Эрчим хүчний салбар ганц шувуунд дээрэлхүүлэхгүй
Өнгөрсөн бүтэн сайны өглөө Улаанбаатар даяар цахилгаан тасарч, тэр аяараа газын зуухны эрэлд гарцгаасан билээ. Хотын гудамжаар дүүрэн троллейбус  таг зогсож, явган харайлгах хүмүүс гудамжаар нэг багширсан. Улаанбаатарыг тэр чигээр харанхуйлуулсан хэргийн эзнээр нэг муу жаахан богширго шувуу тодорч, “Ишш чааваас ганц муу шувуунаас болж хот даяараа харанхуйлж байдаг таарч дээ” гэцгээгээд өнгөрсөн.
 
Болсон явдлын учир нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит ХХК-ийн 220/110 35 квт-ын Улаанбаатар дэд станцад богиноо холболтын улмаас гал гарч үүнээс үүдэн нийслэлчүүд цахилгаангүй болсон байдаг. Галын шалтгаан нь дэд станцын хаалтны завсар зайгаар өчүүхэн жаахан богширго нисч ороод хүчдэлд наалдан богино холбоо үүсгэж л дээ. Түргэн авсан Нийслэлийн онцгой байдлын газрын Гал унтраах, гурван анги хүчээ нийлүүлж, 22 албан хаагч ажиллаж байж нэг юм галыг унтраасан байна лээ.
 
Улаанбаатар дэд станцад гал гарсны улмаас III IV цахилгаан станцын шугамд хүчдэлийн савалт үүсч, нийслэл даяар цахилгаан тасарсан юм билээ. Тэгвэл өчүүхэн ганц муу шувуунд хойшид ийнхүү чадуулаад байхгүйн тулд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тавдугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар эрчим хүчний салбарт хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
 
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийг энэ онд эхлүүлнэ
 
Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд 8-10 хувиар өсч байгаагаас 2012-2013 оноос эхлэн төвийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орж эхэлжээ. Иймд “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 35 МВт- ын турбонгенератороор өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн гүйцэтгэгчийг зохих журмын дагуу сонгон шалгаруулж, гүйцэтгэгчтэй түлхүүр гардуулах
нөхцөлөөр гэрээ байгуулан 2015 онд ажлыг нь эхлүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгав. Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг Хөгжлийн банкны гүүрэн санхүүжилтийн механизмаар шийдвэрлэхийг тус банкны төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн сайд, Эрчим хүчний сайд нарт үүрэг болгожээ.
 
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц 1987 онд ашиглалтад орсон, 150 мянган цаг ажиллахаас 204 мянган цаг хүртэл хэтэрч ажиллаж, ашиглалтын хугацаа дууссан гэнэ. Мөн Орхон аймагт ашиглалтад орох төмөрлөгийн үйлдвэр, “Эко”, “Өнөр”, “Залуус”, “Элит” хорооллууд болон тус аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хэд хэдэн хорооллыг шинээр барихаар төлөвлөсөн. Иймд цахилгаан, дулааны эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага үүсжээ.
 
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК- ийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлснээр Эрдэнэт хот болон төвийн бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгийн эрчим хүчний систем сайжирч, тухайн бүс нутгуудад шинээр барилга байгууламж барих, бусад дэд бүтцийн төслүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэх аж. Тус станцыг шинэчлэх төслийн нийт өртөг 55 сая ам.доллар бөгөөд 10 гаруй жилд өртгөө нөхөх, жилд 7.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах тооцоог хийжээ.
 
Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг эхлүүлнэ
 
Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг нэмлээ. Энэ төслийн хүрээнд 220 кВ-ын 2 хэлхээт 72,3 км цахилгаан дамжуулах шугам, төслийн талбар дахь 110/10 кВ-ын түр дэд станц, Эрдэнэт дэд станцын 110 кВ хүчдэлийн түвшин талын нэг гаргалгааны өргөтгөл, Эрдэнэтийн Говил тосгоноос төслийн талбар хүртлэх 73,9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээгүүр гарах гүүр зэрэг ажил багтаж байгаа юм. Эгийн голын усан цахилгаан станц нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож тохируулга хийх, оргил ачааллын үед импортыг орлох стратегийн ач холбогдол бүхий обьект бөгөөд эрчим хүчний сүлжээний найдвартай ажиллагааг хангах чиглэлээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой тул Концессын тухай хуульд заасны дагуу станцын эхний шатны ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгэхээр шийдвэрлэлээ. Урьдчилсан шатны ажлын зураг төслийг зохих журмын дагуу боловсруулж, магадлал хийлгэсэн бөгөөд барилгын ажлын өртөг 61,3 сая ам.доллар гэж тооцоолсон байна. Төсөл санхүүжүүлэх хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс эргэн төлөхөөр шийдвэрлэсэн байна.
 
Ийнхүү Монгол Улсын Эрчим хүчний салбар ганц муу шувуунаас болж доголддог байдал удахгүй түүх болох аж.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-27 09:15:28
    Энхтүвшин сэтгүүлч ямар ч хамаагүй мэдээ бичиж мөнгө цохих гээд мэдээний түүвэр нийлүүлж бичихийн тулд шувууны үлгэр зохиосон юм биш үү.