2015-2016 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах шилдэг 70 сурагч тодорлоо
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн төгсөгч, Их дээд сургуульд элсэн суралцах шинэ оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр юм.

2007 оноос эхлэн 8 дахь жилдээ орон даяар хэрэгжүүлж буй “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр” –т энэ онд Монгол улсын 21 аймаг болон Замын-Үүд, Зүүнхараа болон Улаанбаатар хотын Багахангай, Налайх, Багануур зэрэг захын дүүргээс сурагчдыг хамруулахыг зорилоо.
Тус хөтөлбөрт хүсэлтээ ирүүлсэн сурагчдын материалыг сум дүүрэг, аймаг болон улсын түвшинд томилогдсон ХААН Банкны ажилтнууд, төр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн комисс орон даяар шалгаруулалтыг 3 үе шаттайгаар явуулсны үндсэн дээр 2015-2016 оны хичээлийн жилд ХААН Банкны тэтгэлэг авах 70 шилдэг оюутныг тодрууллаа. 

Шалгаруулалтыг явуулахдаа тухайн сурагчийн суралцах хугацаандаа гаргасан амжилт, голч дүн, өрхийн амжиргааны түвшин, нийгмийн идэвх зүтгэл зэрэг гол үзүүлэлтүүдийг харгалзаж, шалгаруулалтыг явууллаа.

2015-2016 оны хичээлийн жилд ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, сургалтын төлбөрийн тодорхой хувийг хөнгөлүүлэх эрх авсан шилдэг 70 сурагчийг танилцуулж байна.   
 
Шалгарсан сурагчдын нэрстэй  энд  дарж танилцана уу.
 
Ийнхүү боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банк сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэрүүлэгч сурагчдад сургалтын тэтгэлэг олгож, тэдний цаашид суралцах хүсэл эрмэлзлэлийг нь дэмжин оюуны хөрөнгө оруулалт хийлээ. ХААН Банк өнгөрсөн 8 жилийн хугацаанд ХААН Банк Сангаараа дамжуулан нийт 1220 оюутанд 610 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна.
 
Мянга мянган сурагчдын тэргүүн эгнээнд алхаж, бусдыгаа манлайлсан сурагчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.
Бусдад түгээх
  • gplus