Хүүхэддээ "эрүүл" баяр баясгаланг бэлэглэе

 Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Бидний хэлж нэрлэдгээр хүүхдийн баяр. Энэ өдрийг амттан, чихэр, жимсгүйгээр төсөөлнө гэдэг утгагүй. Ер нь хүүхэд насыг амттангүйгээр төсөөлнө гэдэг үргэлж л бороо шаагиж байдаг бүрхэг тэнгэртэй л адил дүрслэгдэнэ.

 Бид ч хүүхэд байсан. Энэ л өдөр аав, ээж, эгч ах нараас ирэх ууттай бэлгийг л маш ихээр сэтгэл догдлон хүлээдэг байв. Өмнө нь байнга л иддэг байсан иштэй чихэр, гаатай бохь, “диско” печень энэ өдөр бэлгэнд байгаа учраас л цоо шинэхэн амттан мэт санагддаг байлаа. Хүүхэд нас гэдэг бүхий л зүйлсийг үргэлж сайхнаар хүлээн авдаг тийм л гэгээн нас. Тиймээс ч шүд цоохор, дараа нь өвдөж хавдахыг ч үл анзааран чихрийн цаасыг өмнөө овоолдогсон.
 

Хүүхдээс амттан харамлаж чадахгүйгээс хойш чанартайг нь хэрэглэж сурцгаая

 Харин томчууд “муу... болохгүй...” гэж хэлдэг мөртлөө аль хэдий нь ууттай бэлэг барьсаар гэрийн зүг алхаж байдаг шүү дээ. Нэгэнтээ хүүхдээс амттан харамлаж чадахгүйгээс хойш чанартайг нь хэрэглэж сурцгаая. Зарим эцэг эхчүүд “хүүхэддээ цагаан идээ бэлэглэе... ном бэлэглэе ...” гэсэн уриалгыг гаргасан байна. Уг нь хүүхдийн ирээдүйг бодвол энэ бэлэг чухал л даа.

Гэвч ийм бэлэг авсан хүүхэд инээд хөөр, амьдралын баяр баясгалангаар дутах юм шиг санагдах юм. Ном унших дуртай хүүхэд байх ч ганц ширхэг иштэй чихэр түүнд номноос илүү их аз жаргалыг бэлэглэдэг гэдэгтээ маргалдаад яах вэ.

 Үүний оронд зөв эрүүл хүнс сонгож, мөн хүүхэддээ эрүүл мэнддээ анхаарал тавьдаг болгож л сургацгаая. Чихэр идэж болно дараа нь шүдээ угаадаг болгоё, мөн дэлгүүрээс хугацаа нь дууссан, эсвэл химийн орц, найрлага өндөр бус харин байгалийн 100 хувь эрүүл хүнс сонгодог болгож л сургацгаая.

 Үүний тулд томчууд бид өөрсдөө ГМО буюу химийн нэмэлт бүтээгдэхүүн орсон хүнсний байгалийн эрүүл хүнснээс ялгаж сурах хэрэгтэй.

 Хамгийн наад зах нь Е гэх тэмдэглэгээг уншиж сурах шаардлагатай болоод байна. Е тэмдэглэгээ бүхий маш олон химийн нэмэлтүүд бий. Эдгээр нь хадгалалт, өнгө, үнэр, амт, исэл, хөөлгөлт гээд л олон төрлийн зориулалттай химийн нэмэлтүүд бөгөөд бид юу болохыг нь сайн мэдэлгүйгээр өдөр тутмын амьдрал, хоол хүнсэндээ хэрэглэсээр байна. 

 Ер нь байгалийн 100 хувийн эрүүл хүнсний хэрэглэнэ гэдэг амаргүй. Өндөр үнэтэйгээс гадна олдоц муу. Мөн аль нь 100 хувь байгалийн, аль нь химийн нэмэлт орсон болохыг ялгахад ч бэрх байдаг. Тиймээс аль болох эрүүл мэндэд хор багатай гэж бодсноо л хэрэглэж байгаа.
 

 Химийн өндөр найрлагатай, өнгө, үнэр, амт оруулагч нэмэлтийг ихээр ашигласан бүтээгдэхүүнүүд ч нэг саванд олноор орох тохиолдол бий

 Хүүхдийн баяр, Шинэ жил гээд л амтатнуудыг хэт олноор савлаж бэлэг болгон худалдаалдаг энэ үеэр хугацаа хэтэрсэн, муудсан хүнсний бүтээгдэхүүнүүд савлагдах тохиолдол цөөнгүй байдаг. Мөн химийн өндөр найрлагатай, өнгө, үнэр, амт оруулагч нэмэлтийг ихээр ашигласан бүтээгдэхүүнүүд ч нэг саванд олноор орох тохиолдол бий.

Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд бид л зөв сонголт хийж үр хүүхэд, багачууддаа баяр баясгаланг бэлэглэнэ. Бид эрүүл хүнсээ зөв сонгож, хэрэглээд сурчихвал борлуулагчид ч эрүүл хүнсийг худалдаалахыг зорих болно гэдэгт итгэж байна.

Өнөөдөр манайд худалдаалагдаж импортын болон дотоодын ихэнх амттан хүнсний нэмэлт буюу Е тэмдэглэгээтэй. Бүх хүнсний нэмэлтүүд хүний бие муу гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Гэхдээ хадгалалт уртасгадаг, өнгө үнэр оруулдаг, амт нэмдэг хүнсний нэмэлтүүд 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс сайн байна гэж лав байхгүй. Тэгвэл Мэргэжлийн хяналтын газраас хүүхдийн баяртай холбогдуулан дараах 12 зүйл бүхий анхааруулгыг хүргэлээ.


1.  Худалдаа, үйлчилгээний газраас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгонд хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх
2.  Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх
3.  Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсөн, дарахад хонхолзож,  задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал муудсан
4.  Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн
5.  Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон байвал
6.  Хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт, үнэртэй байх ёстойг анхаарах
7.  Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах
8.  Мах, махан бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй,  эрх бүхий лабораторид аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэх
9.  Худалдаа, нийтийн хоолны газраас архи, согтууруулах ундаа худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэх, тунадас булингартай, механик хольцтой,  хямд үнэтэй, архи, согтууруулах ундаа худалдан авч хэрэглэхгүй байх
10.  Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, дэлгүүр дэх хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх
11.  Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа,үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
12.   Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, урагдаж, гэмтсэн бол худалдаж  авахгүй байх гэсэн анхааруулга сэрэмжлүүлгийг өглөө.
 

Манайд хүнсний нэмэлт орсон бүтээгдэхүүнүүдийг хилээр орж ирэхийг хориглосон хууль, тогтоомж алга

 Харин Е тэмдэгтийн хувьд Монгол улсад мөрдөж байгаа “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192:2007, олон улсын “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” САС 192:2014 стандарт, Европын холбооны техникийн зохицуулалтад тусгагдаагүй хүнсний нэмэлтүүд орсон түүхий эд, бүтээгдэхүүн манай улсад импортлогдон, хэрэглэгдэж байгаа.

Гэвч манайд үүнийг зохицуулах хориглох хууль тогтоомж гэх зүйл алга.

Тиймээс л Хүнсний тухай хуулийн 16.1, 16.2-т заасан “Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор хийсэн бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ыг яаралтай гарган батлуулах талаар ажиллаж байгаа гэдгийг албаныхан мэдээлдэг.

 Өөрөөр хэлбэл манайд хэрэглэхийг хориглосон хүнсний нэмэлтүүдтэй бүтээгдэхүүнүүдийг хилээр орж ирэхийг хориглох хүртэл эцэг эхчүүд бид л зөв сонголт хийж,хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй болж байна.

 Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.