Прокурор  шинээр  “нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах“  чиг үүргийг  хэрэгжүүлнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах боломжтой байхаар, түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшлийн зэргийг нэгээс тав хүртэл байхаар тодорхой тусгаж, туслах прокурор, туслах ажилтан, дүүргийн прокурор зэрэг зарим ойлгомжгүй нэр томъёог  шинээр тусгалаа. 
 
Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр боловсруулагдсан Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хуулийн төсөл зэргийн үзэл баримтлал, зохицуулалттай уялдуулан прокурорын чиг үүргээ хэрэгжүүлэхэд эдлэх бүрэн эрх, эрх хэмжээг зохицуулсан. Түүнчлэн прокурор төр, нийтийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор талуудын хүсэлтээр эсвэл өөрийн санаачлагаар захиргааны болон иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийг төлөөлөн оролцох чиг үүргийг шинээр тусгаж, уг чиг үүргийн хүрээнд нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, иргэн, байгууллага, албан тушаалтнаас холбогдох баримт сэлт, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулах бүрэн эрхтэй байхаар тусгажээ. Прокурор  шинээр  “нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах“  чиг үүргийг  хэрэгжүүлэхтэй холбоотой   “нэхэмжлэл, гомдол”  гэсэн эрх зүйн хэлбэр гаргахаар томьёолсон.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд тулгуурлан прокурорын халдашгүй байдлыг тусгайлан шинээр нэр заан жагсааж хуулийн заалт болгон оруулсан бөгөөд энэ нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуультай ижил утга агуулгатай юм. Иймд прокурор нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хараат бус байдалд нь халдсан аливаа дарамт, шахалт, нөлөөллийн талаар дээд шатны прокурорт мэдүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг шинээр оруулсан байна.
 
Хуулийн төсөлд тусгагдсан дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн Хууль, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх газар, Олон улсын Прокуроруудын холбооноос гаргасан “Прокурорын үүрэг ба эрх зүйн байдал” зөвлөмжийн үзэл санаа, түүнд орсон зохицуулалтууд, олон улсын хэмжээнд прокурорын үйл ажиллагаанд мөрдлөг болгодог хэм хэмжээнүүд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг хууль тогтоомжуудад  үндэслэн томъёологдсон аж.
 
Прокурорын нийгмийн баталгааг тусгахдаа прокурор ажиллах хугацаандаа болон өндөр насны тэтгэврээ тогтоолгох, эмчлүүлэх, ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тахир дутуу болсон, бэртэж гэмтсэн тохиолдолд авах нөхөн төлбөр, буцалтгүй тусламжийн хэмжээг тодорхойлж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Тахарын албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулиудтай уялдуулан тогтоожээ.
 
Түүнчлэн баталгаанд дан ганц прокурор бус, прокурорын байгууллагын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн нийгмийн халамжийн баталгааг давхар оруулж өгсөн. Ингэснээр прокурорын байгууллагын ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, алба үүргээ шударгаар биелүүлэх, гадны халдлагаас хамгаалагдах нөхцөл бүрдэх юм. 

Хуралдаан гишүүдийн санал асуулгаар үргэлжилж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2015-06-01 05:17:49
    өмгөөллийн тухай хуулийг яаралтай хэлэлцүүлэх, тэгэхгүй бол өмгөөлөгч нэртэй луйварчид их болоод бидний нэрийг гутаагаад байна