Засгийг ажил хийлгэе
“Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг үг нэг хэсэг их моодонд орж билээ. Энэ үгийг ашигласан хүнд тохиолдсон явдлаас болоод одоо жийрхээд байдаг болчихсон юм болов уу даа. Уг нь яг үнэн үг. Бидний мандсан, хөгжсөн түүхүүд эвтэй, тогтвортой нэгэн зорилготой байсан цаг үеийнх байдаг. Хөнжилдөө хөлөө жийлцээд нэг нэгэнтэйгээ арсалдаад ирэхээрээ л бууран доройтсон байдгийг түүх гэрчилнэ. Өнөөгийн манай улстөрийн байдлыг харахад элдэв албан тушаалын маргаан төдийгеөр улс орны ажлыг зогсоогоод зогсохгүй баруун зүүн гараар наймаа хийлцэх гээд ажин түжин байх юм. УИХ, Засгийн газар нь “гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэдэг шиг эргээд бодоход хэнд ч хэрэггүй ялангуяа улс оронд ашиггүй зүйлсээр цаг нөхцөөчихсөн байна. УИХ-ын чуулган эхэлснээс хойш бараг хоёр cap өнгөрлөө. Энэ хугацаанд хэдэн сайд нараа ээлжээр огцруулах эсэхийг ярьснаас өөрөөр дорвитой ажил үнэндээ хийсэнгүй. Хэрэгтэй хуулиудаа баталж улс орноо урагшлуулж байх ёстой хүмүүс нь аль албан тушаал дээр хэн байх вэ гэдгийг л ярьж цаг барж байгаа нь харамсалтай. Цаана нь иргэдийн амьдрал улам хүнд болж байна. Хэн сайд байх нь улс нийтээрээ анхаарах асуудал үнэндээ биш.
 
Иргэдэд бол амьжиргаагаа бодитоор сайжруулмаар байгаа. Өдөр болгон л ямар нэгэн бүтээгдэхүүний үнэ өсдөг боллоо. Үүнд нь дөжирчихөөд тоохоо больсон. Гадныхан хүртэл судалгаа явуулаад гайхсан юм гэнэлээ. Ийм тэвчээртэй иргэдтэй нь бахархмаар ч гунигтай биш гэж үү.
 
МАН-ын бүлэг энэ сайдыг сольбол эдийн засаг тэдэн хувиар сайжирна. Толгой эргэм амжилт, ахиц улс оронд гарна гэж сурталчилж байгаа. Сайдыг солиод салбар нь шууд сайжрахгүй. Өөр хүн очсон ч урсгалаараа л явна. Сайд гэдэг салбарынхаа толгой нь болохоос мотор нь биш. Иймхэн юм ярьж Засгийн ажлыг гацаана гэдэг үнэхээр арга ядсан арга. Тэгээд ч хална, солино гээд байхад хүн яаж ажилдаа анхаарах билээ. Ийм байдлаар улс орныг тоормозлуулчихаад дараагийн сонгуулиар гараад ирнэ гэж бодож байгаа бол дэндүү хүншгүй хэрэг. Аль ч нам байсан адилхан монголчууд. Тиймээс сандал суудалгүйдээ уурлаад улс орныг татаад байх хэрэг ер нь байна уу.
 
Нам гэдэгг бол багаар ажилладаг тогтолцоо. Тийм болохоор өөрийнхөө багт хэрэгтэй тоглогчийг элсүүлдэг. Хамгийн багаар ажиллаж чаддаг нэгнийгээ жагсаалтаар УИХ-д оруулдаг. Нэгдсэн мөрийн хөтөлбөр гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхээр амлан шийдвэр гаргах албан тушаал дээр очиж байгаа хэсэг бүлэг хүн юм. Ийм байтал нөгөө багаар тоглох нөхдүүд нь бодлогынхоо эсрэг ажиллаж байгаа тохиолдол байна. Намын бүлэг гээд бaйтaл дээр нь албан бус зөвлөл байгуулж байгаагаа зарлаж өөрсдийгөө рекламдагсад гарч ирлээ. Өгпөөний цай уунгаа бусаддаа зөвлөгөө өгсөн ч гэнэ үү. Элдэв хачин юм хийгээд эхэллээ. Тэр бүлэгт нь гол төлөв хувьсгалч, тэмцэгчид. Иргэдэд зоригтой, шударга, гярхай хүн болж харагдах дуртай тэд ямар ч хуулиас ямар нэгэн өө олоод түүнийгээ зас гээд хэвтээд байвал дахиад цаашдаа ажил явах ч үгүй дээ. Яг л арван таван толгойтой атгаалжин хар мангас шиг ашиг сонирхлын бүлгүүд нам доторх фракцууд олон байна. Одоо чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа 25 хуулийн төсөл байгаа боловч наадмаас өмнө шийдвэрлэх нь тодорхойгүй. Ер нь улс оронд хүлээлт үүсгээд байгаа хуулиудыг хэлэлцсэнгүй.

Хэдэн сайдыг солих тухай л яриа гаргаад сууж байдаг УИХ-тай боллоо. Ингэснээр Засгийн газар ч ажлаа хийсэн юмгүй, УИХ ч хууль гаргасан явдалгүй нэг жил өнгөрөх нь. Өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд нэг жил гэдэг асар урт хугацаа. Хоёр хөршөөс эхлээд дэлхийн улсууд бодлогоороо уралдаж хөгжин дэвжиж байхад манайд хэн сайд болох бол хэнийг авч хаях хэрэгтэй вэ гэдэг дээр цаг алдаад сууж байна. Манжид эзлэгдэж дэлхийгээс таслагдсан монголчуудыг маш хурдан хугацаанд дэлхийтэй хөл нийлүүлсэн гэлцдэг. Одоо харалган төрийн гайгаар алхам алхмаар жил жилээр ухраад байгаа юм биш үү. Засгийн газар “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” зарлачихаад байгаа. Гэтэл Эдийн засгийн сайдаа огцруулах талаар яриад байдаг. Ингэсээр 100 хоног ч өнгөрнө. Дараа нь хоёр жил өнгөрнө. Монгол байрандаа үлдэнэ.
 
УИХ-ын танхимд уг нь дандаа эх орондоо хайртай хүмүүс суудаг байх. Тэд одоо Засгийн газрыг тогтвортой байлгаж ажлыг нь хийлгэмээр байна. Тэгвэл л энэ улс орон хөгжиж урагшлах гээд байгаа юм. Засаг тогтвортой байж албан тушаал биш цэвэр ажил ярьдаг баймаар байна. Тэндээс шийдвэр гардаг болмоор байна. Ингэхгүй бол бөөн эрх хүүхдүүд эцгийгээ эзгүйд цугларчихаад хэрэлдээд байгаатай адил дүр зурагтай болчихлоо. Улс орны эдийн засаг мэдэгдэхүйц муудчихаад байгаа. Ам.долларын ханш өссөн, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, өдөр бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа энэ үед л эрх баригчид улс орноо бодох цаг. Ингэхдээ эвтэй байж элдвийн хэрэгтэй хэрэггүй асуудлаар хуралдахаас илүү Засгийн газраа тогтвортой байлгаж ажлыг нь хийлгэж өөрсдөө хуулиа батлаад явах хэрэгтэй сэн.
 
Нийслэл таймс
Ж.Баяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Муухай Монгол 2014-06-04 13:58:01
    Ажил хийхэд нь хэн ч саад болоогүй, Ажил хийх хүн аргаа олдог бол, ажил хийхийг хүсээгүй хүн шалтаг хайдаг юм. дээрхи мэдээлэл шалтаг хайсан л асуудал байна, одоо хэнийг буруутгах вэ? гээд л явж байна. харамсаад барахгүй.
  • БАЯРАА 2014-06-04 03:44:52
    ЭНЭ ЗАСАГИЙН ГАЗАР АЖИЛ ХИЙХ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСЭЭР БҮРДСЭН ЗАСАГ
  • БАЯРАА 2014-06-04 03:44:52
    ЭНЭ ЗАСАГИЙН ГАЗАР АЖИЛ ХИЙХ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСЭЭР БҮРДСЭН ЗАСАГ
  • БАЯРАА 2014-06-04 03:44:51
    ЭНЭ ЗАСАГИЙН ГАЗАР АЖИЛ ХИЙХ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСЭЭР БҮРДСЭН ЗАСАГ