Нийслэлийн 2 байршилд шинээр гүүрэн гарц барих 600 сая төгрөгийг тусгалаа
Нийслэлийн ИТХ – ын ээлжит 27 дугаар хуралдаан болж,  НИТХ-ын 2015 оны “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 24/04 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

БНХАУ - ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын хөнгөлөлттэй зээлээр барих Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам  дээгүүр барих гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажилд нийт 2,2 тэрбум төгрөг шаардлагатай юм. Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж, эхний ээлжинд  2 гүүрэн гарц шинээр барих 600 сая төгрөгийг тусгалаа.  Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцуулав.

Эдгээр гүүрэн гарц нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” - т тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, төмөр зам болон авто замын замын хөдөлгөөний түвшинг тусгаарлах, төмөр зам, авто зам болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилготой.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ойролцоо барих гүүрэн гарцын нийт хөрөнгө 42,38 сая ам.доллар, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын гудамж руу холбодог Яармагийн хуучин гүүрийг засварлаж, шинээр гүүр барьж хос болгох төслийн хөрөнгө нийт  30,26 сая ам.доллар юм.
 
“Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичиг”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ   
                                                        
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 27 дугаар хуралдаанаар Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газрын хуралдаан өргөн барихаар боллоо. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.  

Улаанбаатар хотын нийт өрхийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Мөн Улаанбаатар хотын нийт өрхийн 50 хувь нь сард дунджаар 870 мянган төгрөгөөс бага буюу дундаас доогуур болон бага орлоготой байгаа нь зах зээлд нийлүүлэгдэж байгаа орон сууцыг худалдан авах чадваргүй байгаа юм. Иймд хүн амын орлого багатай хэсгийн амьдрах орчин, орон сууцны асуудалд чиглэгдсэн нийслэлийн стратеги, бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
“Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги” нь нийслэлийн хүн амын бага болон дундаас доош орлоготой өрхүүдийг чанартай, аюулгүй, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах урт хугацаанд нэгдсэн бодлого, үйл ажиллагааг тодорхойлох зорилготой.

Стратегид орон сууцны асуудлыг цогц байдлаар авч үзэж, хүн амын орлого багатай хэсэгт чиглэсэн орон сууцны нийлүүлэлт, санхүүжилт, бүтэц, зохион байгуулалтын хүрээнд хийх өөр хоорондоо уялдаа бүхий стратегийн 3 үндсэн чиглэлийг тодорхойлсон. Үүнд:
  • Төлбөрийн чавдарт нийцсэн орон сууцны сонголтыг нэмэгдүүлэх
  • Төлбөрийн чавдарт нийцсэн орон сууцны хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн тогтвортой механизм бий болгох
  • Төлбөрийн чавдарт нийцсэн орон сууцны байгууллагын бүтэц, эрх зүйн орчныг бий болгох, оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлийн хүрээнд 12 зорилтыг тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-05-29 08:36:06
    Edgeer gartsyydad lift bgaa bh gj naidaj bn. Tergentsertei irgedee bodoh hregtei
    90.228.174.31
    Мэдэгдсэн Хариулах