
УИХ-ын гишүүн М.Зоригтын санаачилан боловсруулсан "Интернэтийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулийн 3.1.4-д заасны дагуу Засгийн газраас санал авахаар уламжилсан боловч дэмжих боломжгүй тухай саналаа ирүүлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг эдэлнэ” гэж заасан. Энэхүү эрх, эрх чөлөөг бодитой хангах үүднээс “Интернэтийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг боловсруулсан болно.
Түүнээс бус “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дэхь заалт дахь "Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” заалтаар тайлбарлаж хүний эрх эрх чөлөөг боогдуулан Интернэт орчинд хяналт тавьж, цензурдаж хэрхэвч болохгүй учир Интернэтийн эрх чөлөөний тухай хуулийн төслөө улам бүр сайжруулан Засгийн газраас дахин санал авахаар хүргүүлэхэд бэлэн боллоо. Дэмжигдвэл УИХ-д өргөн барина. Хуулийн төслийг дэмжиж 32 гишүүн гарын үсгээ зураад байгаа юм.