Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт орсон бэ
УИХ-ын хуралдаанаар хэлэлцэж буй Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд:

-Эрүүгийн  хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичгийг бүрдүүлэх, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан; 

-Цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтыг оруулсан;

-Таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд өөрчлөлт оруулж, хэрэглэх үндэслэл журмыг  тогтооcон; 

-Цагдан хорих ажиллагаанд шүүхийн зүгээс шуурхай, хараат бус, хөндлөнгийн хяналт тавих нь энэ үе шатанд дур зоргоор баривчлах, хорих болон зүй бусаар харьцах эрсдлийг арилгах чухал хүчин зүйл учраас яллагдагчид цагдан хорих арга хэмжээ авах эсэхийг хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг хийхээр тусгалаа. Шүүхийн хэлэлцүүлэгт эрхээ хязгаарлуулсан яллагдагч,  түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, прокурор оролцохоор тусгаж өгсөн;

-Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үнэлэх, хадгалах, хамгаалах, хүчингүйд тооцох, түүнчлэн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гомдол хүсэлт гаргах, түүнийг хүлээн авах шийдвэрлэх журмыг тусгасан;

-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэргийн харьяаллыг Эрүүгийн хуулийн тодорхой зарим зүйл, хэсгээр тогтоож байсныг өөрчилж,  гэм буруугаа сайн дураараа хүлээсэн яллагдагч хүсэлт гаргасан нөхцөлд хялбаршуулсан журмаар явуулахаар тусгаж,   энэхүү ажиллагааны явцад яллагдагчийн эдлэх эрх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагаврыг яллагдагчид танилцуулах шаардлагыг  тусгасан; 

-Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахад түүний хууль ёсны эрх ашгийг хангахад анхаарч, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай богино хугацаанд явуулах боломжийг шүүх хангаж ажиллахаар заасан; 

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнийг явуулах  үндэслэл, журам, онцлог нөхцөлийг заасан. Мөрдөн шалгах тодорхой ажиллагаа тус бүрийг  явуулах журам, зөвшөөрөл авах үндэслэлийг нарийвчлан зааж, шүүхийн  зөвшөөрөл авах шаардлагыг хэрхэн хангах талаар тусгасан;

-Гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг нууцаар явуулахдаа Гүйцэтгэх ажлын тухай хууль, болон тусгай журмаар зохицуулж, “гүйцэтгэх ажлын хавтаст хэрэг” тусгайлан нээж, хүний эрхэнд зөвшөөрөлгүй халддаг, түүнчлэн цуглуулсан баримт, мэдээллийг нотлох баримтад тооцохгүй байгааг харгалзан үзэж энэ ажиллагааг зөвшөөрөл, хяналтын доор хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу явуулах, ингэснээр цуглуулсан баримт мэдээллийг нотлох баримтад тооцохгүй байхаас хамгаалсан зохицуулалтыг оруулсан;

-гэм бурууг нотлох нь прокурорын үүрэг бөгөөд  тухайн этгээдийн гэм буруу нотлох баримтаар үндэслэлтэй, эргэлзээ төрөхөөргүйгээр нотлогдож, гэм буруутай гэж үзсэний дараа ял оноох ажиллагааг эхлүүлдэг  олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн хуулийн төслийн шүүх хуралдааны хэсгийг боловсруулсан; 

-шүүх хуралдааны ажиллагаа нь эрүүгийн процессын нийтэд илүү нээлттэй байдаг хэсэг тул түүний шударга үр дүнтэй ажиллагаа нь шүүх эрх мэдэлд итгэх олон нийтийн итгэлийг бий болгодог. Иймээс эрх тэгш байх ба шударга шүүхийн зарчмыг хангах үүднээс шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чиг үүргийг тодорхойлж, шүүх ажиллагааны журмыг тогтооcон;

-Шударга шүүхээр шүүлгэх баталгааг хангах үүднээс хэргээ шүүхэд сонсгож шийдүүлэх, шүүхэд боломжит хугацааны дотор хэргээ шийдүүлэх эрх, гэм буруугүйд тооцогдох эрх, өмгөөлүүлэх эрх зэрэг яллагдагчийн эрхээ эдлэх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн зохицуулалт оруулжээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ном 2015-05-28 05:21:44
    Номын сан зарна 95705545 , Дээр үеийн ховор хуучин 20 30 40-д оны хэвлэл сэтгүүл, Монголын болон дэлхийн сонгодог романуудаас бүрдсэн номын сан зарна,