Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тоглоом худалдаалагдсаар л байна
Мэргэжлийн хяналтын газраас “хүүхдийн баяр”-тай холбогдуулан жил бүр шалгалт хийдэг. Тэгвэл өчигдөр /2015.05.28/ Олон улсын Нарантуул худалдааны төвд худалдаалагдаж буй бэлэг, тоглоомонд гэнэтийн шалгалт хийв.

Тоглоомонд хийсэн шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, насны хязгаарлалт заагаагүй, хүүхдийн биед хортой материалаар хийгдсэн, чанарын шаардлага хангахгүй зэрэг олон зөрчлүүд илэрсэн юм. Хүүхдийн биед гэмтэл учруулж болохуйц хурц иртэй айдас төрүүлэм тоглоомыг худалдахыг хориглосон байдаг. Гэвч Нарантуул захын тоглоомын лангуун дээр сэлэм, хутга, дартс жад үрлэн сумтай буу мэтийн хориглосон тоглоомууд их байсан учраас хураан авлаа. Өмнөх жилүүдэд хийсэн шалгалтаар мөн л ийм зөрчил, дутагдал илэрч байжээ. Гэхдээ энэ жилийн хувьд элдэв айдас төрүүлэм дүрс хэлбэртэй тоглоом харьцангуй багассан байна гэдгийг шалгалтынхан онцлов.

Мэргэжлийн хяналтын байцаагч Д.Цэцэгээ “Бид жил бүр хяналт шалгалт хийж зөвшөөрөгдөөгүй хүүхдийн биед гэмтэл учруулж болохуйц хориглосон тоглоомуудыг хураах, анхааруулах, борлуулагчдад хариуцлага тооцох арга хэмжээг авсаар байна. Энэ жил гэхэд жад, сэлэм, дартс зэрэг тоглоомуудыг хурааж авлаа. Гэвч зах дээр хүүхдийн бие, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тоглоомууд худалдаалагдсаар л байна. Тиймээс шаардлага хангахгүй тоглоомыг худалдан авахгүй байхыг эцэг эхчүүддээ зөвлөж байна” гэв.

Харин хүүхдийн бэлэгний хувьд Нарантуул захаас ноцтой зөрчил гарсангүй. Ер нь хүүхдийн бэлэг зарж байгаа лангуу байхгүй байсан гэж хэлж болно. “Энэ нь бидний жил бүр хийдэг шалгалтын үр дүн юм. Нарантуул захаас гадна захын хорооллын дэлгүүрүүд ч хүүхдийн бэлэг худалдаалахаа больсон. Харин томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалдаг болсон байна” гэж шалгалтынхан дурдаж байв.

Энэ үеэр НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Худалдаалагдаж буй бэлгэнд хийжүүлсэн ундаа, чихэрлэг бүтээгдэхүүн ихээр орсон харагдаж байна.Тэгэхээр эцэг эхчүүд хүүхэддээ бэлэг авахдаа дотор нь байгаа бүтээгдэхүүний он, сар, хугацаа, элэгдэж гэмтсэн эсэхийг сайтар шалгаж аваарай гэж зөвлөмөөр байна. Мөн аль болох эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн сонгоорой” гэж хэлэв.
 
Ами
Olloo.mn  
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.