Сарнайтай дурсамж
Өчигдөрхөн юм шиг санагдана. Найз минь баглаа цэцэг, нүүрэн дүүрэн инээмсэглэл тээсээр орж ирсэн.

Даанч хайхрамжгүй нь дэндсэн би “Цэцгээр яах билээ дээ. Хоёр ч хонолгүй үхчихдэг юм. Харин энэ инээмсэглэл чинь л таалагдаж байна” гэж даапаалсан. Бүсгүй хүн хэрнээ угаас цэцгэнд дургүйг минь мэддэг болохоороо тэр энгэртээ нандигнан тэвэрч ирсэн цэцгээ шууд л хогийн сав руу шидчихсэн. Огтхон ч эргэлзэлгүйгээр... Би өөрийн эрхгүй дуу алдсан ч, юу ч хэлж чадаагүй.
Бид хоёр зөндөө удаан ярилцсан. Хамгийн гүн гүнзгийгээс эхлээд хамгийн энгийн зүйлсийн тухай. Яг үнэндээ үүрд ингээд л өөд өөдөөсөө харан, хаа хамаагүй зүйлсийн тухай ярилцаж суух юм шиг санагдсаан.

Гэвч найз минь холын холд нисэх гэж байгаа тухайгаа дуулгахаар ирсэн нь тэр байж. Хэлэхээс зүрхшээж, холдохоос эмээсэн учраас л намайг аргадах гэж огтоос дургүй цэцгийг минь зүрхнийхээ нөмөрт дулаацуулсаар тээж ирсэн нь энэ байж. Энэ мэдээг дуулаад би “Удахгүй уулзана даа. Чи эргээд л ирнэ” гэж түүнийг, өөртэйгөө хамт тайтгаруулсан.

Найзыгаа явсны дараа би хачин удаан бодолд автсан. Маргааш өглөө нь босоод хамгийн түрүүнд хогийн саваа онгичсон. Үгээр дүрслэхийн аргагүй үзэсгэлэнтэй хэрнээ эмзэгхэн ягаан дэлбээ аль хэдийн хорчийгоод хатчихсан байж билээ. Өмнөх өдөр нь би түүний энэ дэлбээг огт анзаараагүй юмсан. Ямар үзэсгэлэнтэй юм бэ, сарнай чи.

Хэнд ч “Баяртай” гэж хэлэх дургүйдээ би найзыгаа гаргаж ч өгөөгүй. “Баяртай” гээд хэлчихвэл дахиад хэзээ ч уулзахгүй байж мэднэ гэж айгаад. Хажууд байхад нь түүнийг тэгтлээ их санаж, миний хувьд тийм нандин, эрхэм хүн гэдгийг нь мэдэрдэггүй байж. Харин явсных нь маргааш өдрөөс түүнийг асар ихээр санаж, сэтгэл өвдөхийг мэдэрсэн. Гэвч “Удахгүй эргээд ирнэ ээ” гэж өөрийгөө тайтгаруулсан.

Нэг жил. “Эх орондоо ирээд, ягаан сарнай тэврээд хамгийн түрүүнд манайхаар ороосой. Уг нь би хэзээ ч цэцгэнд дурлаж байгаагүй юмсан. Харин чамайг явсан тэр өдрөөс хойш л тэр турьхан ягаан дэлбээнүүдийг асар ихээр хайрладаг болчихсон. Ээмэг бөгж, үнэтэй хувцас, тэр ч бүү хэл уншаад уйддаггүй зохиолын минь түүвэр ч хэрэггүй. Онгоцноос буумагцаа хажуугийнх нь цэцгийн дэлгүүрээс ганцхан ширхэг ягаан сарнай л надад зориулан худалдаж аваарай”.

Хоёр жил. “Ягаан сарнайгаар ч яах билээ. Ямар ч бэлэг хэрэггүй ээ. Хамгийн гол нь онгоцноос буугаад хамгийн түрүүнд зүглэх газар чинь манай гэр юм шүү”.

Гурван жил. “Найз нь чамайг санадаггүй, хүлээдэггүй гэж худал хэлсэн юм аа. Гэхдээ би чамайг ганцаараа хүлээгээгүй. Эх орон, элгэн садан чинь ч бас өдөр бүр чиний явсан зүгт хараа бэлчээж, цайныхаа дээжийг өргөсөөр суугаа”.

Дөрвөн жил. Найз минь буцаж ирсэнгүй. Чамин жаазтай зураг л буцаж ирлээ. Үгүй ээ, би чамайг л ирээсэй гэж хүссэн. Ганцхан ширхэг ягаан сарнай аваад ирээрэй гэж би чамд хэлээ биз дээ. Чи надад “Найз нь эх орондоо заавал эргэж ирнэ. Ирээд хамгийн түрүүнд чамтай уулзана” гэж амлаа биз дээ. Найз нь цэцгэнд дургүй биш ээ. Дуртай болчихсон...

Найман жил. Цэцгийн дэлгүүрийн үүдээр зүгээр өнгөрч чаддаггүй болсон. Цонхны тавцан дээр эрхэмсгээр заларсан ягаахан дэлбээт сарнай ер бусын хүчээр намайг урхидан татаж, дэлгүүрийн хаалгыг мөргөчих шахам гүйж ордог болсон. Тэрхүү эмзэгхэн дэлбээтэй дотночлон мэндчилээд гарч оддог. Харин тэр турьхан дэлбээнүүд араас минь гомдонгуй ширтсээр хоцордог. Яг л намайг хүлээлтийн гинжинд хүлээд харийг зорьсон чам шиг би эргэж харан эелдгээр инээмсэглээд, зоримогоор цааш алхдаг.

Би хэзээ ч тэр сарнайг өөртөө зориулан худалдаж авч байгаагүй, авах ч хүсэл төрж байсангүй. Зүгээр л намайг гэх хүлээлтэн дунд нь “Маргааш өглөө тэр заавал ирнэ” гэсэн нь хамт орхих нь тэр бид хоёрт сайхан мэдрэмж авч ирдэг юм...

Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.