Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг яаран хэлэлцэх шаардлага байхгүй
Чуулганы хуралдаан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна. 
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л. Болд танилцууллаа.

Тэрээр,
Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо тавдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Хууль санаачлагч гэрээний талууд харилцан тохиролцсон бол газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах, энэ тохиолдолд шүүх хурдавчилсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг бий болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. 
Дээрх хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар гэрээний талууд харилцан тохиролцоод үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрөн гарын үсэг зурсан байхад заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлага байгаа эсэхийг судлах, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар хүүхдийн өмчлөлийн газрыг захиран зарцуулах болон өв залгамжлалын асуудалд нухацтай хандаж, холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах  зэрэг саналыг гаргаж байсан болно.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 
-Энэ хуулийн төслийг би дэмжихгүй. Манайх зэрлэг капитализмруугаа  орж байна гэсэн үг. Байрыг нь барьцаанд алдах гээд уйлаад явж байгаа хүмүүс хүмүүс байна. Эдийн засгийг төр зохицуулна гээд хуульдаа заачихсан байдаг. Ард иргэдийн зах зээлийн эдийн засгийн бэлэн биш байгаа өнөө үед энэ хууль тохиромжгүй.
Хятад зэрэг орнууд маш болгоомжтой явж байгаа. Тэдний алдсан нь бага байна. Бидний олсон юм хаана байна. Манай Хонгор суманд бүгдийг газартай эзэмшилтэй  болгосон. Гэтэл хэдэн жилийн дараа газар тариалангийн газрыг долоохон компани эзэмшиж байна. Үүнийг төр зохицуулах ёстой. 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
-Газар эдийн засгийн эргэлтэд орохгүй байна гээд ярьж байна. Ийм юм байдаг л байх. Гэхдээ энэ асуудлыг давж заалдахгүйгээр шуурхай шийдвэрлэнэ гэвэл болгоомжтой хандах ёстой. Шуурхай шийдвэрлэж болохгүй. Газрыг эргэлтэд оруулна гэдэг мөнгө хүүлэгчдэд ихээхэн боломж. Би энэ асуудал дээр нухацтай хандана. Бизнес эрхлэгчид түргэвчлүүлэх гээд байгаа ч энэ хуулийг яаран хэлэлцүүлэх гээд байх шаардлага байхгүй шүү. 
 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Долоо хэмжиж нэг огтол гэдэг. Унгар ийм хуультай гаас өнөөдөр хүнд нөхцөлд орсон. Тэд виноны үйлдвэрээс бусдыг гадныханд алдсан. Манайх 22-24 хувийн хүүтэй байгаа. Бизнес хийх орчин бүрдээгүй  байна. Орчноо бүрдүүлж байж  ийм хууль оруулж ирээч. Судалгаа тооцоотой хандаачээ. Мөнгө хүүлэгчид барьцаа хөрөнгийг хурдан авах гэсэн хүмүүсийн захиалгын хууль.

-УИХ-ын дарга З.Энхболд: 
-Гадаадын иргэнд газар худалдах  тухай энэ хуулиар огт яригдахгүй. 1992 оны Үндсэн хуулиар газар өмчлөх 2002 оноос хойш хоорондоо худалдаж  болдог  болсон.  Хэтэрхий муутгаж ярилгүйгээр шийдээд явах нь зүйтэй. Өмчлөх эрхийг нь өгчихөөд мөнгө болгоё гэхээр нь хясаад байж  болохгүй. Хувь хүний хариуцлагын  асуудал. Одоогийнхоороо байвал юу ч өөрчлөгдөхгүй. Үндсэн хуулийн эсрэг юм яриад байна. Үндсэн хуулийнхаа 6-р зүйлийг унш, С.Ганбаатар гишүүн ээ.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.