Огт тэнцвэргүй бодол
Өвгөн өнгө нь гандсан буйдан дээр суугаад цонхоор ширтэнэ. Хачин ядруу царай, гал нь буурсан нүд, арьс, яснаас өөр юу ч үгүй мэт туранхай бие... Тэрбээр урагдаж элэгдээд өнөө маргаашгүй салж унахаа шахсан саарал таавчиг хөлдөө углажээ. Анх ямар өнгөтэй байсныг нь таахын аргагүй болтол хирэнд баригдсан, индүүлгэгүй өмд, зах нь сэмэрч, тохой нь цоорсон ноосон цамц өмсчээ. Үнэндээ түүний эдэлж хэрэглэж байгаа бүх юм өөр шиг нь хуучин.

Өвгөн цонхны гаднах орчныг нэг өнцгөөс нь ээлж дараатайгаар, хачин тайвнаар ажиглана. Баруун талын орчныг түүний харцнаас тусгаарлах есөн давхар орон сууцны бараг л цонх бүрийг сайтар ажиглаад, харцаа доош шилжүүлэв. Өөрөөс нь ч өндөр насыг зооглосон хэрнээ өчигдөрхөн мэндэлсэн мэт шив шинэхэн харагдах өндөр ногоон нарсыг харж санаа алдлаа. Харцаа ахиад л доош шилжүүлэв. Нарсны сүүдэр дор жижигхэн модон сандал. Түүн дээр нэгэн залуу сууж байв.

Өвгөний хараа түүн дээр удаан тогтлоо. Тэгээд "Сайхан залуу... Чамайг мөн ч сайхан ирээдүй хүлээж байгаа даа. Миний хүү, өвөөгийнхөө насыг аваарай" хэмээн амандаа шивнэлээ. Залуу сандал дээр суугаад, орчноо анхааралтай ажиглана. Тас хар өтгөн хөмсөг, давхраатай алаг нүд, зурсан юм шиг уруул, шонхор хамар. Тэгш өндөр нуруу, тарган ч биш. Хэтэрхий туранхай ч биш. Цайвар цагаан царай... Харсан бүхэн "сайхан" гэж уулга алдмаар залуу... Гялайтал тосолсон хар гутал, цэмбийтэл индүүдсэн, нэг ч толбо суугаагүй цагаан даавуун өмд. Цайвар ногоон цамцныхаа захыг босгож, дээд талын гурван ч товчыг сул тавьсан нь түүнийг улам дэгжин харагдуулах аж. Цамцных нь цаанаас булчинлаг цээж цухуйна... Эдэлж хэрэглэж байгаа бүхэн нь яг өөр шиг нь залуухан бас цэвэрхэн.

Залуу хойд талдаа орших орон сууцны орц руу удаан ширтэв. Тэгээд харцаа дээшлүүлж цонх бүрийг удаан, анхааралтай ажиглалаа. Орон сууцны хоёр давхрын нэгэн цонхноос дараагийнх руу харцаа шилжүүлэв. Тэгснээ эргэлзэв бололтой, эргээд өнөөх цонхон дээр хараагаа тогтоолоо. Харц булаах юу ч үгүй өвгөн түүний анхаарлыг сүрхий татжээ. Цонхоор ямар нэгэн зүйлийг анхааралтай ширтэх тэр өвгөн өөрийг нь шохоорхон ажиглаж буйг залуу яахан мэдэх билээ. Тэгээд "Сайхан буурал... Ямар сайхан залуу байсан бол? Буянтай хүн урт насалдаг юм гэнэ лээ. Мөн ч сайхан насандаа явна даа. Даанч би таны энэ сайхан насыг үзэхгүй..." хэмээн бодоод, газар ширтлээ.

Гунигт автсан залуугийн гараас нэгэн цаас мултарч, салхинд туугдан одов. Тэр цаасыг зүггүй салхи өөрийгөө хором ч болов зугаацуулах гэсэндээ эргүүлж, тойруулан сонжсоор холоо авч одлоо.
Тэрхүү цаасан дээр "Шинжилгээний хариу" гэж томоор бичжээ...
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ts.p 2015-05-28 10:03:13
    muu l bn da
    121.191.7.111
    Мэдэгдсэн Хариулах
  • ТӨРИЙН БАНК 2015-05-28 09:45:29
    ЗӨВ ШҮҮ
    103.26.193.56
    Мэдэгдсэн Хариулах