Баянзүрх дүүргийн иргэд бүлгээрээ хашааны газраа барьцаалж зээлд хамрагдана
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрийн нэг чиглэлд иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг тусгасан байдаг.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилгоор нийслэлийн ИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг баталсан.
 
Уг журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий архитектур О.Одбаяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо "Цайз хотхон" төслийн талбар, тус дүүргийн 27 дугаар хороо "Дарь Эх хотхон" төслийн талбарын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Уулзалтаар Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид ажлаа хэрхэн явуулах талаар санал солилцож, иргэдийн асуултад хариулт өглөө.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо нь 228.79 га нутаг дэвсгэр, 2800 өрх, 10404 хүн амтай юм. Тус хорооны 175 өрх, 717 хүн  Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох хүсэлтээ илэрхийлж бүлгээрээ газраа барьцаалж зээл авч  "Цайз хотхон" төслийн талбарт хамрагдахаар болжээ. Уг төслийн талбар нь 12 га нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд 184 нэгж талбартай юм. "Цайз хотхон" төслийн талбарын газар өмчлөгч, эзэмшигчдийн 180 буюу 97.8 хувь нь асуулга бүхий судалгаанд хамрагджээ. Уг судалгааны тайланд үндэслэн эхний ээлжийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөөр 610 айл орон сууц, 72 айл таун хаус, 111 айл амины орон сууц барих бололцоотой гэж үзэж байна.

Дараагийн нэг байршил нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны "Дарь Эх хотхон" төслийн талбар юм. Энэ нь 255 өрх, 1011 хүн ам, 16 га газар, 255 нэгж талбартай. Эхний ээлжийн төлөвлөлтөөр 1106 айлын нийтийн орон сууц, 166 айлын таун хаус, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хорооны байр, соёлын төв, худалдааны төв, инженерийн барилга байгууламж, ногоон байгууламж, спортын талбайг барихаар төлөвлөж байгаа юм.  

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Юуны өмнө Та бүхэн Гэр хорооллын дахин төлөвлөлт, Гэр хороолын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг ялгаж ойлгох хэрэгтэй. Энэ хоёр бол хоорондоо ондоо зүйл юм шүү. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг бол иргэд газраа чөлөөлж, барилга бариулсныхаа дараа эргэн ирж, орон сууцандаа орох юм. Харин газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаа бол сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц барихад иргэд дундаасаа хандивын газар гаргаж өгөх, өөрөөр хэлбэл 10 айл хашааны газраа барьцаалаад зээл авах юм. Бид нэг айлын хашааны газарт зээл өгөхгүй гэсэн зарчмыг баримталж байгаа бөгөөд иргэд хоорондоо тохиролцож заавал бүлгээрээ зээл авна. Мөн Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд баригдаж байгаа барилга 5 давхраас илүү байж болохгүй. Хотоос өгсөн зургийн даалгавар, техникийн нөхцөлийн дагуу биш л бол зээл олгохгүй гэсэн шалгуурыг тавьж байгаа юм. Иймээс Та бүхэн хоорондоо сайтар тохиролцож, тавигдсан шалгуурын дагуу бүх зүйлийг хийх нь чухал юм шүү" гэлээ.

Харин иргэд маш том бүтээн байгуулалтын ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлж,  бидний хүсэн хүлээсэн тохилог, цэвэр цэмцгэр, аюулгүй орчин удахгүй бүрдэнэ гэдэгт итгэж байгаагаа уламжлаад уг ажлыг хэрэгжүүлэхийг  дэмжиж байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.