М.Уранцэцэг: Би заавал ялах ёстой гэж өөрийгөө хурцалдаг
“Женко” клубээр овоглогдон их спортод хөл тавьж байсан жаахан охин өнөөдөр жүдо бөхийн Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болжээ. Түүний жүдогоо гэсэн уйгагүй зүтгэл, сайн багш нарын арга техник өдий амжилтанд хүргэсэн нь гарцаагүй. Ингээд МУГТ М. Уранцэцэгийг хэдхэн хоногийн өмнө Азербайжен улсын нийслэл Баку хотноо болсон дэлхийн шилдгүүд оролцдог “Их дуулга” тэмцээнд түрүүлээд ирэхэд нь уулзаж ярилцсан юм.
 
-Таны амжилтын буухиа 2013-2014 онуудад маш хурдтай өртөөллөө. Амжилт, ялалт гэдэг бага үнээр олддоггүй, тухайн тамирчнаас маш их хөдөлмөр тэсвэр тэвчээр шаарддаг?
 
-Тэгэлгүй яахав. Сэтгэл зүйн байдал, тэвчээр энэ бүгдийг цогцлоож дээр нь бэлтгэл сургуулийг тууштай тогтмол хийлгэдэг багш нарын минь ач гавьяа гэж бодож байна. Миний хувьд спортоор хичээллэснээр хамт олонтой, бас Олимп, Дэлхийн аварга ах эгч нартайгаа эн зэрэгцэн барилдах боломж тохиосон азтай хүн. Ийм эрч хүчтэй сайхан энергитэй хүмүүсийн дунд байгаадаа үнэхээр баярлаж, бахархаж явдаг.
 
-Хэдхэн хоногийн өмно монголынхоо тамирчдаас ганцаараа аварга болж, Бакугийн тэнгэрт Монгол Улсынхаа нэрийг мандуулаад ирсэн, Энэ торгон агшныг эргэн дурсвал?
 
-Миний тэмцээн уралдаанд амжилт гаргаж байгаа минь баг хамт олонтойгоо ажиллаж, тэд маань намайг дэмжиж байдгийн үр дүн гэж ойлгож болно. Тэмцээн бүрт амжилт гаргах нь миний туйлын зорилго. Тийм учраас сайхан байна аа.
 
-Лондонгийн олимпод хүссэн барилдаанаа гаргаж чадаагүй гэж ярьж байсан. Тэгэхээр 2016 оны олимпод ард түмэн таниас их амжилт хүлээж байгаа байх?
 
-Өнгөрсөн 2012 оны Лондонгийн олимпод долдугаар байранд ороод спортод хайртай монголын ард түмнийгээ хүссэн хэмжээнд баярлуулж чадаагүй. Нэг үгээр хэлбэл баярлуулан гомдоосон. Тийм учраас бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд 2016 онд медаль авахын төлөө барилдана гэж бодож байгаа.
 
-Ер нь тийм харамсалтай барилдаан олон байдаг уу?
 
-Олон байна. Тухайлбал, 2010 оны Мастерс тэмцээнд хүрэл медалийн төлөө олимпийн аварга Бразилийн тамирчинтай барилдаад вазари, юко үнэлгээтэй хожиж яваад яг цаг дуусах 10 секундын өмнө ялагдсан. Мөн 2012 оны олимпод хожиж яваад хэдхэн секундэд ялагдаж байсан. Энэ бүхэн надад тухайн үед гомдол харуусал байсан ч одоо туршлага болж байна. Одоо монголын Гранпри тэмцээнд оролцоно. Дараа нь ДАШТ-д орно.
 
-Манайхан эмэгтэй бөхчүүдийг биеийн хэлбэр галбирт ихээхэн нөлөөлдөг гэсэн ойлголт байдаг. Гэвч таны хувьд яг л хэвээрээ эмэгтэйлэг байдлаа алдаагүй харагддаг?
 
-Хүмүүс эмэгтэй хүн барилдахаар булчин шөрмөс нь чангараад бие хаа нь эвдэрчихдэг гэж боддог юм билээ. Гэтэл жин жингээрээ байдаг учраас тийм биш. Харин ч гоё бие бялдартай болдог.
 
 -Найз зал уу тань амжилт гаргах бүрт чинь хамгийн түрүүнд баяр хүргэж, сэтгэл нь догдолдог байх. Танд ямар урмын үг хайрладаг вэ?

-Найз залуу маань Хууль сахиулах их сургуульд багшилдаг Г.Төрмөнх гэж хүн бий. Таеквондогоор хичээллэж байсан. Би ч өөрөө Хууль сахиулахын их сургуулийг төгссөн. Манай аав ээж, ах эгч, найз залуу маань бүгдээрээ миний бүх зүйлийг судалчихсан байдаг. Тэгээд л бүгдээрээ амжилт хүсье, хичээгээрэй, чи чадна шүү гэж намайг зоригжуулсан урмын үг хайрладаг.
 
-Таны шүтээн юу вэ. Дэвжээнд гарахын өмнө юунд залбирч мөргөдөг вэ?
 
-Эх орон минь надад ивээлээ хайрлаарай гээд дэвжээ рүүгээ гардаг даа.
 
-Том барилдааны өмнө чухам юу бодогддог вэ?
 
-Би ерөнхийдөө их тайван барилддаг. Ялна л гэж дотроо боддог. Миний өрсөлдөгч надтай адилхан бэлтгэл сургуулилтаа хийж байсан, гэхдээ би энэ тамирчнаас илүү учраас заавал ялах ёстой гэж дандаа өөрийгөө хурцалдаг.
 
-Багш нар тань ихэвчлэн юу гэж зөвлөдөг вэ?
 
-Ардын багш О.Балжинням, МУГТ Х.Эрдэнэт-Од, гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, Цэвэлмаа нарын олон багш нарын удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Багш нар маань тэсвэртэй, тэвчээртэй, сэтгэл зүйн бэлтгэл сайтай тайван байх ёстой гээд бүх л зүйлийг хэлж өгдөг.
 
-Таны үндсэн мэх?
 
-Хэвтээ барилдаан юм даа.
 
-Цаашдын төлөвлөгөө зорилгоосоо хуваалцахгүй юу?
 
-Олимпийн аварга болно гэж боддог.
 
-Шигшээ багийн цалин хэр хүрэлцэж байна. Бодвол өөр газруудаас цалинждаг л байх?
 
-Өөрийн сонирхолтой, дуртай зүйлээрээ амжилт гаргах шиг сайхан зүйл хаа байх уу. Жүдо бөхийн спортоор есөн жил хичээллэж байна. Шигшээ багаас гадна “Женко” клуб маш их тусалж дэмждэг. Хэрэв УИХ- ын гишүүн Х.Баттулга байгаагүй бол энэ амжилтанд хүрэхгүй байсан. Тийм учраас тэр хүнд маш их баярлаж явдаг төдийгүй хүндэтгэдэг.
 
-Спортоос өөр ямар хоббитой вэ?
 
-Зав гарсан үедээ ууланд явах, ой модтой газраар алхах дуртай.
 
-Бусад орны тамирчид болон өөрийн өрсөлдөгчөө хэр их судалдаг вэ?
 
-Байнга бичлэгийг нь үздэг, судалдаг. Бүгдтэй нь барилдаад үзчихсэн учраас энэ тамирчин ийм мэх хийдэг, тэр тийм мэх хийдэг гэдгийг нь еренхийдөө судалчихсан учраас энэ тал дээр санаа зовох зүйл байдаггүй. Гэхдээ миний хувьд Японы тамирчин л гол өрсөлдөгч байдаг юм.
 
Нийслэл таймс
Д.Нэргүй
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батсайхан 2014-06-04 05:13:24
    Уранцэцэгт амжилт. Бичлэгийг нь тогтмол үздэг цаашид олимпын аварга болоход нь бага ч гэсэн нэмэр утгаар ажигласан зүйлээ хэлмээр бна. Хэвтээ барилдаандаа маш сайн, босоогоос мэх хийхдээ хэвтээ барилдааны үргэлжлэлээ бодож хийдэг нь харагдсан. Одоо харин