Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын үйл ажиллагаатай салбар зөвлөлийн анхдугаар хурал боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны “Засгийн газарт үүрэг чиглэл өгөх тухай” зарлигийн дагуу Монгол Улсын Засгын газрын 2014 оны 118 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж, “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-г батлан гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд тусгасны дагуу нийслэлийн Засаг даргын “Зөвлөл байгуулах тухай” А/99 дүгээр захирамжаар байгуулсан “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай салбар зөвлөл”-ийн анхдугаар хурал өнөөдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 27-нд боллоо.

Зөвлөлийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, гишүүдээр нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарыг оролцуулсан 31 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Тус ажлын хэсэг нь газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, бэлтгэл бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг батлуулан, биелэлтийг хангаж, онолын мэдээллийг олон нийтэд түгээх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм. Мөн тус хурлаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Монгол Улс болон Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийн ерөнхий төлөв байдлын талаар танилцууллаа. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. 1994-2000 онд Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийг бүртгэх өндөр мэдрэмжтэй орчин үеийн тоон бичлэгтэй 15 суурин станцыг байгуулснаар хотын эргэн тойрны 100 км радиуст газар хөдлөлтийн горим, ерөнхий төлөв байдлыг нарийвчлан судалж эхэлжээ.

Нийт  бүртгэгдсэн газар хөдлөлтийн статистик үзүүлэлтээс харахад тус бүс нутагт жилд дунджаар 80-100 орчим, үүний дотор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 10-20 орчим сул газар хөдлөлт бүртгэгджээ. 2005 оноос эхлэн Улаанбаатар хот болон түүний орчмын бүс нутагт болж буй газар хөдлөлтийн тоо огцом өсч, сүүлийн 10 жилийн хугацаанд /2005-2015/ нийт 7427  удаа газар хөдөлжээ. Ялангуяа 2012 оноос эхлэн идэвхжилт улам ихэсч,  2005 оныхтой харьцуулахад 2-5 дахин өссөн үзүүлэлттэй буюу газар хөдлөлтийн чичирхийллийн идэвхижилт буурах төлөв ажиглагдахгүй байгааг хэллээ. Мөн Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийн бүсэд хийсэн судалгааны үр дүнд 6 идэвхтэй хагарлыг илрүүлэн тогтоосон байна. Хэдийгээр шинжлэх ухаан хөгжиж байгаа ч газар хөдлөлтийг өнөө маргааш болно гэж хэлэх түвшинд хүрээгүй байгаа гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jervis 2015-05-27 10:56:49
    Ta nar tegeed yu hiij chdah yum.Ali turuun barigdchihsan 6 ballch daahgui barilguudiig!!!!!!!!