Хүүхэд хамгааллын тухай хуультай танилц
Хэдхэн хоногийн дараа Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Энэ өдрийг манай улс өргөн хүрээнд тэмдэглэдэг болсоор урт хугацааг үдээд буй. Энэ хугацаанд Олон улсын хүүхдийн эрхийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хүүхэд багачуудаа баярлуулахаас гадна тэдний сурч боловсрох орчинг аюулгүй, таатай байлгах, эрхийн хамгаалал, эрхзүйн орчинг нь тогтвортой байлгаж хүүхэд гэх нандин эрдэнээ хүчирхийллээс ангид байх асуудлыг хөндсөөр ирсэн.

Гэвч гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осолд өртөх хүүхдүүдийн тоо буурахгүй байсаар. Өнөөдөр Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засгийн байдал хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ бага орлоготой иргэдийн  амьжиргааны түвшин буурах, ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэж буйгаас хүүхэд зөрчил, гэмт хэргийн золиос болсоор байна.

Гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлж байгаа хүүхдүүдийн 22 хувь нь гэр бүлийн таагүй уур амьсгал, 42 хувь нь үе тэнгийнхэн, 18 хувь нь өөрөөсөө болж, 10 хувь нь сургууль дээрх таагүй харилцаанаас үүдэн гэмт хэрэг үйлдсэн байна. Хүчингийн гэмт хэргийн 26.6 хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа бөгөөд хохирогчийн 60 хувь нь 5-18 хүртэлх насны охид байна. Бага насны охид ураг төрлийн хүчингийн золиос болсон гэмт хэргийн 88 хувь нь шүүхийн өмнөх шатанд хэрэгсэхгүй болсон байна гэсэн судалгаа байдаг.

Хүүхдэд холбогдох хэрэг зөрчлийг хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн шүүгч хянан шийдвэрлэж байх, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хүүхдэд зөвхөн эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх зэрэг хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зарчмыг баримтлах шаардлага тулгарч байгаа юм. Энэ бол манай өнөөгийн нийгмийн захиалга бөгөөд энэ асуудлыг эрхзүйн хүрээнд нь шинэчлэх шаардлага гарсан юм. Өөрөөр хэлбэл хүүхдийг хамгаалах хууль эрхзүйн орчинг сайжруулж, эцэг эхчүүдийг хариуцлагыг чангатгах, болохгүй бол тэдэнд хариуцлага тооцдог арга механизмруу шилжих шаардлага гараад буй юм.

Иймээс Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс санаачлан УИХ-аар хэлэлцүүлж байна. Уг хуулийг хэлэлцэхийг эсэхийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдсэн. Тэгэхээр энэ хууль цааш “явна” гэсэн үг. Иймээс Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чухам юун тухай тусгасан бэ гэдгийг Олон улсын хүүхдийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор танилцуулж байна. 

Энэхүү хуулийн төсөл нь хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүргийг тодорхойлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох, нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэгджээ.

Хуулийн төсөлд 15 төрийн бус байгууллага болон судлаачдаас нийт 20 санал ирүүлснээс бүх саналыг тусгасан байна.
Хуулийн төсөлд бага насны хүүхдээ цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар хүргэж өгөх, авах, эрх зүйн зарим болон бүрэн чадамжтай хүнгүйгээр үлдээхгүй байхаар тусгажээ. Ингэхдээ эрх зүйн зарим чадамжтай хүн гэж 14-өөс дээш насны ах, эгч нь бага насны дүү нараа харгалзаж болохоор тодотгосон байна.
Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдэд дэмжлэг үзүүлэх эрсдэлийн сан байгуулах асуудлыг тавьжээ. Ийм сан байгуулбал өрх толгойлсон эмэгтэйчүүд, тэдний хүүхдэд ирж буй дарамтыг багасгана гэж үзэж байгаа ажээ.

Хэрэв дээрх хуулийн төсөл батлагдаад хэрэгжихээр болбол Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 26.2-т 26.1-д заасны дагуу Хохирогч хүүхдэд нөхөн төлбөрийг хамгийн түрүүнд олгоно гэсэн нэмэлт орно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн зарим заалтад өөрчлөлт орох юм.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.