"Олон" Амьдралд элэгдээгүй мөн чанар
Байсхийгээд л жижигхэн нүдээ бүлтийлгэн “За, хүүхэд минь юу гээд байна аа” гэсэн аятай харах нь “Тунгалаг Тамир”-ын Итгэлт баяныг санагдуулах тун зальжин, басхүү цаанаа л ёжтой энэхүү харцнаас над шиг эмээдэг хүн цөөнгүй болов уу.

Гар, хөлийн хөдөлгөөн, харцны ширвэлт нь хүртэл Итгэлт биш гэчих вий гэмээр атал ардын жүжигчин А.Очирбат гуай “Би Итгэлт шиг овсгоо самбаатай хүн биш ээ” гэх нь бүүр аазгай хөдөлгөмөөр.

Төв аймгийн уугуул эгэл жирийн малчны хөвгүүнд “суусан газраасаа шороо атгадаг” Итгэлт баян шиг төлөвших сэжим ч үнэндээ байх үндэслэлгүй юм. Ямар сайндаа социалист нийгэмд өсч хүмүүжин, зах зээлийн хүнд бэрхийг туулаад, ардчилсан улсад өтөл насаа угтсан тэрбээр хувийн машин байтугай, унадаг дугуй ч үгүй явж байх вэ.

Гэхдээ А.Очирбат гуай аливаа зүйлийг нүдэнд харагдаж, гарт баригдах эд хөрөнгөөр хэмждэггүй. Тэрбээр “Би нэлээд хэдэн байр сольж, бараг л бүх дүүргээр дамжсан. Хаана ч амьдарлаа гэсэн энэ бол бидний л эх орон. Дутагдах гачигдах зүйлгүй, санаа зовох шаналангүй сайхан л амьдарч байна” хэмээв. Угаасаа ч элдэв асуудал ярих, зовлон тоочих нь түүний төрөлх зан биш бололтой. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, амьдралаас хайрласан өдөр бүрт талархаж явахыг л аз жаргал хэмээн үздэг нэгэн ажээ.

Түүний амнаас гарсан ганцхан тааруухан үг бол “Би их муу хүүхэд байлаа” гэсэн өгүүлбэр байлаа. Энэ нь дөнгөж бага ангийн боловсрол эзэмшсэнээ л хэлж буй аж. А.Очирбат тэр үеийн хүүхдүүдийн адил мал маллаж, ээж аавдаа дэм болсоор 19 нас хүрчээ

Түүний ээж холч ухаантай нэгэн байсан учир хүүгийнхээ хойч ирээдүйг бодон тэр үеийн хуучин монгол бичиг мэддэг хүмүүсээр үсэг заалгасан хожмоо түүнд тун их тус болжээ. Үсэг сурах нэг сарын аянд хамрагдан ширээ сандал ч үгүй, эсгий дэвсчихсэн гэрт хичээллэж байснаа тэрбээр өдгөө ч тодхон санадаг аж. Ээжийнхээ буянаар найман настайгаасаа уншаад сурчихсан учир түүнд хэцүү зүйл байсангүй. Харин ч үеийнхнийгээ хошуучлан, ангийн онц сурлагатнаар хүртэл шалгараад амжжээ.

Таван жилийн дараа буюу 1945 онд шинэ үсэг сурах их аянд мордов. Мөн крилл үсгээ амжиллттай сурч, бүлгэмийн шинэ үсгийн багш болжээ. Үеийн залуус болон өөрөөсөө дүү, ахмад настнуудад хичээл зааж байв.

Ийнхүү бичиг үсэг тайлагдахын хэрээр эрдэмтэн болохсон гэсэн оргилуун хүсэл түүний зүрхийг эзэмдэж эхэлсэн байна. Ийнхүү хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, 1947 онд хонгор морь унаж, нударга унжуулсан шавилхан залуу Улаанбаатар хотод анх хөл тавьжээ. Аав нь зураач байсан тул уран зургийн сургуульд орох бодолтой явж. Гэвч тэр сургууль нь татан буугдсан байв. Тэрбээр Цэргийн сургууль, Санхүүгийн сургуульд очсон боловч мэдлэг бага гээд аваагүй гэдэг.

Хүсэл мөрөөдлөө биелүүлж чадаагүйдээ урам хугарч, нутаг буцахаар явахдаа нутгийнхаа хүнтэй таарсан нь ёстой л хувь заяа гэлтэй. А.Очирбатыг учир явдлаа хэлтэл “Би чамайг урлагийн сургуульд оруулж өгнө” хэмээн амлажээ. Тэрбээр хонинд явахдаа хоолой мэдэн дуулдаг, сумынхаа урлагийн үзлэгт багахан хэмжээний дүр бүтээчихдэг сайн дурын уран сайханч байжээ.

Ийнхүү “Бөмбөгөр ногоон” театрт үеийнхээ залуустай хамт шалгуулахаар урт дарааллын ард зогсов. Эхний шалгалт нь дуу. Дараагийн шалгалт нь этюд байжээ. Тэрбээр дуугаа дуулж, шүлэг уншив. Харин этюдийн шалгалт ирэхэд түүнд сэдэв өгсөн байна. “Сонинд ах нь одон медалиар шагнуулаад нас барсан” тухай мэдээ гарсан байна. Үүнийг тогло гэсэн даалгавар өгчээ. Түүний хувьд мэдэх зүйл байсангүй. Гарахад нь “Хүү минь чи тэнцээгүй байх шүү” гэсэн гэдэг. Гэртээ харъя гэж бодсон ч яагаад ч юм тэнцсэн хүүхдүүдийн нэрийг сонсмоор санагдаад хүлээж. Харин тэдгээрийн дотор өөрийнх нь нэр байгааг хараад ихэд гайхсан гэнэ билээ. Эндээс л малчин А.Очирбатын жүжигчин болох гараа эхэлсэн байна.

Тэрбээр бие жижиг, овор багатай учир 30 нэлээн гартлаа хүүхдийн дүрийг бүтээжээ. Харин түүнээс хойш багшийн дүрийг бүтээдэг болжээ. Тэрбээр хүүхдийн жүжигт тоглохоос гадна 10 гаруй хүүхдийн жүжгийн зохиол бичсэн. Түүнээс долоо, наймыг нь хүүхдийн театр тоглосон юм. Гэвч үеийнхнээсээ нэлээн хожуу кино урлагт хөл тавьжээ. Түүний мөнхийн дүр нь “Тунгалаг тамир” киноны Итгэлт баян билээ. А.Очирбат гуай өөрийгөө азтай гэж тодотгосон. Учир нь “Хэрвээ би Итгэлтэд тоглоогүй бол хэн ч биш байх байсан юм” гэв. Итгэлтийн дүр түүнийг жүжигчний хувьд нээсэн, сорьсон, өөрчилсөн тухай Ардын жүжигчин маань хуучилсан юм. Түүнийг Ч.Лодойдамба гуай өөрөө сонгосон гэдэг. Анх “Хирааны хонхор” жүжигт Зангийн дүрд А.Очирбат гуай тогложээ.

Тэр үед энэ жүжгийг Ч.Лодойдамба гуай үзжээ. Тэрээр жүжгийн төгсгөлд “Би Итгэлтийгээ оллоо” гэж уулга алдсан гэдэг. Одоо ч түүнийг “Итгэлт баян” гэж дуудахад тэрбээр эргэж хардаг. Хачирхалтай нь, өөрийгөө зуун хувь эвдсэн тэр дүрээс өөртөө шингээж үлдсэн зүйл нь гагцхүү гадаад байдал л бололтой. Тэрбээр тайз, дэлгэцнээ олон хүний амьдралаар амьдарсан хэдий ч боловч өөрийнхөө мөн чанарыг хадгалан үлдэж чаджээ. Амьдрал хүнийг элээж өтлүүлдэг гэдэг. Харин уран бүтээл хүнийг залуужуулдаг гэдэгт би итгэдэг. Тэгвэл ардын жүжигчин А.Очирбатын бүтээсэн дүрүүд нь түүний төрөлх мөн чанарт сүүдрээ ч тусгаж зүрхлээгүй бололтой.
 
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.