Шүүх байгуулахыг байнгын хороо дэмжжээ
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлуудын нэг нь Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ болоод холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал байв.Хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулсан байна.
1992 оны Үндсэн хуульд зааснаар шүүхийг гагцхүү хуулийн дагуу байгуулна. Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно гэж баталгаажуулсан билээ. Үндсэн хуульд заасан ёсоор 1993 оны зургаадугаар сарын 14-ний өдөр, 2013 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр тус тус Шүүх байгуулах тухай хуулийг баталсан.

Гэвч Үндсэн хуулийн цэцийн 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэг, 2 дугаар зүйлийн нэг, хоёр, гурав дахь хэсгийн 6, 11 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан энэ хуулийн төслийг боловсруулсан гэнэ.

Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулах,Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, мөн Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг Сум дундын 8 шүүхийг дагнан байгуулахгүйгээр хуулийн төсөлд тус тус тусгажээ.

Шүүхийн нэрийг тухайн шүүхийн харьяаллын засаг захиргааны нэгжийн нэрээр нэрлэх юм. Тухайлбал, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх”, “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэх мэт.

Шүүхийг дагнан, бүсчлэн байгуулснаар шүүхүүдийн харилцан адилгүй ажлын ачаалал жигдрэх, орон нутгийн захиргааны байгууллагаас шүүх хамааралгүй болж, шүүхийн бие даасан байдал хамгаалагдах, шүүгч хэргийн төрлөөр дагнан мэргэших, шийдвэрийн чанар сайжрах улмаарзөрчигдсөн эрхээ хамгаалуулах шүүхэд хандсан иргэдийн эрх ашигт бүрнээ нийцэж, иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрхийн нэг үндэс болно гэж үзэж байгаа юм байна. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, сууриа илэрхийлсний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.