Бурхан Халдун уулын Төрийн тахилгын ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцож байна. Тэрээр тахилгын үеэр хэлсэн үгэндээ:

"Хаадын хаан Их эзэн Чингис минь ээ,

Хайрхадын хаан Бурхан Халдун уул минь ээ,

Дэлгэрэх зуны эхэн сарын, дүүрэн бэлгэт шинийн 9-ний өлзий ерөөл наран саран бүрдмэл энэ өдөр Хаан эзэн Таныхаа суу алдарыг дуурсгаж, хараа ихт хар сүлдийг тань залж, Бурхан Халдун хайрхан их уулсынхаа булт олон тэнгэр эзэд нарын хамт баясган цэнгүүлэх төрийн тахилгын хүндэтгэл ёслолоо үйлдэж байна. Хүлээн авч таалан соёрхоно уу.

Өндөр дээд хаан эзэн таны зарлиг ёсоор, өвөг дээдэс мину өршөөлт их Бурхан уулаа үеийн үедээ сүслэн шүтэж, үр хойчдоо захиаслан сургасаар үлдээсэн бөлгөө. Ухаант өвгөдийнхөө гавъяа зүтгэлийг хайрханы тэнгэр болоод Хаан эзэндээ айлтган мэдүүлье ээ.

"Өндөр дээд Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүр магтсугай" хэмээсэн Их хааны зарлигийг ухаж эс ойлгон, умартан омтгойтож, уламжлалт ариун ёсоо хугаслан сэвтээсэн түүхэн цагийн гэм алдасаа ухаарч, түмэн олныхоо сэтгэл зүтгэлээр тахилга ёсыг сэргээх, Бурхан уулаа дархлан хамгаалах төрийн тэргүүний зарлиг гараад 20 оныг үджээ. Энэ хугацаанд төрийн их тахилгыг 4-5 жилд нэгэн удаа үйлдэж буй ч  түмэн олон ард иргэд минь өглөө бүр идээний дээжээ өргөн, сэтгэл зүрхэндээ сүслэн тахисаар байгааг учирлан өчье.

Хамаг Монголын язгуур голомт Хайрхан их уулын өргөмж нэр, алдар суу нь өнө эртнийх билээ. Үүнийг түүх судар гэрчилнээ. Монгол түмний уг язгуур, угсаа гарвал, төрт ёсны түүхийн хураангуй "Монголын нууц товчоо" их хөлгөн судрын эхний өгүүлэмжинд дурьдснаар Монголчууд бидний өвөг дээдэс одоогоос мянга таван зуугаад жилийн тэртээ Бурхан Халдун уулнаа ирж нутагшсан болох нь харагддаг. Энэ судар бичигт хайрхан уулын нэр хамгийн олонтоо буюу 25 удаа давтагддагийг судлаачид бүртгээд Халдун гэдэг нь Монголжин урианхайгаар "Тэнгэр" хэмээсэн болой гэсэн утга тайлал хийсэн байдаг.

Хурмастын эрчмийг оргил тэргүүндээ хурааж хувьтай хүмүүнд хүртээгч, тэнгэр нарыг сүлдэт овоондоо залан баясгаж тэнгэрлэг хүмүүнийг ивээгч, Бурхан уулын тэнгэр увидасыг танин барьсан ухаант дээдсийн минь уул хангайдаа оноосон ончтой бөгөөд нууцат нэрийн утга гүн хийгээд өчиггүй агуу.

Эзэн Чингисийн намтар цадиг, Их Монголын түүхийн нууцыг хад чулуу, үндэс мөчир бүртээ онголон хадгалсан, хаан төрийн сүлд шүтээн-Халдун хайрхан уул нь монгол түмний мандал буурлын аль ч үед итгэлийн гал болж сэтгэлийн гүнд бадамласаар ирсэн билээ. Монгол омогшил бахархал, монголын цог золбоо, хийморь сүлд, монгол ухаан, эр зориг, сэтгэл оюуны ундарга чухам энэ л уул хангай, орон газрын эрчмээс эхтэй гэлтэй. Тиймийн учир 2013 онд Бурхан Халдун хайрханыг "Монгол түмний үндэсний бахархалт хайрхан" уул хэмээн өргөмжлөн зарлигласан билээ.

Буяны арвин билэг төгс Бурхан Халдун их хайрхан уулын өл их өндөр дээд овоодоо Асралт хайрхан, Хийдийн ян, Сайханы сарьдаг тэргүүт 13 хан уул, Буян-өндөр, Баатар хайрхан, Хонины өндөр, ахсын 3 агая, төвшин 3 жаргалант, Ноён, хатан , хүү уулын тэнгэр нар, түүний шадар нөхөд сэлтийг урин залъя.

Хэрлэн, Туул, Онон мөрөн, түүний эх булаг болсон Минж, Захар, Ерөө, Естий, Заан, Тэрэлж, Илүүр, Зоргол, Хархираа, Жаргалант, Гэлэн, Эдин, Өнгөлж, Ширэгтийн гол горхи нугууд хийгээд Хайрхан уулын тахилын рашаан, хамаг амьтны амин ундаа болсон Хэнтий, Хэрхрүү, Хаг, Хөх мөнгөн, Оюут, Тольт нуур усны эзэд лусын дагинасыг бас урья.

Хамаг Монголын шүтээн хаан эзэндээ, урин залсан уулын тэнгэр, лусын эзэддээ тахилын дээдийг өргөн барья, тансаг үнэртэнг асаан өргөе, алдрын магтаал, ая эгшгийн номын дууг сонсгон баясгая, буянт сүргийн манлай халуун хошуутаа  зүслэн өргөе. Булт олноороо сүслэн мөргөе.

Тахил өргөлийг таалан болгоож, төр улс, түмэн олны хүсэл айлтгалыг болгоон соёрхоно уу.

Хөх монгол хөвчин дэлхийд хөгжин дэвжихүйн зохилдох нөхцлийг бүрдүүлж, харшлах шалтгааныг хааж, хамаг олныг амаржуулж, эрхт төрийг бататгаж, тэнгэр заяат Монгол түмнийхээ насан хутгийг нэмж, аман хишгийг аривтгаж, золбоо хийморийг бадрааж, зориг зүрхийг чангалж, тив дэлхийд алдаршуулан дуурсгах тэнхээлэг их авьяас ухаан, эрч хүч, эрдэм чадлыг ивээн соёрхож хайрлана уу.

Үндэсний бахархалт хайрхан, өндөр дээд шүтээн уул, усаа Их эзэн таныхаа бошиг зарлиг ёсоор үеийн үедээ сүслэн дээдэлж, сахин хамгаалж явахыг төр, түмнээ төлөөлөн айлтган андгалья.

Бурхан Халдун хайрхан уулаа бодол сэтгэлдээ сүслэн суугаа хамаг  монголчуудаа,

Хотолын шүтээн уулынхаа Тэнгэрийн овоо, холгүйхэн байгаа Цагаан аралд зорин ирж, золгон мэндчилж буй олон иргэдээ,

Та бид Бурхан Халдуны тэнгэрийг тайх монгол төрийн эрхэм дээд ёслолыг улс орон маань ардчилал, хөгжлийн шинэ замыг сонгосноос хойш дөрөв дэх удаагаа үйлдэн гүйцэтгэхээр сэтгэл оюундаа бишрэл хүндэтгэл тээж хуран цугларлаа. Эх болсон байгаль дэлхийдээ, Их эзэн Чингис хааны ээлт шүтээн Бурхан Халдундаа хүндэтгэл үзүүлэн, үндэсний бахархалт хайрханыхаа тэнгэрийг баясгах тахилгын ёслолыг хамтаараа эрхэмлэн гүйцэтгэе.

Наран саран наадаж, тэнгэр газар эелэлдэж, төр шашин хосолж, хүн байгаль уусан нэгдэж, эрхэт тэнгэрийн дор иргэн, төр хоёр эрх тэгш болохыг ухааруулсан энэхүү тахилга ёслолын ажиллагаа сайхан болж байнаа.

Уул хайрхан их гэлээ ч дээдлэн сүслэх эзэн хүмүүнгүй бол түүний их нь хаана байх билээ. Улс гүрэн олон ч гэлээ ард иргэд нь эв эе, идэвх зүтгэлгүй бол алдаршин мандах нь юу байх билээ.

Тиймийн тул, та бид, хойч үе маань улс үндэстний оршихуйн үндэс, газар усаа сүслэн дээдлэх сэтгэл, итгэл, ёс заншлаа умартан гээж хэрхэвч болохгүй. Шүтэн дээдлэхийн учир утгыг мэдэхийн тулд эх түүх, элгэн саднаа үргэлжид судлан мэдэх хэрэгтэй. Түүх өөрөө хүн байгаль хоёрын харилцааны бүтээл билээ. Алив хүмүүн тэнгэрт өршөөгдөж, газарт ивээгдэх сайн  үйлийг бүтээснээр алдар нэрийг олж, түүх бүтээдгийг  Тэмүжин - Чингисийн намтар цадиг бидэнд бэлхнээ харуулж байна.

“Эрхт тэнгэрийн өршөөлөөр, эх дэлхийн ивээлээр, эв хүчийг нэгтгэснээр, эзэн хаанд өргөмжлөгдөв” хэмээн үйл бүтэхийн үүд эхлэлийг үргэлжид тэнгэр газрын тэтгэмж, түмэн олны эвийн хүчтэй холбон айлдсан Хаан эзний сургаалийн гүн утгыг энэ цагт  эрэгцүүлэн бясалгавал зохилтой.

Нутаг усандаа эзэн байх гэдэг уул усныхаа нэр алдрыг дуурсгах буянт сайн үйлийг бүтээх явдал билээ. Их эзэн Чингис хаан, Бурхан Халдун хайрхан уул хоёрын алдарын түүх үүнийг нотолно. Халдун хайрханы өвөр нөмөр, өмгөөлөл хамгаалал дор Тэмүжин хүү татуужин торниж, бусдын дэмжлэг итгэлийг хүлээж бүгдийн хаан болсон. Хаан болсон ч  их үйл хэргийг эхлэх, шийдвэрлэх, алс холын аян дайнд мордохын өмнө Чингис хаан их Хайрханыхаа оройд гарч, Мөнх хөх тэнгэрт хүсэл зоригоо айлтгаж, аз хийморь, зориг золбоо, хүч тэнхээ хайрлахыг сүслэн гуйж мөргөн залбирдаг байсан тухай түүх шашдирт олонтоо өгүүлдэг. Хааны үйл хэрэг бүтэж, нэр алдар түгэхийн хэрээр Бурхан Халдун хайрхан ууланд буман олны сүсэг шингэж, алдар суу, аврал илгээл нь даянд алдаршиж, дархлагдаж хүндлэгджээ. Энэ бол гайхамшиг.

Сүслэн дээдлэхийн эх үндэс нь хүний сэтгэл хийгээд сэтгэлийн гүнд, сэтгэлийн чанарт оршдог болой. Бүх юм сэтгэлээс үүдэлтэй гэхийн учир энэ буюу. Итгэн бишрэх шүтээнтэй, сүслэн дээдлэх сэтгэлтэй хэн боловч  саар үйлдлийг цээрлэж, сайн үйлийг зорьж, шударга үнэнийг эрэлхийлж, төв төвшнийг баримталж, олонтой эвийг эрхэмлэж, бусдын тусд хичээж, нийтийн зорилгод нэгдэж, сурах бүтээхэд шамддаг нь жам билээ.

 Өнөө цагийн хүмүүн бидэнд хүн чанарын энэ шинжүүд заримдаа үгүйлэгдэж, дутагдах нь бий. Энэ бол эцэг дээдсийн сургаалийг умартаж, өв соёл, эх түүхээсээ алсарч, сүслэн дээдлэх итгэл бишрэлээр хомсдож, хүн чанараасаа гээж буйн муу дохио.

Уулын тэнгэр тайх төрийн их тахилга үйл нь газар лусын эзэдээ баясган хүндлэл дээдлэл үзүүлэх утга бэлгэдлийн зэрэгцээ хүн зоны сэтгэлийн гүн дэх сүслэн дээдлэх итгэл бишрэл, хүн чанарын сэрэл мэдрэмжийг өдөөж, ухаарал бодрол, уясал ариуслын нумын хөвчииг татаж, эв зохирол, сайн үйлийг эрхэмлэх хүсэл зоригийг бадраах шид увидастай байдаг.

 Бурхан Халдун хайрханы энэхүү тайлга тахилга нь хайрхан уулын тэнгэр болоод Хаан эзэндээ тахилын чуулганыг өргөн баясгаж,  сүлд онгодоос нь авшиг эрчим, сүр хүчийг хүртэж байгаагаараа онцгой чухаг юм.

Эрхэм хүндэт иргэдээ,

Хан хэнтий нутгийн ард түмний эх оронч үзлийн онгодыг хөглөн төрөлх газар шороогоо хайрлан хамгаалах сэдэл, үйлдлийн эрч хүчийг нэмэгдүүлж, байгаль орчноо гэх сэтгэл зүтгэлийг улам хөгжөөн бадраахад өнөөдрийн тахилгын ач холбогдол оршино хэмээн бодож байна.

Хэнтийчүүд Та бүхэн өнгөрсөн онд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр мал сүргээ урьд оныхоос 400 гаруй мянган толгойгоор өсгөж 3,3 сая мал тоолуулан улс орныхоо хөгжил дэвшилд  бахархам хувь нэмэр оруулжээ. Танай аймаг мянгат малчдын тоогоор улсдаа тэргүүлж байгааг дурдахад таатай байна.

Мал сүрэг өснө гэдэг малчин түмний баясал, Монгол түмний буян хишиг билээ. Энд эзэн хүний хичээл зүтгэлээс гадна байгаль дэлхийн ивээл бас бий. Хүн байгалийн амин холбоо, шүтэн барилдлага амьдралын нэг эх үндэс гэдгийг ухаант дээдэс минь учирлан сургаж ирсний учир энэ буюу.

Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санаа, хүн төрөлхтөн нэгдмэл хувь заяатай, нэгэн эх дэлхийтэй гэдгээ ухааран ойлгох явдал улам бүр өргөжсөөр байна. Байгалиа хамгаалахад иргэн бүрийн оролцоо маш чухал боллоо.

Монголын төр ард иргэдийнхээ идэвхтэй оролцоо, дэмжлэгт тулгуурлан байгаль орчныг хамгаалах, байгалийн баялаг, нөөцийг олборлон ашиглах, олборлолт явуулсан нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааг сайжруулж үр дүнтэй болгох талаар цаашид ч олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно. Газар шороо, уул ус, нутаг орноо гэсэн иргэдийн иргэнлэг, хууль ёсны санаачлага, идэвхтэй ухаалаг үйл ажиллагааг бид дэмжих болно.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2010 онд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан ЮНЕСКО-д бүртгүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгосон билээ. Өдгөө энэхүү бүртгэх ажиллагаа ЮНЕСКО-ийн холбогдох журам дүрмийн дагуу ахицтай явагдаж байна.

Хуран цугласан ахан дүүс ээ,

Хан Хэнтийн мянган уулсын дундах хот мандалын шинжтэй, хөвчин ойн баринтагтай, бат өндөр сүр жавхлант хайрхан уулынхаа зандан ширээ мэт тэгш уужим тэргүүн оргил дахь Тэнгэрийн овооны өвөр бэлээс Та бүхэндээ хандан бэрхшээл саадад үл шантарч, бүтээх туурвихад зориглон шамдаж, улс иргэн хамтаараа урагшлан хөгжихөд уриалан дуудаж байна.

"Алив төр улс хөгжин дэвжих арга хүчээ их болгоё гэвэл, ард олон энх амар, уужим дэлгэр жаргая гэвэл эе эв юугаан ямагт хичээгтүн.

Өндөр уулыг зорь, өргөн далайд гар. Хол хэмээн бүү цөхөр. Их хэмээн бүү сандар" гэж найман зууны тэртээ Их хааны зарлигласан захиас гэрээсийг санаж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд шамдацгаая.

Мөнх тэнгэрийн хүч, Хаан эзний сүлд, Хайрхан уулын тэнгэр монгол хүн бүрийг ивгээж, хийморь зоригийг бадраах болтугай.

Их эзэн Чингисийн Монгол Улс мөнхөд оршиг.

Хурай Хурай Хурай" гэжээ.
 

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • p i z d a 2015-05-28 12:07:54
    novshnuud erunhiilugch bolj chadahgyi yhlee yu
  • Зочин 2015-05-28 01:07:10
    Ард иргэдээ албан тушаал, бэл бэнчин, өнгө төрхөөр нь 2 хувааж тайлга тахилгад оролцуулдаг шинэ ёсыг энэ хүн бий болголоо.Ичиж амьдраасай.
  • kkkkkk 2015-05-27 14:22:53
    kkkkkkkk