ын үндэсний тэтгэврийн алба нь 1988 онд 10-аас дээш ажилтантай аж ахуй нэгжийг даатгалд хамруулахаар журамлан үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 21.1 сая даатгуулагчтай сангийн хөрөнгөөрөө дэлхийд гуравдугаар байранд эрэмбэлэгдэх хэмжээний томоохон байгууллага болжээ.
Нийт даатгуулагдын 98.3 хувийг заавал даатгуулагч, 1 хувийг сайн дурын даатгуулагч, 0.7 хувийг сайн дураар тасралтгүй даатгуулагч эзэлж байна. Даатгуулагчид Тэтгэврийн даатгалд 9 хувь, Эрүүл мэндийн даатгалд 5.99 хувь, Хөдөлмөрийн даатгалд 1.55 хувь, Ажилчдын нөхөн олговрын даатгалд 1.7 хувийн шимтгэл төлдөг аж. Үндэсний тэтгэврийн албанд төлсөн шимтгэлээсээ тус улсын иргэд өндөр насны тэтгэвэр, ажилгүйдлийн тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэсэн дөрвөн төрлийн тэтгэвэр авах эрхтэйгээр зохицуулагдсан байдаг юм байна. 

БНСУ-ын Үндэсний тэтгэврийн алба нь 18-аас 59 насны иргэдээ даатгалд хамруулдаг ба 61 наснаас эхлэн тэтгэвэр тогтоодог байна. Манайхаас ялгаатай нь тэтгэврийн насыг эрэгтэй эмэгтэй ялгаагүй тогтоож өгсөн байдаг аж. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 5-10 насаар илүү насладаг атлаа эрэгтэйчүүдээс богино хугацаанд ажиллаад тэтгэвэр тогтоолгож байгаа нь шударга бус байгаа талаар манай улсын тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хэлсэн саналдаа тус албаны Гадаад харилцааны хэлтсийн дарга Ким Ён Ил дурдаж байлаа.

Мөн тэрээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд албан журмаар даатгах нь зүйтэй. Хөдөлмөр эрхэлж буй хүн бүхэн тэтгэврийн даатгалд хамрагдах нь зөв гэдгийг хэлснээс гадна “хүн амын дундаж наслалт танай, манай гэлтгүй өсөж буй энэ үед тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, ажилласан жилээс хамаарч тэтгэврийн хувь хэмжээг тогтоох, олон давхаргат, олон сонголтот тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй” хэмээн саналаа хэлэв.

Семинарын хүрээнд иргэдийн болоод хэвлэл мэдээллийнхний сонирхож байсан өөр нэг асуудал нь хоёр улс хоорондын хэлэлцээр байлаа. Монгол улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд 2006 оны 5-р сарын 08-ны өдөр “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээр байгуулагдаж, 2007 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ.

Энэ хүрээнд:

1.БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол улсын иргэн БНСУ-ын хуулийн дагуу заавал хамрагдах тэтгэврийн даатгалаас чөлөөлөгдөж, Монгол улсын тэтгэврийн даатгалд хамрагдана.

2. Монгол улсын тэтгэврийн даатгалд хамрагдаагүй болон хамрагдаад 3 сараас илүү хугацаанд даатгалын шимтгэлээ төлөөгүй тохиолдолд хэлэлцээрийн дагуу БНСУ-ын тэтгэврийн даатгалд хамруулж, төлөгдөөгүй сар бүрийн шимтгэлийг суутган авна. Солонгос улсын даатгалд хамрагдсан гэрээт ажилтан нутаг буцаж ирээд төлсөн шимтгэлээ Солонгос улсаас нэхэмжлэн авдаг ба үүнийг буцаан олголт гэдэг.

Монгол иргэд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлчихөөд тус улсаас тэтгэвэр авах боломжгүй байсныг буцаан Монгол руу шилжүүлж тэтгэврийн даатгалд даатгах нь иргэний хувьд тэтгэвэр тогтоолгох, даатгуулсны үр өгөөжийг хүртэх, эрсдлээс өөрийгөө хамгаалах, харин Монгол Улсын хувьд төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын ач холбогдолтой юм.

2014 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан 1521 иргэнийг Монгол улсын  тэтгэврийн даатгалд хамруулан гэрчилгээ олгосон бол энэ он гарсаар 515 иргэнийг Монгол улсын  тэтгэврийн даатгалд хамруулан гэрчилгээ олгоод байна.

2014 онд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албанаас  шимтгэлээ буцаан авахаар хүсэлт гаргасан 379 даатгуулагчийн 303,4 сая вон буюу 627,2 сая төгрөгийн шимтгэлийг буцаан олгосон бол 2015 оны 4 сарын байдлаар хүсэлт гаргасан 59 даатгуулагчийн 54,1 сая вон буюу 97,3 сая төгрөгийн шимтгэлийг буцаан олгосон байна.
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.